sonin.mn
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
 
-Сүхбаатар дүүргийн хувьд нийт гэмт хэргийн хэчнээн хувийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл эзэлж байна вэ?
 
-Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоногт 150-180 орчим дуудлага, мэдээлэл бүртгэдэг. Эдгээр дуудлага мэдээллийн 10-18 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг.
 
 
Цагдаагийн алба хаагчид журамд заасны дагуу хурдан шуурхай очин туслалцаа үзүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийг баталснаар хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлан шийтгэл ногдуулдаг болсон.
 
 
Энэ төрлийн хэргийн дуудлага мэдээллийн тоо тодорхой хэмжээгээр өссөн нь иргэдийн хуулийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Цаашлаад тухайн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг юм. 
 
-Хүчирхийлэлд өртөж буй зарим иргэний хувьд хууль хүчний байгууллагаас эмээн цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол байдаг.
Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?
 
-Иргэдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа мэддэг бол зарим нь энэ талын мэдлэг тун бага байдаг. Үүнээсээ болоод хууль хүчний байгууллагад мэдэгдэхгүй тохиолдол байна. Бидний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Цоожтой хаалганы цаана үйлддэг энэ төрлийн гэмт хэргийг дарж, нууж хэрхэвч болохгүй. Хүчирхийлэлд өртөж буй мэдрэмж төрж байгаа бол та хуулийн байгууллагад хандаж, өөрт тохирсон тусламж үйлчилгээ, зөвлөгөөг авах боломжтой. Иргэд ч энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй өгөх хэрэгтэй. 
 
 
Хүчирхийллийг богино хугацаанд таслан зогсоох нь хамгийн чухал юм. Хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд байдаг нь харамсалтай. Хүүхдийн эрх дураараа өсч бойжих орчинд үйлдэж байдаг учраас үүнд маш мэдрэмжтэй хандах нь чухал. Хүүхэд ямар ч тохиолдолд эцэг, эхтэйгээ хамт байх нь чухал учраас тухайн гэр бүлийг нэгтгэх бүхий л арга хэлбэрийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй юм.
 
 
-2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд шинэ зүйл заалтыг нэмж оруулсан. Тухайлбал, ямар заалтыг нэмж оруулсан бэ?
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталж, 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ хуулиар олон харилцааг зохицуулж, шинэлэг зохицуулалтыг тусгасан. Хуулийг бүхэлд нь авч үзвэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбон зуучлах, зөрчсөн эрхийг нь сэргээх, холбогдогчийн зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах зэрэг харилцааг зохицуулж өгсөн.
 
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх нэг сарын аяныг зохион байгуулж байгаа. Уг аяныг яагаад зохион байгуулах болов?
 
-Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд болох цагдаа, прокурор, шүүх болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудыг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг мөн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан. Эдгээр эрх бүхий албан тушаалтнууд гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээллийг хүлээн ач шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд нэг ойлголттой, шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллах ёстой.
 
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайн иргэнд зөрчсөн эрхийг нь сэргээх мөн гэр бүлийн хурцадмал байдлыг зөөллөх, жендертэй холбоотой ойлголтыг өгснөөр энэ төрлийн зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд үр дүнгээ өгөх юм.
 
Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Бид нийгмийн ямар ч давхаргад амьдарч болно. Гэхдээ хүчирхийллээс ангид амьдаръя" уриан дор “Гэр дүүрэн инээмсэглэл” нэг сарын аян амжилттай зохион байгуулж байна. Манай алба хаагчид “Хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхны удаа гэж хэрхэвч бодож болохгүй. Тэр хүн аргаа бараад эцсийн найдвар болох бидэнд хандаж байгаа” гэсэн ойлголттой байдаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд эхлэн очиж таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, туслалцаа үзүүлэх ажлыг нэн тэргүүнд хийдэг.
 
-Аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?
 
-Манай дүүргийн онцлог нь төрийн болон төрийн бус байгууллага маш олноор төвлөрсөн байдаг. Үүнд, их, дээд сургуулийн багш, оюутан залууст хууль дүрмийг ярихаас илүү үндсэн ойлголт өгөх нь чухал юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юу вэ. Ямар байдлаар үйлдэж байна. Бид юунд илүү анхаарах талаарх сургалт мэдээллийг АШУИС, МУБИС, Этүгэн болон бусад их, дээд сургуулиудын оюутан, багш ажилчдад шат дараалалтайгаар мэдээллийг өгч байна. Аяны гол зорилгын хувьд нийгмийн хандлагыг өөрчлөх, иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн аль давхаргад байж болно. Гэхдээ өрх бүрт “Гэр дүүрэн инээмсэглэл” байгаасай гэсний үүднээс уг аяныг зохион байгуулснаараа онцлогтой.
 
-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлж байна. Юу гэж томьёолох вэ. Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хэрхэн мэддэг вэ?
 
-Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэх үйлдлийг хэлдэг. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдан даамжирдаг тул бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг.
 
Хүн сэтгэл санааны дарамтад орсон ч төдийлөн тоодоггүй. Байх ёстой мэт бодож явдаг. Заавал бие махбодод нь халдаж, гэмтээсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгодог. Энэ тохиолдолд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсаар сэтгэлзүйн хувьд ноцтой өөрчлөлтөд орчихдог. Би тэвчих ёстой гэж зодуулсаар сэтгэл зүй болон эд хөрөнгө, гоо сайхны хувьд ноцтой гэмтсэн хойноо “Яах вэ, би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө” гэж ирдэг.
 
-Манай улсын хувьд түр хамгаалах хэчнээн байр байдаг вэ. Хохирогчийг хамгаалах хүрээ хэр өргөжсөн бэ?
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ахуй, гэр бүлийн хүрээнд хэн нэгний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг зөрчихөөс хамгаалдаг. Баталгаатай гэр бүл, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан, дундаасаа хүүхэдтэй, тусдаа амьдарч байгаа хэн ч энэ хуулиар хамгаалалт авах боломжтой. Энэ нь юуг тодотгож байна гэхээр, хохирогчийг хамгаалах хүрээ өргөжсөн гэсэн үг. 2017 оны хоёрдугаар сараас хохирогчийг хамгаалалтад авах үйлчилгээг үзүүлж эхэлсэн.Одоогоор нийслэлийн хэмжээнд түр хамгаалах таван байр, нэг цэгийн үйлчилгээний гурван төв байна. Бие махбодод нь гэмтэл учирсан иргэдийг нэг цэгийн үйлчилгээнийнхэн хүлээн авч эмчилгээ туслалцаа үзүүлж, 72 цагийн хугацаанд байршуулах арга хэмжээ авдаг.
 
 
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин