Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Зэлүүд тал-2: Нэгэн арваны дараах зэрлэг амьтны хууль бус худалдааны хямрал” хэмээх судалгааны тайлан бүтээлийг хэвлүүлэн олон нийтэд хүргэсэн. Уг судалгаанд тусгасан хулгайн ангийн нөхцөл байдлын талаар Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал У.ТУНГАЛАГТАЙ ярилцлаа.
 
-Монголд зэрлэг амьтны хууль бус худалдаа хэр байгааг дээрх судалгааны үр дүнгээс харж болох юм байна. Энэ асуудал манайд ямар түвшинд байгаа вэ?
 
-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Интерполтой хамтран 2016 онд хийсэн судалгаагаар “Дэлхийд жил бүр зэрлэг амьтны 7-23 тэрбум ам.долларын ашигтай, хууль бус худалдаа явуулдаг” хэмээн тогтоосон. Олон улсын судпаачдын тооцоолсноор 8000 гаруй зүйлийн амьтан хууль бус худалдаанаас үүдэн устаж үгүй болох гунигт ирээдүйтэй нүүр тулаад байна. Тиймээс Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар дээрх судалгааны тайланг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллага, олон улсын болон Монголын төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдад танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын зэрлэг амьтны хууль бус худалдаа (ЗАХБХ)-ны нөхцөл байдал ямар байгааг 2016 оны байдлаар тодорхойлсноос гадна 10 жилийн өмнөх буюу 2005 оны байдалтай харьцуулж, хямрал үргэлжилсээр байгааг тогтоосон. Уг судалгаанд 13 аймаг, Улаанбаатар хотын 4000 гаруй өрхийг оролцуулан экологийн зургаан бүсэд хийснээс гадна жижиглэн худалдааны дэлгүүр, зах, рестораныг хамруулж, зэрлэг амьтны хууль бус худалдаанд оролцогч талуудыг ч багтаасан. Судалгааны онцлох үр дүнг дурдвал, Монгол Улсын зэрлэг амьтны хууль бус худалдааны үндсэн эрэлт БНХАУ-аас байдаг бол харин ОХУ-аас ирэх импорт бараг ес дахин нэмэгдсэн. Түүнчлэн Монгол Улс зэрлэг амьтны хууль бус худалдааны “дамжуулагч орон” болж байна. Тухайлбал, манайхаар гадаадын зэрлэг амьтны бүтээгдэхүүн, эд эрхтнийг дамжуулан Хятад улс руу гаргадаг болсон.
 
 
 
Чинээлэг Монголчууд ч гадаадын зэрлэг амьтны бүтээгдэхүүн худалдан авдаг болсноор бид зэрлэг амьтны хууль бус худалдааны “хэрэглэгч орон” болсон. Түүнчлэн зэрлэг амьтны эд, эрхтнийг 2005 онд 23 оронд импортолдог байсан бол арван жилийн дотор гэхэд 47 болон өргөжсөн байна. 
 
 
 
Үүний дундаас шивэр хилэм загасыг импортоор их оруулж ирэх болсон. Шивэр хилэм нь хурдан хугацаанд нас бие гүйцдэг, цэнгэг усанд түгээмэл тархсан зүйл. 
 
-Монгол дамжуулагч, хэрэглэгч орон болсныг бататгах жишээ юу байна вэ? 
 
-Дэлхий дахинаа хийсэн төрөл бүрийн судалгаанаас үзэхэд өнөөгийн зэрлэг амьтны хууль бус худалдаа нь амьтны зүйлийн тоо толгой хорогдох тусам улам өсч, үнэ цэнээс нь хамааран, мэргэжлийн уялдаа холбоо бүхий, хурдан дасан зохицох чадвартай гэмт хэргийн бүлэглэлийн хяналт дор, өнөөгийн нөхцөл байдал улам хүндэрч байна. 2005 онд гарсан анхдугаар “Зэлүүд тал” тайлан нь Монгол Улс энэхүү хямралт байдалд нөлөөлж хувь нэмрээ оруулсныг илтгэн харуулсан. Зэрлэг амьтны хууль бус худалдаа соёлын нэг хэсэг байхаа хэдийнэ больж зарим зүйлийг жилд хэдэн мянгаар нь, бүр хэдэн саяар арилжаалдаг асар том бизнес болон өргөжиж байна. Монгол Улс 1996 онд зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу “CITES”-д нэгдэн орсны дараах 10 жилд импортын зөвшөөрөл маш цөөн байсан. Харин 2006 оноос хойш зөвшөөрлийн тоо эрчимтэй нэмэгдэж, өмнөхөөсөө гурав дахин илүү болсон байна. Ийм худалдааны гол түншүүдэд АНУ, Колумб, Тайланд, Энэтхэг, Хятад, Вьетнам улс эхний байрыг эзлэх болсон юм. Импортын бүлгээс үзэхэд амьд дээжийн худалдаа нь Монгол Улсын хувьдхамгийн чухал ангилал болж буйг харуулж байна. Нөг тохиолдлыг жишээ болгон дурдвал, Казахстан улсаас Монгол Улсаар дамжуулан худалдаалж байсан бөхөнгийн 100 эврийг БНХАУ руу тээвэрлэх замд нь саатуулж байлаа.
 
-Зэрлэг амьтныг зөвшөөрөлтэйгөөр экспортод гаргах тоо ч нэмэгдсэн байх? 
 
-Монгол Улс нэгдэн орсон “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийн олон улсын худалдааны конвенцын топ экспортын зүйлүүд нь идлэг шонхор, саарал чоно, хүрэн баавгай, аргаль хонь бөгөөд идлэг шонхор нийт худалдааны 90 гаруй хувийг бүрдүүлдгийг судалгаагаар тогтоосон.  1996-2015 онд нийт 20 гаруй мянган идлэг шонхрыг амьдаар нь гаргасан байна. Мөн зэрлэг амьтныг зөвшөөрөлтэйгөөр агнах тоо хэмжээ ч нэмэгдсэн. Түүнчлэн ан агнуур, худалдаанд зарим онцлог өөрчлөлт гарчээ. 2005 онд нийт агнасан зүйлийн 12 хувь нь загас байсан бол сүүлийн 10 жилд 46 хувь хүрч нэмэгджээ. Хамгийн зүй бусын өөрчлөлт бол монголчууд амьтныг буугаар биш машинаар дайрч алах явдал ихэссэн байна. Тухайлбал, 2005 онд нийт анчдын 98 хувь нь буутай байсан бол 2016 онд 58 хувь нь л буутай гэжээ. Өрх айлууд голдуу хүнс, уламжлалт эмнэлэг, хувцасны зориулалтаар 35 зүйлийн амьтны бүтээгдэхүүн худалдан авдаг байна. Ресторанууд мөн гадаад, дотоодын байгалиас барьсан загасаар хоол хийх болсон. Үүнээс үзвэл ЗАХБХ-ны сувгууд нь өрх айл, ресторан, жижиглэнгийн дэлгүүр, ил зах, цахим худалдаа, захиалгаар нийлүүлэх хэлбэрт орсон байна.
 
 
Монгол Улс зэрлэг амьтны хууль бус худалдааны энэхүү хямралыг зогсоох арга хэмжээ авахгүй бол Монголын сайхан нутаг чив чимээгүй зэлүүд газар болохоос сэргийлж, дохио сануулга өгөхийн тулд тайланг ийнхүү нэрийдсэн. 
 
 
 
-Хууль бус хулгайн анчдад ногдуулах ял шийтгэлийн зохицуулалт манайд хэр байдаг юм бол? 
 
–Хулгайн анчдад ногдуулж буй торгуулийн хэмжээ нь тухайн гэмт хэргийг цаашид гаргуулахгүй байх үр дүнтэй нөхцөл болох эсэх нь тодорхойгүй байна.
 
 
 
Бөхөнгийн нэг эврийн үнэ 250 гаруй ам.доллар гэж үзвэл Казахстан улсын худалдаачдын нэг удаагийн худалдаа 25 мянган ам.долларын хэмжээнд хүрч байна. Гэтэл Монголд Олон улсын конвенцын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 50 мянган төгрөгийн /20 ам.доллар/ торгууль ногдуулж байгаа нь бөхөнгийн нэг ширхэг эврийн үнийн аравны нэгд ч хүрэхгүй байгаа юм.
 
 
 
Худалдаалахаар завдсан эврийг хураан авсан ч тухайн гэмт хэргийг үйлдэхээр завдсаны төлөө ногдуулж буй шийтгэл нь олохоор зорьж байсан ашгийнх нь маш бага хувийг эзэлж байгаа нь эндээс харагдана. Эсрэгээрээ хууль бус зэрлэг амьтны худалдаанд ногдуулах шийтгэлийг зохицуулсан орчин бүрдүүлсэн олон туршлагаас үзэхэд торгууль нь тухайн гэмт хэрэгтний олох байсан ашгаас нь хэд дахин илүү байх тохиолдолд л тухайн хууль бус үйлдлийг гаргуулахгүй байх боломжтой болно.
 
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин