sonin.mn
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гарган газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. 
 
 
 
Ажлын хэсэг гурван дэд хэсэгт хуваагдаж, зуслангийн ногоон бүс, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, зам талбай хаасан хашаа хайс зэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн ажлын цагаар иргэдээс газартай холбоотой гомдол мэдээллийг 11-319857 дугаарын утсаар авч холбогдох арга хэмжээг нь авч ажиллаж эхэлсэн” гэдгийг онцоллоо.
 
 
 
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газар олгох, шилжүүлэх, сунгах, цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр “Байнгын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгааг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат дуулгалаа. Тэрбээр “Ажлын хэсэг болон, байнгын зөвлөлийн ажиллагаагаар иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал 2017 оноос хойш 940 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгааг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.
Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Энэхүү захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудаар газар олгох эрх олгосон нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгосон, эзэмшүүлсэн асуудалд холбогдсон зарим төрийн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээг авч, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг хэллээ.
 
Мөн дүүргийн хэмжээнд зарим хууль бусаар олгогдсон газрын асуудлыг цагдаагийн байгууллагаас шалган эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс