sonin.mn
УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед сонгуульд оролцох улс төрийн намуудын өнгөрсөн ба өнөөдөрт ард иргэд аль хэдийнэ дүгнэлт хийж эхэлжээ. Харамсалтай нь энэ шалгалтад АН тэнцэхгүй нь бололтой. Учир нь тэднийг “Намаараа хууль зөрчихөд хүрсэн” хэмээн Шинэчлэлийн хөдөлгөөнийх нь тэргүүн П.Галиндэв дүгнэсэн бол Үндэсний бодлогын хорооных нь гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “Намынхаа даргыг хууль, шүүхийн байгууллагад өгч, шалгуулахад хүрлээ’’ хэмээн мэдэгдсэн. Харин хуульч Б.Энхбаяр “АН татан буугдах нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн. Энэ бол намын цөөнгүй гишүүн төдийгүй жирийн иргэдийн зүгээс АН-д өгч буй үнэлэлт дүгнэлт. Гадна талаас нь дүгнэхэд АН өнөөдөр ийм л дүр зурагтай байна. Гагцхүү АН юуны учир дарга, цэрэггүй хууль зөрчих хэмжээнд хүрч, шүүхийн өмнө зогсох нөхцөл бүрдэв. Ээлжит сонгуультай холбоотойгоор горилогчдоосоо 100 саяыг татаж эхэлсэн АН-ынхан өдгөө энэ мөнгөний хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлчихээд байгаа нь ийнхүү олны анхаарлыг татаад зогсохгүй томоохон эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Улмаар тэдний эл үйлдэлтэй холбоотой гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Цаашид АТГ, Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагынханд албан ёсны гомдол болон хүрэхэд тун ойрхон байгаа.  Иргэд сонгогчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн, хуульчид хүртэл энэ асуудлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ “АН-ыг улс төрийн тавцангаас арчиж мэдэх үйлдэл шүү” хэмээн анхааруулсаар байгаа юм. Учир нь тэдний санаачилсан энэ их мөнгөний дэнчин Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийг илтэд зөрччихөөд байгаа юм. Тийм ч учраас АН-ыг татан буулгах нөхцөл бүрдчихлээ хэмээн хуульчид дүгнэж эхэлсэн. Гадаад нөхцөл байдал ийм таагүй байгаа ч АН-ын удирдлагууд их мөнгөний дэнчингээс татгалзах эсэх талаар ганц ч үг унагаагүй хэвээр байгаа нь тус намыг дарга, цэрэггүй хууль зөрчихөд хүргээд зогсохгүй сонгуульд оролцох эрхгүй болгож мэдэхээр нөхцөлийг үүсгээд байна.
 
 
 
Улс төрийн намын тухай хуульд хувь хүн болон албан байгууллагаас намд өгч болох хандивын хэмжээг тав ба хорин саяар хязгаарласан байдаг. Гэтэл АН-аас сонгуульд горилогчдыг хуулиас гадуурх статустай гэж ойлгох боломжгүй бөгөөд хувь хүн гэж үзвэл хандивын хэмжээ хуульд зааснаас хэд дахин хэтэрчихээд байгаа юм.
 
 
 
Нөгөө талаас хуульд дэнчин гэх ойлголт байхгүй учраас АН-ын хурааж буй хэдэн зуун саяыг хандив гэсэн ангилалд багтаахаас аргагүй гэдгийг хуулийнхан тайлбарлаж буй. Ийм нөхцөлд горилогчоос мөнгө хураах санаачилга гаргасан намын дарга, тойрог горилж мөнгөө тушаасан иргэн хоёрын үйлдэл нь шууд хуулийн зөрчил болох бөгөөд 100 ба түүнээс дээш сая төгрөгөө АН-д тушаасан хүн бүр өнөөдөр биш ч маргааш шүүхийн өмнө суух нь дамжиггүй болчихоод байгаа аж. Намаараа хууль зөрчихөд хүрсэн гэх дүгнэлтийн тайлал нь энэ. Ардчиллын салхийг сэвэлзүүлсэн хэмээн өөрсдийгөө дүгнэдэг, 30 жилийн түүхтэй улс төрийн хүчний өнөөдрийн дүр зураг нэг иймэрхүү. Харин тэдний өнгөрсөн рүү өнгийвөл бас л таатай дүр зураг харагддаггүй.
 
АН ЭРХ БАРЬСАН ДӨРВӨН ЖИЛД ДАРГААР АЖИЛЛАСАН ОЛОН ХҮНИЙ ХЭРЭГ ХУУЛИЙНХНЫ ГАРТ БАЙНА
 
Адаглаад АН төрийн эрх барьсан он жилүүдэд Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтдэг нь гэм биш зан болчихсон гэхэд болно. Энэ бол тэд өрх гэр тэргүүлэхээрээ хоноцын сэтгэлээр ханддагийн бодит жишээ. Цаашилбал, өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг дангаар болон хамтран барьж ирсэн түүх тэдэнд бий ч тэр бүрт улс эх оронд гавьяа байгуулахаас гай тарьсан нь олон. Энэ бол хувь сэтгүүлчийн дүгнэлт бус хууль хүчний байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд үндэслэн хийж буй тайлбар юм. 2012-2016 онд Засгийн эрх барьсан АН-ынхны дүр төрх дээрх дүгнэлтийг батална. Хамгийн ноцтой нь АН-ыг бяртай хүчтэй байхад тэргүүн эгнээнд явж, төрийн аль өндөр албан тушаалыг хашиж явсан эрхмүүд өдгөө хууль, шүүхэд данстай болчихсон яваа нь энэ намд “шоронжсон” гэх таагүй тодотголыг дагуулах болсон. Нэг үгээр хэлбэл, АН-ын өнгөрсөн ба өнөөдрийн түүхийг хууль, хүчнээс салгаж ойлгох аргагүй болжээ. Хамгийн эхний жишээ нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн Төрийн тэргүүн болж байсан Ц.Элбэгдорж интерполоор эрэн сурвалжлуулж, хууль шүүхээс дуудуулан байж эх орондоо ирээд буй. АН-ыг засаглаж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг. Мөн л Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар хуулийнхны хараанд орчихсон, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа. УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой холбоотой гомдол өдгөө ч хуулийнханд бий. Тодруулбал, түүнийг эдийн засагч Л.Наранбаатар “УИХ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий, нэгдмэл, бизнесийн ашиг сонирхол нэгтэй этгээдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан. Улс төрийн нөлөөгөө ашиг сонирхол нэгтэй хүмүүстээ үзүүлсэн байж болзошгүй” талаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан, гомдол гаргасан нь хоёр талын маргаанаар үргэлжилсээр буй. Энэ бол АН-ынхантай холбоотой олон хэргийн эхлэл нь.
 
 
 
Цаашилбал, АН-ын үед газар, хэлтэс, агентлагийн даргаар ажиллаж байсан олон хүнийг энд дурдаж болно. АН-ын өнгөрсөн, одоо, ирээдүйд хамгийн тодоор бичигдэн үлдэх, “томоохон луйвар” нь “Эрдэнэт”-ийн худалдан авалт. Хэдийгээр хуулийнхан энэ хэргийг удаан хугацаанд шалгасан, эцэслэн шийдээгүй байгаа ч энэ бол яалт ч үгүй АН-ыг төдийгүй төрийг 2012-2016 онд удирдаж явсан эрхмүүдийн гардан гүйцэтгэсэн ажиллагаа байсан.
 
 
 
Энэ мэтээр АН-ынхны холбогдсон хэргүүдийн талаар Улсын Ерөнхий прокуророос мэдээлэл хийхдээ зарим тодорхой мэдээллийг өгсөн. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох хэрэгт өнгөрсөн сарын 31-нд яллах дүгнэлт үйлдсэнээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт өнгөрсөн сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэдгийг прокурор мэдээлсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх' үндэслэлээр хаасан байсныг сэргээн шалтаж эхэлснийг мөн энэ үеэр мэдэгдсэн. АН засаглаж байх үед эдийн засгийг элгээр нь хэвтүүлсний нэг жишээ нь төсвийн зарцуулалттай холбоотой.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэгдсэн төсөвгүй буюу 2-3 газраар дамжуулан гарын салаагаар урсгаж байгаа талаарх мэдээллийг эдийн засагчид төдийгүй сөрөг хүчний зүгээс удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл байсныг гэрчлэх томоохон хэргийг хуулийнхан гурван жил орчмын хугацаанд шалгаж байна.
 
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа, нийтдээ дөрвөн ч удаа энэ хэргийн шүүх хурал хойшлоод байгааг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат мэдээлсэн. Дээрх мэдээллээс үзвэл АН засгийн эрх барьж байхад төрийн өндөр албан тушаал хашиж байсан төдийгүй УИХ, Засгийн газар, яам, тамгын газарт удирдах албан тушаал хашиж байсан маш олон хүний үйлдэлд хуулийнхан хяналт шалгалт хийгээд зогсохгүй заримыг нь шүүхийн шатанд шилжүүлээд байна. Энэ бол АН эрх барихаараа хууль, дүрмийг хэр “сайн” биелүүлдгийг бэлхнээ илтгэх баримт. Өнгөрсөн хугацаанд тэд төрийг ингэж удирдсан, харин одоо төрийн эрхэнд гарах сонгуульд оролцохын тулд мөн л хуулийг уландаа гишгэн, дэнчин гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө босгох ажиллагааг ил тодоор зохион байгуулж байна. Хожим энэ үйлдэл нь тэднийг урьдын адилаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр олноор нь шүүхийн хаалга татуулах вий.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин