sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
 
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас маш нууцын зэрэглэлтэйгээр зургаадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлжээ. Энэ дагуу шүүх хуралдааныг энэ сарын 12-нд хаалттайгаар эхлүүлсэн. 
Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяраас өчигдөр тодруулахад, "Шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй. Шүүгдэгч, хохирогч нарыг асууж дууссан. Одоо гэрч нарыг асууж байна. Эл хэрэг нь Төрийн болон албаны тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэй. Тиймээс шүүх хуралдаан хаалттай болж байна" хэмээсэн юм. 
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ, "Эл хэрэг нь 2002 оны хуучин эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Тус хуульд заасны дагуу эрүү шүүлт нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хамаарна. Харин хохирогч нарт гар хүрсэн нь ялтан байсан тул хоригдлуудын хоорондын маргаан гэж явах ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байв. Шүүхийн байрны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд цугласан байгаа бөгөөд "С.Зоригийн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг сэжигтнээр байцааж байх үед стандарт хангаагүй, зориулалтын бус өрөөнд ялтантай хамт хорьсон гэх үндэслэлээр буруутай" хэмээн ярьж байлаа. Харин хохирогчийн талаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.
Хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ.
 
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг