sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхайн дүүргийн авто эргүүлийн цагдаа нар энэ сарын 10-нд орон сууцны  11 давхарын цонхоор үсрэх гэж байсан согтуу иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын "102" утсанд "Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд байрлах орон сууцны давхарын цонхоор хүн амиа хорлох гэж байна" гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа-жолооч, дэд ахлагч Д.Лувсансанжаа нар шуурхай очжээ.
Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожилж, цонхны гадна талын тавцан дээрээс үсрэхийг завдсан байна. Энэ үед алба хаагчид тус орон сууцны 11 дүгээр давхарын ослын шатаар дамжин орж, тухайн иргэнийг үсрэх үед гараас нь зуурч амжсан байна. Ийнхүү түүний амь насыг аварч, эрүүлжүүлэхээр саатуулжээ.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг