sonin.mn
Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгах Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд боллоо.
Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд, холбогдох байгууллын удирдлагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь:  "Манай улсад 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72 мянга болж, өмнөх оноос 6,3 хувиар, өрх толгойлсон эцэг 19,9 мянга болж, 3,5 хувиар буурсан байна. 2018 онд 519 удаагийн хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн. 
 
487 хүн хохирсноос 238 буюу 48,7 хувь нь хүүхэд хохирогч болжээ. Хохирогчдын дундаж нас 11 байна. Улсын ерөнхий прокурорын газрын судалгаанаас авч үзэхэд Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ.
 
 Харин хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Судалгаанд хамрагдсан 250 хэргийн хохирогчдын 213 буюу 85.2% нь өөрийн хамаарал бүхий хүмүүстээ хүчиндүүлсэн байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байна. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг. Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох шаардлагатай байна.
Түүнчлэн, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг 93,75 хувьд нь үзүүлээгүй байна. Насан туршдаа сэтгэл зүйн эмгэгтэй үлдэхийг нь хүлээн зөвшөөрсөн байна гэсэн үг.
 
2016-2017 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хохирогчдын 10.8% нь бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6% нь жирэмсэлсэн, 4.2% гэмтлийн дараах эмгэг, хүчирхийллийн дараах сэтгэл гутрал гэсэн сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Том зургаар нь авч үзвэл, бидэнд орхигдож хоцорсон маш том асуудлууд нийгмийн салбарт хуримтлагдаж, бугшсан байгаа. Наад зах нь  сургууль, хороо дүүргийн нийгмийн ажилтны ажлын байрны ачааллыг бууруулж, үндсэн үүрэгт нь бэлгийн дарамтад орж болзошгүй хүүхдүүдийн судалгааг тогтмол явуулах, хамгаалах, хамгийн чухал нь хүүхдийн нэр төр, сэтгэл санааг хамгаалах ажлыг тэргүүнд тавьж, бодит үйлдэл хийхэд чиглүүлэх хэрэгтэй байна" хэмээлээ.
 
Э.Сүрэн