sonin.mn
АТГ албан тушаалтнуу­дын 2019 оны ХОМ-т дүн шинжилгээ хийж эхэл­лээ. Тодруулбал, хө­рөнгө нь давтамжтай болон огцом өссөн албан ту­шаалт­нуудын мэдүүлгийг сугалж авч үнэн зөв эсэхийг нь татварын байгууллагатай тулгаж байгаа юм. Энэ дагуу 800 саяас гурван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй мэдүүлэг гаргагчдаас сэжиг бүхий гэмээр арав гаруй албан тушаалтантай холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт татварын байгууллагад шилжүүлсэн байна. Тэр дунд мэдүүлэг гаргагч Б-гийн 100 хувь эзэмшдэг компани 2018 онд 2.428.179.400 төгрөгийн орлого олсон бол 2019 онд 3.169.350.050 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны бүрэн эзэмшлийн компанийн орлого жилийн дотор 741.170.650 төгрөгөөр огцом нэмэгджээ.
 
 
 
Бидэнд олдсон мэдээллээр компанийнх нь орлого жилийн дотор 740 гаруй сая төгрөгөөр өссөн албан тушаалтан нь НИТХ-ын төлөөлөгч юм байна. Мөн тэр дунд орлого нь 200-800 саяар нэмэгдсэн,  тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдлууд ч байгаа аж.
 
 
Албан тушаалтнууд АТГ-т долоон төрлийн мэдүүлэг гаргадгаас зөвхөн гурван төрлийн орлогыг цахим баазаас түүхэд энэ мэтээр огцом нэмэгдсэн баримтууд гарч ирлээ гэсэн үг. Их хэмжээний мөнгө хаанаас ямар учиртай  “урсч” орж ирснийг АТГ, татварын байгууллага хамтран хянаад хэрэв орлогоо нуусан болон үндэслэлээ нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний орлогоо нотолж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үздэг. Өнгөрсөн жил яг энэ жишгээр  1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж гурван иргэн, дөрвөн аж ахуйн нэгж байгууллагад 70 гаруй сая төгрөгийн төлбөр ноогдуулсан байдаг. Түүнчлэн  30 гаруй албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөж­сөн гэж үзэж хариуцлагад татаж байв.
 
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин