sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан "Стандарт" банкнаас зээл авч, түүнийгээ улсын мөнгөөр дарсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 
Тэрээр : “Ардчилсан намын  Улс Төрийн Зөвлөл хуралдан,   "Эрдэнэт" үйлдвэр 40 сая ам.долларыг "Стандарт" банкинд төлсөнтэй холбоотойгоор тодорхой асуудлыг судалж, шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзсэний үндсэн дээр Ажлын хэсэг байгуулсан.
 
"Эрдэнэт" үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэгжүүлдэг луйврын схем явсан байж магадгүй байна. Оросууд бизнес хийхдээ тодорхой схем зурдаг. Тодруулбал, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчит компанийг оролцуулдаг. Хувийн компаниуд ашигтай ажиллаж, харин төрийн өмчит компани нь луйврын золиос болдог. Яг ийм схем уг үйлдвэрт хэрэгжсэн байж магадгүй.
 
“Осеаn Раrtners” гэх компани "Стандарт" банкны 40 сая ам.долларын зээлийг төлөхөд оролцсон байна. Энэхүү компани нь 1998 оноос хойш "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарч ажиллаж ирсэн. Өнөөдрийн ханшаар тооцвол нийтдээ 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг "Эрдэнэт" үйлдвэрээс авч борлуулжээ. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай уг компани маш ойр нягт хамтарч ажиллаж ирсэн нь ойлгомжтой. Мөн энэхүү компани нь “Жаст”-ын Г.Батхүүг "Стандарт" банкнаас зээл авахад тусалсан. Зээлийг нь төлөхөд ч дахин оролцлоо. Тэгэхээр “Осеаn Раrtners" компани энэ зээлийг өгч, "Стандарт "банкийг нэр төдий ашигласан байж магадгүй байна. Ямар ч  олон улсын банк 110 сая ам.долларын асуудалд ороод тэр нь Арбитрын шүүхийн шийдвэрээр өөрт нь ашигтай гарчихаад байхад мөнгөө бүрэн олж авахыг л бодно. Гэтэл "Стандарт" банк үүнээс татгалзаад 40 сая ам.доллар дээр бууж байна гэдэг бол “Осеаn Раrtners’’ гэх компани "Стандарт" банкны нэрийг ашиглаад Ш.Батхүү гэдэг хүнд зээл өгсөн байх магадлалтай болгож байна. Дээр хэлсэнчлэн “Жаст’’-ын Ш.Батхүү, “Осеаn Раrtners” хоёр бизнес хийхдээ улсын "Эрдэнэт" үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй байна” гэх мэтээр дурьдав.
 
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.