sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг болон бусад зөрчлийн талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодруулав.
 
-2020 оны нэгдүгээр сарын байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд илрүүлсэн хэрэг, зөрчлийн талаар мэдээлнэ үү?
 
-Нэгдүгээр сарын байдлаар, гаалийн байгууллагын хэмжээнд 79 зөрчил илрүүлж, шийдвэрлэсэн. Үүнээс хялбаршуулсан журмаар 60 зөрчил, 14 удаа зөрчлийн хэрэг бүртгэл нээсэн. Эдгээрээс харьяаллын дагуу шилжүүлсэн 10, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй таван зөрчил байна. Эдгээрийг шалгаж 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан 19 сая төгрөгийн эд зүйл, түр хураагдсан 1.8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна.
 
Дийлэнхдээ, гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус бараа эд материал улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын иргэн Н Буянт-Ухаа дахь хилийн боомтоор БНСУ-д зорчихдоо, тус улсын 56 сая воныг гаалийн байгууллагад мэдэгдэлгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Уг зөрчлийг прокурорын хяналтад гаалийн байгууллага шалгаж байна.
 
-Гаалийн байгууллагаас хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдэлтэй хэрхэн тэмцэж байна вэ?
 
-Хар тамхи, мансууруулах бодис болон бэлэн мөнгө хууль бусаар хил нэвтрүүлэх чиглэлд эрчимжүүлсэн хяналт хэрэгжүүлж тодорхой хөтөлбөр гарган ажиллаж байна. Тухайлбал, хилийн боомтууд, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис нэвтрэх эрсдэлтэй олон улсын агаарын тээврийн боомт болон өмнөд хөрштэй хил залгаа боомтод шууд болон зайнаас тандах хүчин чадалтай, орчин үеийн 16 нэр төрлийг багаж, төхөөрөмж суурилуулж бэлтгээд байна.
 
-Гаалийн байгууллагад бүртгэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн тоон мэдээлэл өгнө үү?
 
-2018 оны байдлаар, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдлийг таслан зогсоосон. Үүнд холбогдох 200 гаруй грамм бодисыг хурааж харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн. Ноднингийн байдлаар, нийт 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг таслан зогсоосон. Үүнд холбогдох 4.5 кг мансууруулах бодисын түр хурааж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
 
-Он гарсаар хууль бусаар хар тамхи хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдсэн үү?
 
-Он гарснаар, өнөөдрийн байдлаар хар тамхи улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдээгүй. Хянан шалгах ажлыг хар тамхи, бэлэн мөнгөний хууль бус үйлдэлтэй тэмцэх чиглэлд эрчимжүүлэн ажиллаж байна.
 
-Хар тамхи, мансууруулах бодисыг ямар байдлаар нуун далдаж хил нэвтрүүлэхийг завдаж байна вэ?
 
-Нуун далдлах арга хэлбэрийн тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй ярих боломжгүй. Нөгөө талдаа сөрөг үр дагавар учруулах магадлалтай. Жишээ дурдахад, дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нууж хүүхэдтэйгээ хамт улсын хилээр мөс гэж бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байсан. Мөн шуудан илгээмжээр бусдын хаяг, хувийн мэдээллийг ашиглаж илгээсэн тохиолдол бүртгэгдсэн. Иргэддээ сануулахад, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, гадаадад зорчихдоо хувийн эл зүйл, ачаа тээшээ орхиж явахгүй байхыг анхааруулж байна.
 
-Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдах үйлдлийг 100 хувь илрүүлж чадаж байна уу?
 
-Үүнд тоо хэлэхэд харьцангуй ойлголт юм. Бидний гаргасан судалгаагаар, цагдаагийн байгууллага өнгөрсөн гурван жилийн хугацаанд хар тамхи хил нэвтрүүлсэн 47 хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн. Гаалийн байгууллагын хувьд, сүүлийн гурван жилийн хугацаанд 31 хэрэг илрүүлсэн байна. Үүнээс хувь тооцож үзвэл, 70 орчим хувийг нь илрүүлж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт гэдгийг онцолмоор байна. Цаашид илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор, техник, технологи, тоног төхөөрөмөө сайжруулах чиглэлээр ажиллана. Дээр дурдсанчлан 16 төрлийн тоног төхөөрөмж хилийн боомтуудад суурилуулсан.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг