sonin.mn
Хотын утаа харагдах байдлын хувьд багассан. Гэхдээ идэр ес эхлээгүй, ид хүйтрээгүй байна. Тэгэхээр утаа хэрхсэнийг шалгах хугацаа нэлээд бий гэсэн үг.
Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газар хотын утааг бууруулахаар дорвитой арга хэмжээ авч ажилласан. Зардал ч их гаргасан. Уг ажлыг гардан хийж буй “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, түүгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн хотын иргэдэд хүргэж буй юм.
Тэгвэл сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг “Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш”-ийн хэмээх томоохон хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэллээ гэсэн мэдээлэл бидэнд ирэв.
 
 
“Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсанаас хойшх хоёр жилийн хугацаанд сайжруулсан  түлш үйлдвэрлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, үйлдвэрлэлийн зардал зэрэгт 400 шахам тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин энэхүү худалдан авалтынх нь үйл ажиллагаанд албан тушаалтнуудын нөлөө, “шахаа” ихээхэн орсон байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Уг асуудалд нэлээд олон албан тушаалтан нэр холбогдсон байна.
 
 
Энэ талаар ЦЕГ, АТГ-аас тодруулахад Хэвлэлийн албаных нь нөхдүүд “…Ийм хэрэг албан ёсоор шалгаагүй” гэсэн ижил хариултыг өгч байна.
Гэхдээ баттай эх сурвалж дээрх мэдээллийг үгүйсгэхгүй байгаа юм. Юутай ч эрх баригч МАН-ын том жижиг дарга нарын орооцолдсон “Тавантолгой түлш”-ийн гэх нэг хэрэг мандав бололтой. Энэ талаар бид сурвалжлан хүргэх болно.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин