sonin.mn
Арван сар хэвлийдээ тээсэн үрээ “Амьдралын эрхээр” гэсэн өчүүхэн шалтгаар эсвэл гэр бүлийн таарамжгүй харилцаанаас, бүр архинд толгойгоо мэдүүлснээс жишим ч үгүй гудамжид хаячихдаг болжээ. Гурван хүүхдээ санаатайгаар хоёр ч удаа төөрүүлж, хаясан харамсалтай хэрэг оны өмнөхөн гарсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн Б гурав, тав, есөн настай хүүхдүүдээ эзэнгүй айлд төөрүүлж орхиод явсныг цагдаагийнхан илрүүлсэн бол үүнээс өмнө буюу өнгөрсөн хавар мөн ийм байдлаар хүүхдүүдээ хаяж байжээ. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ээж нь болох Б-г Сэлэнгэ аймгийн харьяат болохыг тогтоон хүүхдүүдийг хүлээлгэн өгч байсан юм. Эдгээр гурван хүүхдийн эцэг, эх Сэлэнгэ аймагт амьдардаг бөгөөд тэндээс Улаанбаатарт ирж хүүхдүүдээ төөрүүлчихээд нутаг руугаа зугтсан аж. Хүүхдүүдийн бие нь өвдсөн тул асрамжийн газарт хүлээлгэн өгөх боломжгүйг холбогдох албаныхан тодотгож байлаа. Мөн өнгөрсөн сард цагдаагийн байгууллагын алба хаагчид автобусны буудлаас хоёр орчим настай хүүхэд олсон.
Хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүхдээ орцонд, автобусны буудал, айлын үүдэнд, хашаанд, тэр ч бүү хэл зочид буудалд хүртэл хаяж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулдаг харамсалтай тохиолдол ч олон гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн XVI хорооны нэгэн зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярайг үлдээж явсан хэрэг гарч байв. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид очиход хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа” хэмээн өрөө авсан. Удалгүй гарч ирээд “Машинаас мөнгө аваад ирье” гэж гараад ирээгүй аж. Тээж төрүүлсэн хүүхдээ тэвэрч өсгөж чаддаггүй эхчүүдийн нэгэн жишээ энэ.
 
ТЭД ЯМАР ШАЛТГААНААР ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛДЭГ ВЭ?
 
Хүүхдээ гологдсон бараа мэт гудамж талбайд хаячихаж буй эцэг, эхчүүдээс “Яагаад хүүхдээ төөрүүлж, хаясан юм бэ" хэмээн асуухад тэд “Ажилгүй тул тэжээж чадахгүй байна”, “Сайхан амьдрахад минь садаа болж байгаа учраас ийм шийдэлд хүрсэн", “Эцэггүй хүүхдээр яадаг юм”, “Өвчтэй болохоор эмчлүүлж чадахгүй байна” гэх мэтээр хариулдаг.
 
 
Эцэг, эхчүүдийн хээв нэг хэлэх энэ хатуу үгийн цаана бүхэл бүтэн хүний амь нас, улс орны ирээдүй оршиж буй. Ид хийж бүтээх 20-оос дээш насны залуус ажил олдохгүй, мөнгөгүй учраас хүүхдээ тэжээж чадахгүй гэх шалтгааныг хэлж суух нь эмгэнэл. Хэрвээ хүн өөрөө хичээл, зүтгэлтэй байж, ямар ч ажлыг голохгүй хийвэл ажлын байр хангалттай бий. 
 
 
Барилгын туслах, цайны газрын угаач, үйлчлэгч, туслахаас өгсүүлээд аль нэгэн албан байгууллагын харуул, манаач, гэрийн үйлчлэгч, асрагч гэх мэтээр төрөл бүрийн ажлын байр эзнээ хүлээсээр л байдаг. Гэтэл тийм, ийм ажил хийхгүй гэсээр үр хүүхдээ хоосон хонуулж, эцэст нь золионд гаргахад хүрдэг. Тиймээс ийм өчүүхэн шалтаг хэлж, төрсөн үр хүүхдээ төөрүүлж буй эцэг, эхчүүдэд ногдуулах хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Ялангуяа санаатайгаар, удаа дараа үйлдэж буй тохиолдолд хүндхэн ял ногдуулах хэрэгтэй.
 
ХҮҮХДЭЭ ХАЯСАН ЭЦЭГ, ЭХЭД НОГДУУЛЖ БУЙ ЯЛ ХӨНГӨДДӨГ ҮҮ
 
Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж буй гэмт хэрэг учраас хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар эх, нярай хүүхдээ хаяcан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж. Тодруулбал, тус хуулийн 16.3 дугаар зүйл буюу хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх бүлгийн нэгт “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол хоёрт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулиар мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20.9 дэх хэсэгт “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулдаг байна.
 
ЭЦЭГ ЭХИЙН УХАМСРААС БҮХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА
 
Гэхдээ асран хамгаалагчийг шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтад хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй болов уу. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэлзүй тусална гэдгийг мэргэжлийнхэн сануулдаг. Статистик судалгаанаас  харахад хүүхдээ төөрүүлж, хаясан тохиолдлын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг аж. Орон нутагт маш бага. Энэ нь Улаанбаатар хот дахь иргэдийн амьдралын түвшин орон нутгийнхаас хүнд, хэцүү байдагтай холбоотой гэж тайлбарладаг ч ийм хэрэг үйлдэх эсэх нь тухайн эцэг, эхийн ухамсраас шалтгаалах нь мэдээж.
 
 
Монгол Улсын Үндсэн хуульд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээн заасан байдаг. Анхнаас нь үр хүүхдээ гологдсон бараа мэт хаях эцэг, эхчүүдийг хатуухан ялаар шийтгэвэл дараа дараагийн хүмүүст сургамж болохоос гадна дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх хөшүүрэг болох биз ээ.
 
 
Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Эцэг, эхийн нэр зүүсэн мунхгууд бяцхан үрийнхээ аюулгүй орчинд амьдрах, хайр, энхрийлэл дунд өсч бойжих, боловсрох эзэмших зэрэг олон эрхийг зөрчиж буй гэмт хэрэг дахин битгий гараасай. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх боломж томчуудад, аав, ээжүүдэд бий.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин