sonin.mn
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын орд нь өндөр агууламж бүхий цайр,хар тугалга, мөнгө голлосон уран, газрын ховор элементээр баялаг орд юм. Энэ ордыг хуучнаар ЗХУ-ын геологичид 1986 онд нээн илрүүлж далд уурхайн байгууламжийг барьж ашиглалтад оруулан олборлолт явуулж байсан, өөрөөр хэлбэл Монгол улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдолтой орд юм.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх уг ордод хамаарах 1562 X тоот тусгай зөвшөөрлийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдох асуудлаар 2012 онд Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь" ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хариуцагчаар АМГ-ыг, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр “ДСД Жаргалант” ХХК-ийг татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан юм.
 
Нийслэлийн прокурорын газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мөн л уг 1562 X тоот тусгай зөвшөөрлийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдох асуудлаар 201201050698 дугаартай эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа явагдаж байсан болно.
 
Яг энэ үед “Шинь Шинь" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Урнаа, өмгөөлөгч С.Цэрэндорж, “Хунбөө” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдорж нар нь 1562 X тоот тусгай зөвшөөрөлд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар иргэний хэрэг үүсгүүлэхээр СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгүүлсэн байна. Эдгээр нэр бүхий этгээдүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа 201201050698 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан НПГ-ын 2012 оны 10 сарын 16 өдрийн 745 А дугаартай тогтоолыг хүчинтэй байгаа мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн бол уг тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг сэргээсэн НПГ-ын 2012 оны 10 сарын 29-ний өдрийн 26 дугаартай тогтоолыг санаатайгаар гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан байна. Мөн тэрчлэн тухайн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг ч мөн нэхэмжлэлдээ дурдалгүй нууцалжээ.
 
Энэ бүхнийгээ анхнаасаа сайтар төлөвлөн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Дашдаваа, шийдвэр гүйцэтгэгч М.Энхзул нартай үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн болох нь хамтрагчдынх нь үйлдлээр нотлогддог юм. Д.Дашдаваа, М.Энхзул нар нь төрийн албан хаагчийн хувьд эрх ашиг нь хөндөгдсөн "ДСД Жаргалант” ХХК-д “Шинь Шинь” ХХК-ийн гомдол, нэхэмжлэлийг мэдэгдэх, гуравдагч этгээдийн хувиар эрх, үүргээ хэрэгжүүлж хууль ёсны эрх ашгаа хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд хариуцагчийн эрх үүрэгтзй оролцогчийн хувьд ИХШХШтХ-ийн 25.2.1, 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн тусгай зөвшөөрөлтэй холбогдох захиргааны болон эрүүгийн хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байв. Гэвч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар хэрэгжүүлсэнгүй, 1562 X тоот тусгай зөвшөөрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 201201050698 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар, мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд  захиргааны хэрэг үүсгэсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар шүүхэд тайлбар өгөөгүй нуун дарагдуулжээ.
 
Өөрөөр хэлбэл С.Цэрэндорж, Ш.Батдорж, М.Урнаа нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд атлаа СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль зөрчиж байгаа талаар тайлбар өгөх үүргээ санаатайгаар хэрэгжүүлээгүй байна.
 
С.Цэрэндорж нарын этгээдүүдийн СБД-ийн шүүхэд хүчинтэй мэтээр гаргаж өгсөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 745 А тоот тогтоол нь хүчингүй болсон тул иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохгүй талаар санаатайгаар тайлбар өгөөгүй, уг тогтоолыг хүчингүй болгосон 26 тоот тогтоолыг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй зэрэг эс үйлдэхүй нь Д.Дашдаваа, М.Энхзул нарын этгээдүүд хууль бус шүүн таслах ажиллагааг зохион байгуулахад санаатайгаар бусадтай хамтран оролцсон болохыг нь нотолдог болно. Эдгээр албан тушаалтнуудын илт хууль бус үйл ажиллагаа нь төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл мөн болно.
 
Шүүгч Золзаяа нь ИХШХШтХ-ийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу эрх ашиг нь ноцтой хөндөгдсөн “ДСД Жаргалант” ХХК-ийг гуравдагч этгээдийн эрх үүрэгтэйгээр оролцуулах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, мэтгэлцээний дундаас нэхэмжлэлийг бодит байдалд нийцүүлэн, үнэн зөв, хуулийн дагуу шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ умартан бусадтай үгсэн хуйвалдаж санаатайгаар “ДСД Жаргалант ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, Нийслэлийн прокурорын газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд мэдэгдэлгүйгээр, илт хууль бус шүүн таслах ажиллагааг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж явуулсан байна. ИХШХШтХ-ийн 65.1.7 дахь хэсэгт заасан “зохиогчийн маргаж байгаа зүйл ба үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” 65.1.8 дахь хэсэгт заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол давхардуулан иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэхийг хориглосон заалт байдаг тул шүүгч Э.Золзаяа нь бусадтай үгсэн тохиролцсон бузар санаагаа хэрэгжүүлэхийн тулд эрх ашиг нь хөндөгдсөн болон шийдвэр гаргах эрх нь хуулиар олгогдсон хамаарал бүхий этгээдүүдээс нууцлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн 2013 оны 6 сарын 11-ний өдөр 1254 тоот хууль бус шийдвэрийг гаргасан байна.
 
Иймээс төрийн тусгай албан хаагч болох шүүгч Э.Золзаяа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Д.Дашдаваа, М.Энхзул нарын төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл болон шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн С.Цэрэндорж нарын этгээдүүдийн үйлдлийг шалган тогтоож зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү.
 
С.Цэрэндорж нь урьд өмнө нь төрд өндөр албан тушаал хашиж Улсын дээд шүүхийн орлогч дарга, Хүний эрхийн үндэсний комиссын анхны даргаар нь ажиллаж байсан нэгэн бөгөөд ийм итгэл хүлээлгэх ёс суртахуун болоод хувь хүний мөн чанар огт байхгүй этгээд байсан болохыг нь түүний үйлдсэн бузар хэргүүд нотолдог болно.
 
Энэ этгээд урьд өмнө өндөр албан тушаал хашиж байсан нэр нүүрээ ашиглан гадна, дотнын гэмт этгээдүүдийг шүүгч, прокуроруудтай холбон мафи бүлэглэл үүсгэн хууль ёсыг завхруулах ажлыг идэвхтэй хийх болсон билээ. Түүний үйлдсэн, хамтран оролцсон ямар ч бузар хэргийг замхруулан юу ч биш болгон нуун дарагдуулдаг шударга бусын хонгилын прокурорууд байдаг бол, тэрээр хууль зүйн үндэслэлгүй ямар ч нэхэмжлэлээр гэмт этгээдүүдэд ашигтайгаар шийдвэр гаргуулахаа бизнес гэж ойлгон шүүхийг шүүх биш, хуулийг хууль биш болгон хууль ёсыг жинхэнэ утгаар нь уландаа гишгзн завхруулж чаддаг этгээд мөн болох түүний үйлдлүүдээс харагдаж байна.
 
Миний бие "Өдрийн сонин"-ы 2018 оны 093 дугаарт С.Цэрэндорж нь шүүгч Д.Зоригтбаатартай хуйвалдан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан “Шинь Шинь” ХХК-ийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй, Монголын хуулийн дагуу ажиллаж байхад нь хэлмэгдүүлж байна” хэмээн нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шийдвэр гаргуулж хууль бусаар лиценз гаргуулж авсан тухай бичсэн билээ. АТГ энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч 2018 оны 5 сарын 26-ны өдөр “Шинь Шинь” ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл гаргуулсан гэр бүлийн хүмүүс болох Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нар болон Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, өмгөөлөгч С.Цэрэндорж нарт хэрэг бүртгэлийн 180200301 дугаартай хэрэг үүсгэснээс хойш шалгасаар яг нэг жил боллоо.Шалгаж байна гэсэн нэг л хариуг өгсөөр, өдөр хоног өнгөрсөөр, нэг жил талийтал өнгөрчээ. Гаргасан шийдвэрүүд нь хар дээр цагаанаар бичээстэй, хэрэглэх хууль нь хүчин төгөлдөр үйлчилсээр байхад юугий минь шалгаад, юугий нь хүлээсээр байгаа нь ойлгомжгүй. Монголын парламент “Монгол улсын хууль Шинь Шинь ХХК-д үйлчлэхгүй” гэсэн хууль тусгайлан батлаагүй байлтай. 
Хөрөнгө оруулалт хийнэ хэмээн гэрээ байгуулж бусдыг залилан мэхэлж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн 1562 X тоот тусгай зөвшөөрлийг нь “Шинь Шинь” ХХК-д худалдан хохироосон УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдинд холбогдох 201401050207 дугаартай эрүүгийн хэрэг, Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад их хэмжээний ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлон Монгол Улсын хил гаалиар хулгайгаар гарган улсад 107 тэрбумийн хохирол учруулсан “Шинь Шинь” ХХК-ийн холбогдох этгээдүүдэд үүсгэсэн 21147397 дугаартай эрүүгийн хэрэг, эдгээр этгээдүүдийг баривлагдан хоригдож байхад нь оргон зайлах боломжийг олгосон прокуроруудын хэрэг, байгаль орчныг хүнцэлээр гамшигийн хэмжээнд хүртэл хордуулан бохирдуулж хохироосон маш их хэмжээний газар нутаг, байгаль орчныг химийн аюултай бодис болох хунцэлээр гамшигийн хэмжээнд хүртэл, олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 68 дахин ихээр хордуулан бохирдуулж улс орныг хохироосон “Шинь Шинь” ХХК-ийн албан тушаалтнуудад хол богдох 201301000085 дугаартай эрүүгийн хэрэг, СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн шийдвэр гаргуулсан “Шинь Шинь” ХХК-ийн захирал Ван Гуо Шу, өмгөөлөгч С.Цэрэндорж нарт холбогдох 201301042093 ду гаартай эрүүгийн хэрэг, СБД-ийн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүулэн шийдвэр гаргуулсан “Шинь Шинь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Урнаа, өмгөөлөгч С.Цэрэндорж нарт холбогдох 2014250004008 дугаартай эрүүгийн хэрэг, “Шинь Шинь” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд хүчингүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад албан тушаалаа урвуулан ашиглаж мэдээллийн санд бүртгэн хууль бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа нарт холбогдох 201501000172 дугаартай эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон хаасан, эрүүгийн хэргийг нуун дарагдуулсан прокуроруудыг шалгаж зохих хариуцлагыг оногдуулан дээрх эрүүгийн хэргүүдийг сэргээн шалгаж гэмт этгээдүүдийг ял завшуулахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
 
Буруу замаар явбал буцахдаа будаа тээнэ гэдэг, Монгол Улсыг зөв замаар явуулж хууль нь нэг мөр хэрэгждэг улс байлгахад шүүгч прокуроруудын гүйцэтгэх үүрэг амин чухал “сүнс" нь болох учиртай, гэтэл шүүгч прокурорууд нь бүгд мафи болчихвол юун хөгжихтэй манатай, “сүнс" нь зайлж сүйрэл мөхөл рүүгээ явах нь ойлгомжтой. Монгол Улс хууль нь нэг мөр хэрэгждэг улс болж зөв замаар хөгжих болтугай.
 
“ДСД Жаргалант” ХХК-ийн захирал Ө.СЭРГЭЛЭН