sonin.mn
Улсын Их Хурлын Гишүүдэд илгээх ил захидал
 
Улсын Их хурлын эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Засгийн газар бэлчээрийн тухай хууль боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Уг хуульд бэлчээрийг малчдад 40 хүртэлх жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаад байна. Ийнхүү эзэмших, ашиглах, бэлчээрийн хил заагийг улсын хилийн шугам шиг нарийн хэмжин тогтоож өгөхөөр заажээ. Ингэснээр малчид хил зааг нь тодорхой тогтоогдсон, хязгаартай нутагт бэлчээрийн газрыг гэрээгээр хүлээн авч, энэ хүрээндээ малаа маллаж, насан туршдаа амьдрах болж байна.
Малчны хэмжүүлж авсан бэлчээрийн газарт хэдэн толгой мал маллаж болохыг тогтоож хэрэв тогтоосон тооноос хэтэрвэл уул малыг борлуулах даалгавар өгөх асуудлыг төрөөс зохицуулахаар хуульчлах гэж байгаа юм байна. Гэрээгээр ашиглах, эзэмших бэлчээрт бусдын мал орохыг хориглож, бэлчээрийн даацаас малынхаа тоо толгойг хэтрүүлэн өсгөсөн малчинд ял шийтгэл ногдуулахаар хуульд тусгасан нь Монгол хүний санаанд багтахааргүй зүйл байх юм. 
 
Энэ бол хатуухан хэлэхэд улс орны маань гол үндэс болж, хүн амыг олон зууны турш тэжээсээр ирсэн одоо ч тэжээж байгаа Монгол малаа устгах бодлого барьж байнауу даа гэх харамсал төрж байна.
 
Ийм хууль гаргаж болох уу? Бэлчээрийн тухай асуудал бол хэдхэн малчны асуудал биш Монголын 3 сая хүн хоолтой байхуу? Хоолгүй байхуу? Мах идэх үү, идэх бол ямар үнэтэй мах идэх вэ? гэдгийг хөндсөн том асуудал юм. Нэг үгээр хэлбэл үндэсний аюулгүй байдлын хүрээнд ч авч үзэх асуудал болох билээ. Энэ утгаараа үндсэн хуулътай энэ тэнцүүхэн ач холбогдолтой том хууль болно. Энэ хууль батлагдаж гарвал урьдчилан тааж хэлэхийн аргагүй сөрөг үр дагавар гарах нь тодорхой.
Наад зах нь хэмжээтэй бэлчээрт бэлчээрийн мал тогтохгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган зуд, гал түймэр, шуурга салхи, халдварт өвчин гарвал яах вэ!
Өвөлжөө, хаваржаа, зунжаа намаржаагаа яаж зохицуулах вэ! /Бэлчээр усаа булаалдсаны улмаас нэг нь нөгөөгийнхөө аминд хүрч байсан гашуун сургамжийг санахад илүүдэхгүй/ Хүн, малыг ундаалах ус тэр бүр эзэмшлийн газарт байхуу. Удам залгаж айл гэр болж байгаа малчны хүүхдүүдэд хаанаас ямар бэлчээр эзэмшүүлж ашиглуулах вэ! Тэд өвөг дээдэс, аав ээжийнхээ мал маллах уламжлалыг хэрхэн авч үлдэх вэ
Малчдын залуу халаа бэлтгэх асуудал ингээд дуусгавар болох юм уу!
 
Олон мянган жилийн түүхтэй дэлхийд гайхагддаг нүүдлийн соёл иргэншил маань ямар түвшинд хүрэх бол! гээд олон асуудлыг яаж шийдэх нь тодорхой бус гарц шийдэл нь ч хуулйин төсөлд тусгалаа олоогүй байна. Ер нь эдгээр асуудлыг хуульчлах ямар ч боломж байхгүй юм.
 
Нэг зүйлийг онцлон хэлэхэд:
 
Бэлчээрийг эзэмшүүлж ашиглах тухай энэ хууль гарвал бэлчээрийн мал устаж, үгүй болох аюул нөмрөх нь дамжиггүй. Энэ дотроос эхний хэдэн жилд монгол адуу устаж, үгүй болоод хэдэн чөдрийн морь л үлдэх байх.
Учир нь адуу гэдэг мал бол хэмжээтэй бэлчээрт байдаг амътан бишээ. Үүний учир эрхэм төрийн түшээд минь ийм хууль баталж болохгүй гэдгийг хэлье. Ер нь малыг эмчилж эдгэрүүлэх, арчилж хамгаалах гэхээсээ бэлчээр нутгийг нь зөв сонгож адуулан маллаж чадвал мал чинь өөрөө бэлчээрээ сонгон идээшилж хэрэгцээт эрдэс тэжээлээ олж авч чаддаг өөрийгөө эрүүлжүүлж байдаг амьтан шүү дээ.
 
Монгол төрд шургалсан хулгайчдын гарт бид үнэтэй цэнэтэй, өнгөтэй өөдтэй бүхнээ алдсан. Тэд хананд өлгөсөн зургийг хүртэл цөлмөсөн. Гэсэн хэдий ч бид бэлчээрийн газар нутгаа, эрдэнэт мал сүргээ авч үлдсэн. Үүнийхээ ач буянаар өнөөдөр хоолтой ундтай, элбэг, дэлбэг амьдарч байна.
 
Дэлгүүрийн лангуунд давснаас өөр юмгүй, байсан зах зээлийн хүнд бэрх жилүүдийг малынхаа буянаар өлсөхгүй даван туулсан. Эдүгээ мал сүрэг маань 66 саяд хүрч өслөө. Энэ бүхэн бол малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр дүн, мал сүргийн маань буян заяа юм.
Гэтэл саяхнаас мал малчин хоёр ад шоо үзэгдэн бэлчээр доройтуулагч байгаль сүйтгэгч гэсэн нэр цол зүүх болов. Бэлчээр доройтоход мал, малчин хоёр ямар буруутай юм бэ? Тэдний бурууг нотолж тогтоосон шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн баримт нотолгоо хаана байна вэ? Зүгээр л мал олон боллоо, тэгэхээр бэлчээр муудаж таарна гэсэн таамаг төдий үгээр малаа цөөлөх төрийн бодлого гаргах гэж үү! Энэ бол дэндүү өрөөсгөл алдаатай бодлого шүү.
Бэлчээрийг доройтуулсан олон хүчин зүйл бий. Үүний нэг нь малын бэлчээрт олгосон уул уурхайн олон мянган лиценз, том жижиг уурхайнууд гол горхийг ширгээж бэлчээрийг сүйтгэснийг яагаад ярихгүй байна вэ! Ган болж байна, огтоно царцаанд олон аймаг сумын нутаг нэрвэгдэж бэлчээргүй болж байна. Байгалийн энэ гамшигтай тэмцэх талаар хуруугаа ч хөдөлгөхгүй зүгээр л хараад сууж байна шүү дээ.
 
1990 оноос өмнө үлийн цагаан огтоно, бусад мэрэгчид, шавьжтай тэмцэх, олон аргыг хэрэглэж үр дүндхүрч байсан одоо энэ ажил бүрэн орхигджээ. Хэдэн сумын мал багтах олон мянган га бэлчээр усгүйгээс ашиглагдахгүй байхад түүнийг усжуулж бэлчээрээ тэлэх арга хэмжээ авч болох байсан ч юуч хийхгүй байна.
 
Мал аж ахуйн талаар төрөөс явуулж байсан бодлогоо эргэн нэг харъя. Саяхан болтол малаа өсгөсөн малчдыг мянгат малчин, улмаар улсын сайн малчин, гавъяат малчин, хөдөлмөрийн баатар, цол өргөмжлөн шагнаж урамшуулж байсан биздээ. Гэтэл өнөөдөр яагаад эдгээр хүмүүсээ малаа өсгөж тоо толгойг олширууллаа, бэлчээр сүйтгэгч гэж харааж, зүхэх болов! Ийм байж болохуу? Ингэж бүх бурууг мал, малчин хоёрруу чихэн хэрэг дээрээ Монгол малыг устгах далд санаа бүхий хуулийн төсөл Их Хуралд өргөн барихаар бэлэн болоод байгааг Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн маань анхааралдаа авч энэ асуудалд “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар туйлын хариуцлагатай хандахыг хүсэж энэхүү ил захидлыг илгээж байгааг минь хүлээн авна уу.
Бидэнд хууль хэрэгтэй. Гэхдээ бэлчээрийн тухай хууль гэхээсээ өмнө мал сүргээ хэрхэн яаж хамгаалж өсгөн үржүүлэх, усгүй бэлчээрийг усжуулж тэлэх, бэлчээрийг хамгаалж сайжруулах арга зүй, цөлжилтийг зогсоох, мэрэгчид болон царцааны нүүдэлтэй тэмцэх, малаа эрүүлжүүлэн чанаржуулах, дотоодын зах зээлийг хямд үнэтэй махаар хангах, гадаад зах зээлд борлуулах зэрэг олон олон асуудлыг эрх зүйн хувъд нь зохицуулах тулгамдсан асуудлууд хуримтдлагдаад байгааг анхаармаар юм шиг санагдана.
Ер нь монгол орны хэмжээнд бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлж ашиглуулах цаг хугацаа нь болсон юмуу? Тийм бэлтгэл нь хангагдаж, нөхцөл боломж нь бүрдсэн юмуу. Эрхэм гишүүд ээ!
 
 
С.Батсүх                       -АИХ-ын депутат, сумын нэгдлийн дарга асан
Д.Гансүх                        -Сумын нам, захиргааны дарга асан
Ба.Сүхбаатар                -Сумын ИТХ-ын дарга асан
Ч.Бишхүү                       -МАА-н мэргэжилтэн, малын гавъяат эмч
Л.Бадарч                        -ХАА-н ахмад мэргэжилтэн
Ш.Дашням                     -Захиргааны байгууллагын ахмад ажилтан
Л.Халтар                        -Аймгийн хоршоодын холбооны дарга
Ж.Энхбаатар                 -Төрийн байгууллагын ахмад ажилтан
Ж.Баярсайхан               -Төрийн ахмад ажилтан малчин
Д.Сугар                           -Баруун-Урт сумын 1 дүгээр багийн малчин
Ж.Цагаан                       -Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин
Ж.Батсуурь                   -Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөөгийн бодлогын зөвлөх
Б.Сүхбаатар                  -Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан