sonin.mn
Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ. 
Үүнтэй холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газраас өнөөдөр мэдээлэл хийв.
 
 
 
ОБЕГ-ын удирдлагууд энэ үеэр: "Засгийн газраас шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.
 
 
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд дараах арга хэмжээг авч ажиллана. Үүнд: 
 
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулах
Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэх
Шинэ коронавирусийн халдвар Монгол улсад бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг  бүрэн зогсоох
Хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох
Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих
Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх
Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх
Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
Шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахаар болсон. 
БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарснаас хойшхи 45 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн Газар, онцгой комисс БНХАУ-ын холбогдох яам агентлагтай холбоотой ажиллаж, шинэ мэдээ мэдээллийг байнга авч байгаа. Одоогоор манай улс хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шаардлагатай байсан юм." хэмээсэн юм.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
 
 
 
Ч.Явуухүү