sonin.mn
Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ, ТЕГ-т хандаж, ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг иргэний хувиар шалгуулах хүсэлтээ гаргалаа.
Энэ талаар хэлэхдээ : “Намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа Зандаахүүгийн Энхболд яаран сандран “Хишиг арвин” компани “Страто” компани руу утсаар ярьсан мэдээлэл бий. Энэ хоёр компани нэг эзэнтэй гэдгээ нотолж байгаа мэт намайг хэвлэлийн бага хурал хийснээс 30 минутын дараа ирж мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ миний ярьсан бүх зүйлийг нотолсон. Тухайлбал, “Страто” компанийн захирал А.Баттүшиг “би З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг, нэг оффист суудаг нь үнэн. “Браунрок”, “Инфра инженеринг “гэх компаниудыг хамтарч эзэмшдэг” гэж хэлсэн.
 
 
 
“Страто” компани Эрдэнэс Тавантолгой компаниас сард 50 мянган тонн нүүрс авч угааж байгаа. Ингэхдээ Эрдэнэс тавантолгойн гол “өрөм” болсон нүүрсийг авч угаадаг. З.Энхболдын хамаарал бүхий энэ хүмүүс Тавантолгойн нүүрсний баяжмал дээр шимэгчид шиг сууж байна гэж харж байна. Тиймээс бид энэ шимэгчидтэй тэмцэх хэрэгтэй.
 
 
 
Тиймээс З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг гэх энэ гурван хүн нэгдмэл ашиг сонирхолтойгоор бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг АТГ-т шалгуулахаар өгч байна” хэмээсэн юм.  
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт З.Энхболд “Страто”, “Хишиг арвин индустриал” болон “Суруга Монгол” компаниудтай холбоотой гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл өнөөдөр дээрх компаниудтай холбоотой 238 хуудас материалыг АТГ-т өгч шалгуулахаар хандаж байгаа аж. 
 
Д.Сүхээ