sonin.mn

Холбогдсон хэрэг, орооцолдсон зодоон цохионоороо хэнийг ч урдаа гаргахгүй эрхэм бол УИХ гишүүн Н.Номтойбаяр юм.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “мунзуй” Нямдорж, иргэн С.Ганбаатар, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан, их аварга Д.Дагвадорж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Жавхлан гээд түүнд зодуулсан, дээрэлхүүлсэн хүмүүсийн нэр хэвлэлээр байсхийгээд л хөвөрдөг.


Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 27-нд “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа Улаанбаатар хотын нэгэн томоохон цэнгээний газарт төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт нэр нөлөө бүхий олны танил эрхмүүд, томоохон бизнесмен улстөрчдийн хүүхдүүд уригдан ирсэн бөгөөд тэдний дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч мөн байсан байна.


Найр хавтгайрч зочид ч архи дарсанд нилээд халуурч. Н.Номтойбаяр ч мөн нэлээд халамцсан бөгөөд төрсөн өдөрт уригдан ирсэн хоёр залууг гэр бүлээр нь доромжлон, улмаар зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, вэб сайтуудад гарчээ.
Тэдний зодооныг харж зогссон төрсөн өдрийн зочид Н.Номтойбаярыг салгасан бололтой. Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар зодуулсан залуусын биед хөнгөн гэмтэл учирсан ч тэрээр цагдаад гомдол гаргаагүй гэнэ.

С.Сарнай