sonin.mn
Та өөрийгөө залилах гэмт хэргийн хохирогч болчихсон явж байгаагаа мэдээгүй юм биш биз.
Сайн найз, хамт ажилладаг залуу, төрсөн дүүгээс минь өөрцгүй гэж бодож явдаг хүн чинь хэдэн төгрөг яаралтай өгөөч гэж авчихаад маргааш өгнөө, одоо удахгүй ээ гуравхан хоногийн дараа яг баттай өгнө, дүү нь нэг зээл хөөцөлдөөд байгаа юм аа хэдхэн хоногийн дараа бүтнэ гэх мэтчилэн танд итгэл төрүүлэн цаг хугацааг өнгөрүүлсээр байна уу?
Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах нь залилах гэмт хэрэг юм.
Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 1554 залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
 
 
Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк, Хаан банк хамтран "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-оос 06 дугаар сарын 20-ны хооронд иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах зорилгоор “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохон байгуулж байгаа юм.
 
 
 
Та бүхэндээ нэгэн залилах гэмт хэргийн жишээ дурдахад “Танд гадаад улсаас таны утасны дугаартай илгээмж байна. Та илгээмжний төлбөр болох 85.000 төгрөгийг яг одоо энэ дансруу шилжүүлнэ үү. Манай бараа түгээлтийн машин гарах гэж байгаа юм. Таны ачааг явуулахад бид бэлэн байна” гээд илгээмжний төлбөр орж ирэнгүүт гар утасны дугаарыг нь блокложээ. Энэ мэтчилэн залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Хохирогч болчихоод хэндээ гомдож, хэнийг зүхэж суух вэ? Хариуцлагатай байж бусдад төлбөрийн картаа шилжүүлэхгүй, карт, мобайл банк, интернэт банкны нууц кодоо бусдад хэлэхгүй байх, нягтлан шалгаж байх хэрэгтэй юм. Сонор сэрэмж хаана ч илүүдэхгүй.
 
“Ятгах тусам нягтал”-“Нягтлах тусам аюулгүй”.