sonin.mn
Манай улсад 46 боомт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс сүүлийн жилүүдэд зорчигчдын урсгал илт нэмэгдэж байгаа нь ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт юм. Энэ удаа бид Улаанбаатар хотоос 345 км-т байрлах боомтын үйл ажиллагааг сурвалжилсан юм.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын Гаалийн ажилтан Н.Булганчимэг  “Гаалийн шалган нэвтрүүлэх хяналт шалгалтын явцад  хамгийн их гардаг зөрчил нь баталгаагүй эм, тариа хууль бусаар хил нэвтрүүлэх, хадгалах хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн,  химийн бодисыг их хэмжээгээр оруулж ирэх зөрчил илэрдэг” гэсэн юм.  Мөн эдгээр зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авч, боломжтойг нь ашиглаж, улсын орлого болгон хураан авдаг байна.  Тус хилийн боомтоор өнгөрсөн онд улсын нийт төсөвт 2.3 их наяд төгрөгийг бүрдүүлсэн байна. Эндхийн хураагдсан барааны агуулахаар орж үзвэл олон төрлийн эм, эмийн хэрэгсэл, мансууруулах төрлийн эм, хугацаа нь хэтэрсэн архи, хүнсний бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь ангилсан байв. Үүнийг оруулж ирдэг хүмүүс нь дандаа монголчууд өөрсдөө байгаа нь харамсал төрүүлж байлаа.
 
ӨДӨРТ 2000 ГАРУЙ ЗОРЧИГЧ ХИЛЭЭР НЭВТЭРДЭГ
 
Хил нэвтрэх хяналтын үйл явц нь рентген болон биечилсэн үзлэг, аппаратаар хянадаг байна. Харин ачааны машиныг тусгай нэвтрэх хэсгээр оруулан рентгенээр хянаж, зөрчилгүй тохиолдолд гаргадаг байна. Хашаан доторхыг сонирхон харвал, ганц хоёрхон км-ийн цаана ОХУ-ын шовх оройтой бөөрөнхий барилгууд сүндэрлэн харагдаж байлаа. Манай улсын хилээр гарахдаа иргэд биеийн байцаалт, машиныхаа тээшийг шалгуулаад л гарчихдаг. Харин ОХУ-ын хил дээр очиход хяналт шалгалт ихтэй, дээр нь нэг машинд 4-5 хүн  яваа учир бичиг баримт, тамга тэмдгийн бүрдүүлэлтийг шалгахад хугацаа нэлээд зардаг хэмээн зорчигчид хоорондоо ярьж байв. Хилээр гарч буй машинуудын ихэнх нь Дархан, Сэлэнгэ аймгийн дугаартай байв.
Өдөрт 2000 гаруй зорчигч, 600 гаруй тээврийн хэрэгсэл орж, гарч  хөдөлгөөнд оролцож байдаг байна.  Зуны улиралд ажлын ачаалал эрс ихэсдэг гэдгийг албаныхан хэлж байв. Гаалийн байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаагаа тасралтгүй 24 цагт ажилладаг аж. Байгаль нуур руу аялах монгол жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Шөнийн 00:00  цагаас хойш иргэд гаалийн татвараас зайлсхийх, хилээр мансууруулах бодис, эм, зэвсэг, хуурамч валют болон байгалийн баялгийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох болсон нь хууль хяналтын байгууллагынханд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж, хяналт шалгалтаа чангатгах шалтгаан болжээ.
 
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Наран “Монголын иргэд ОХУ руу аяллаар болон, албан ажлаар зорчихдоо согтууруулах ундаа их хэрэглэж, дараалал дайрах, хилийн алба хаагчидтай маргалдах зөрчил их байдаг. Мөн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн оруулж ирж буйгаа нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зөрчил их гардаг” гэж байв.
 
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЛАБОРАТОРИТОЙ БОЛНО
 
 
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд цаашид Алтанбулаг хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх, Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС системийн программ хангамж болон техник хангамжийг шинэчлэх, Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийхээр 64 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнийг зөвхөн гаалийн шинэтгэл хийхэд зориулагдах аж.
Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Тамир “Хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэх, хуулиар тогтоосон татварыг дутуу төлөх, татвараас зайлсхийх гэсэн зөрчил их гардаг. Мөн шалгуулахаас зайлсхийж байгаа зорчигчдын тээшинд бид бүхний удмын санг устгаж болзошгүй стандартын бус, зөвшөөрөлгүй, баталгаагүй, бүртгэлгүй эм, эмийн хэрэгсэл байж байдаг. Түүнийг шалгаж, хяналт тавьж, таслан зогсоохын тулд гаалийн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа. Гаалийн байгууллагын удирдлагууд энэ төрлийн зүйлд хяналт тавих улсын байцаагч нараа чадавхижуулах, хяналтын үйл ажиллагааг сайжруулах сургалтад хамруулж байгаа. Мөн бүх хилийн гааль дээр гаалийн салбар лабораторитой болгоно” гэсэн юм.
 
АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД ХООСОН ЧИНГЭЛГҮҮД УГТАВ
 
Цааш чөлөөт бүсийг сонирхохоор бид замдаа гарсан юм. Хилийн боомтоос нэг их холгүй байрлах  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ОХУ-аас хийх худалдааны эргэлт зуны улиралд ихэсдэг байна. Хоёр улсын хооронд визгүй зорчих журам үйлчилж эхэлсний дараа 2015 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийг сүржин гэгч нь хийж байсан билээ. Чөлөөт бүсийн барилга, дэд бүтцэд ч ихээхэн анхаарал хандуулж, худалдааны төв, талбай  байгуулж байсан. Гэтэл өнөөдөр энд “Цайны зам” гэсэн самбар бүхий хоосон барилга, ихэвчлэн импортын бараанууд худалдаалдаг хэдэн жижиг дэлгүүр л байна. Дэлгүүрүүд нь харин төсөөлж байснаас ч дор дүр зурагтай угтаж сэтгэл гонсойлгосон юм. Тэнд цоожтой 10 гаруй чингэлэг эгнэн байх бөгөөд онгорхой хоёр гуравхан л чингэлэг байлаа. Дотогш орж үзвэл архи, чихэрнээс өөр зүйл алга. Эндээс хүмүүс ихэвчлэн ховор төрлийн архи худалдан авах гэж л чөлөөт бүсэд орж ирдэг гэж худалдагч хэлж байв. Үнэндээ тэнд архинаас өөр бараатай дэлгүүр бараг байсангүй. Оросын талаас орж ирж, наймаа хийж байгаа хүн нэг ч байсангүй.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин