sonin.mn
Болоод өнгөрсөн юм шиг атлаа болохгүй үргэлжлээд байгаа хууль бус асуудлыг зохиолч, сэтгүүлч яруу найрагчдын уран гоё үг хэллэг найруулга, зохиомжгүй бодит үйл явдлын дарааллаар олонд дуулган сонордуулах нь:
 
Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Танхимын Тэргүүн Шүүгч М.Батсуурийг санаатай хууль зөрчиж хэргийн оролцогч нэг талд давуу байдал бий болгосон, зориудаар хууль буруу хэрэглэсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж хардаж байгаа. Гэтэл М.Батсуурь асуудлыг ганцаараа бус бүрэлдэхүүнээрээ шийдсэн гэдэг болжээ.
 
Хардаж байгаа үндэслэл нь: Барилга барих газар олголтыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон газар дээр Барилга угсралтын ажлыгэхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлж барьж байгаа барилгыг зогсоохгүй дуусгаж улсын комисс хүлээн авсан актыг шүүх зөв гэж шийдсэн асуудал байгаа юм. Энэ асуудалтай холбоотой хууль бус олон баримт дараа нь илэрсэн байгаа. Шүүх хурлыг хэн даргалж, ямар бүрэлдэхүүн оролцож байсныг ил болгохоор дарга шүүгчийн чанар танигдаж бодлого нь ойлгогдох байх гэж бодлоо.
 
Эхлээд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал 2013 онд барилга хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож мөн оны арваннэгдүгээр сард давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнд үл үзэгдэх гар оролцсон байх магадлалтай гэж хардаж байгаа.
 
Дараа нь 2014 оны нэгдүгээр сард Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн О.Зандраа даргалж шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж барилга хүлээж авсан улсын комиссын актуудыг хүчингүй болгосон нь ганцхан удаа хуульд нийцэж гарсан шударга шийдвэр юм. Энэ шүүх хурлын бүрэлдэхүүнд байсан шүүгчид дараагийн хурлуудад үзэл бодол нь өөрчлөгдөөд байсан нь хэнтэй юутай холбоотойг шүүн тунгаах биз.
Гуравдагч этгээд С.Нямдаваа дээд шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах гомдол гаргаж. Захиргааны хэргийн шүүх бүх шатандаа сандралд орж байгаад М.Батсуурь танхимын тэргүүн болонгуут С.Нямдаваа гомдлоо татаж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт болгож өөрчиллөө.
 
ХҮСЭЛТ НЬ:
 
“...Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт, түүнд хавсаргасан бусад баримт, мөн барилгын газар шорооны ажлаас эхлээд барилгын ажлын бүх үе шат болгонд үйлдэгддэг баримт болох Ил далд ажлын актууд, барилгын ажлын өдөр тутмын үйлдлийг баримтжуулдаг ажлын журнал зэрэг нийт 17 хавтас баримтыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн хянуулахаар хүсэлт гаргаж байна. ...Эдгээр нь хэрэгт авагдаагүй, шүүхэд хэлэлцэгдээгүй, хэргийг оролцогчдод мэдэгдээгүй мэдэгдэх боломжгүй ...” баримтууд гэжээ.
Барилгын ажил гүйцэтгэгч компани Тэг тэнхлэг татахыг, Ил далд ажлын акт үйлдэхийг мэдэхгүй, Ажлын журнал хөтлөхгүй байж болдог юм уу.
С.Нямдаваагийн хүсэлтийг нь хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан И.Баттөгс ацаг шүдний зөрүүгүй хуулан бичиж шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шүүхийн шийдвэрийг хянуулахаар шүүхэд хүсэлт гаргав. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгын Тэг тэнхлэг татахыг, Ил далд ажлын акт үйлдэхийг, Ажлын журнал хөтлөхийг шалгахгүй барилга хүлээж авна гэсэн хууль журам байдаг уу?
 
Дээд Шүүхийн Захиргааны Хэргийн Танхимын Тэргүүн М.Батсуүрь дээрх хоёр хүсэлтийг олзуурхан хүлээн авахаар шийдсэн бололтой шүүх хуралдаан зарлан М.Батсуурь, Л.Алтанцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Цэцгээ нарын бүрэлдэхүүн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэснээр ганц удаа хуульд нийцэж гарсан 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон 2014 оны дөрөвдүгээр 21-ний өдрийн 39 дугаартай шүүхийн тогтоол гаргав. Ичиж амьдраач. Эндээс хурал даргалагчийн байр суурь, зорилго харагдаж байгаа.
 
Асуудлыг хамгийн шударга бусаар шийдвэрлэх хувилбар болсон хүчирхийллийн арга буюу хууль буруу хэрэглэх эхлэл нь 39 дүгээр тогтоол болсон. Ингээд шүүхийн анхан шатнаас хууль зөрчин асуудал шийдвэрлэгдсээр эцэслэгдсэн. Үр дүнд нь хотын төвд "Голден парк" хотхон гэж ямархуу газар буй болчихоод байгааг ирээд хараач, амьдраад үзээч.
Үүний дараа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 онд Улсын мэргэжлийн хяналтын газарт “...Голден парк хотхон... газрын эрх болон тухайлан батлагдсан ерөнхий төлөвлөгөө байхгүй ...” гэсэн бичиг өгсөн нь ил боллоо.Үүнийг нь тус газрын архиваас лавлагаа авч баталгаажууллаа. Иргэний хэргийн шүүхэд хүсэлт гарган архивт үзлэг хийлгэн ерөнхий төлөвлөгөө байхгүй болохыг баримтжуулаад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргав.
Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг М.Батсуурь даргалж шүүгч Л.Алтанцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүн оролцож хүсэлтийг хангахаас татгалзаж 2016 оны арваннэгдүгээр сарын 01- нд 110 дугаартай шүүхийн тогтоол гарав. Энэ нь ерөнхий төлөвлөгөөгүй барилга барьж болдог гэсэн агуулгатай байгаагаараа хууль зөрчсөн байна.
 
Дараа нь Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тэг тэнхлэг татахыг, Ил далд ажлын акт үйлдэхийг, Ажлын журнал хөтлөхийг барилгын ажил гүйцэтгэгч компани хариуцдаг. Түүнийг шалгах ажлыг мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гүйцэтгэдэг гэсэн бичиг ирсэн. Хоёр байгууллага мэдэхгүй мэдэх боломжгүй гээд байсан зүйл худал болох нь тодорхой баримтаар нотлогдохоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргасан.
 
Шүүх хуралдааныг М.Батсуурь даргалж шүүгч Л.Алтанцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүн оролцож, 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Хууль бус үйлдээ мөн ч хатуу байр суурьтай хамгаалж байгаа нь дахин батлагдлаа. Хуулинд захирагдаж, хуулийг мөрдөж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ голч, цэгц шударга байж, гэмт хэрэг зөрчлийг үнэн зөв шийдвэрлэх үүрэгтэй шүүгч ийм л шийдвэр гаргаад байдаг юм. Үүнийг нь хараат бус, нөлөөлөлд авталгүй шударга ажиллаж чадсангүй гэж үзэж байгаа.
 
М.Батсуурийн бүрэлдэхүүн гэсэн бүх хүний нэрийг бичсэн. Гэхдээ бүгдийг буруутгаж хардахгүй байгаа. Бүрэлдэхүүн гэдэг бол гэм буруутанг хамгаалдаг хэрэгсэл, хорогддог байр биш. Хамт олон бүлэг хүмүүс хууль зөрчин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд удирдаж ахалсан этгээд, эвээс албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэм буруутай үйлдлийг таслан зогсоож чадаагүйн төлөө удирдлага хариуцлага хүлээдэг босоо тогтолцоо байгаа учраас удирдлагаас хариуцлага нэхээд байгаа нь ийм учиртай юм.
 
Бүх хүн хууль буруу хэрэглэх санал нэгдэж өөрсдийнхөө нэр хүндийг унагаж, үнэлэмжээ доошлуулдаг шүүгчид байхгүй. Тэр дундаа танхимын тэргүүнийхээ өөдөөс харж суугаад тийм ичвэргүй гэнэн алдаатай үг хэлдэг шүүгч Дээд шүүхэд байж таарах уу, тэд дараа нь юу болох хэн буруутахаа мэддэг мэргэшсэн хуульчид бүрэлдэхүүн дунд танхимын тэргүүн ямар үүрэг рольтой оролцсоноо М.Батсуурь эргэж харах байгаа. Олон удаагийн хууль бус үйлдэл нь өөрчлөхөөс аргагүй болгосон байх шүү.
Бүрэлдэхүүн гэдгээр өөрийгөө хамгаална гэж тооцоо хийсэн нь тун ядмаг арга байна. Бүрэлдэхүүн гэдэг үг олон яригдах тутамд шүүх байгууллагыг бүхэлд нь муухай харагдуулна. Түүний оронд нэг хүн буруугаа хүлээж уучлалт гуйх нь ёс зүйтэй асуудал юм. Хамт олонд буруу байдаггүй, удирдлагад буруу байдаг. Нөгөө талд нь М.Батсуурийг хамгаалж байгаа арга нь дэндүү бөөрөнхий бохир байгааг ч хэлэхгүй байж чадахгүй байна.
 
М.Батсуурийг зөвтгөөд байгаа хуульч эрх зүйчид та нар чаддаг юм бол улсын хэмжээнд баригдаж байгаа бүх барилгыг газар олголтгүй,ерөнхий төлөвлөгөөгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй, улаан шугам татаж, ил далд ажлын акт үйлдэж, ажлын журнал хөтөлж, цаг алддаггүй дуртай нь хүссэн газраа барилга барьдаг хуультай болгочих. Тэгж чадахгүй байж далд гараа татаач гэж та нараас гуйж байна.
 
Хамтарч хууль буруу хэрэглэхгүй байхыг хүсч байна. Хууль эрх зүйн боловсролыг эзэмшсэн хүний соёл, ёс суртахуун гэж хамгийн нэр хүндтэй зүйл байх болов уу гэж бодож шударга байгаач гэж хэлэх байна.
 
 
Иргэн Г.Аюушмаа