Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч Б ноднин 10 дугаар сарын 15-нд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Түүний аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тэд 13-20 жилийн хорих ял сонсов. 
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх этгээдэд бүлэглэн хүний аминд хүрсэн хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Лундаад 13 жил, Б.Энхбаярт 20 жилийн хугацаатай хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 
Хэргийг эргэн санавал, ноднин 10 дугаар сарын 15-ны 11 цагийн орчимд цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан этгээд Сүхбаатар дүүргийн нутагт явж байгаа мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу тус дүүрэгт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа нар очиж шалгахад, залилангийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан Б.Энхбаяр нь Т.Лундаатай хамт явж байжээ. Энэ үед тэд цагдаагийн шаардлагыг үл биелүүлж, улмаар цагдааг тээврийн хэрэгслээр чирч зугатаасан байна.
Цагдаагийн тархины суурь яс гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Түүний биеийн байдал дээрдэлгүй байсаар 10 дугаар сарын 16-нд нас барсан. Харин сэжигтнүүдийг эрэн сурвалжилж, хэрэг гарсан өдрийн 23 цагт дайчлан баривчилсан юм. Талийгаач Б  цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан турлагатай, шилдэг алба хаагчийн нэг байжээ.
 
 
C. Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг