sonin.mn
С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Б.Хурц нарын 9 хүнийг буруутган шалгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг нь өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай болж байна.  ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын нэр холбогдоод байгаа билээ. 
Тэднийг эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал Б.Хурц нарыг буруутгаад буй зүйл ангид...
133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлл хугацаагаар баривчлах,эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 
 
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах учиртай. Гэвч хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар Б.Хурц нарын өмгөөлөгчид ажиллаж байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Уг хэргийг Монголын шүүх, хуулийн байгууллагууд үнэн зөв шийдвэрлэж чадах уу тэд улс төр бизнесийн бүлэглэлд үйлчлэх үү гэхчлэн олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж байгаа билээ. 
 
Ямартай ч Б.Хурц нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг төв аймгийн шүүхэд хаалттай болж байгаа бөгөөд С.Зориг агсаны гэргий Б.Булган хохирогчоор оролцож байна. 
 
 
С.Од