sonin.mn
Тэртээх 1978 оноос хойш Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлсэн, төсөв төлбөрийн “саалийн үнээ” гэгдэж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 100 хувь манай улсынх болж байв. Тухайн үед ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг манай “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдсан байдаг.
Гэвч Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 91 дүгээр тогтоол гаргаж “Эрдэнэт үйлдвэр”-ийг шууд хяналтдаа авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Улмаар мөн оны гуравдугаар сарын 21-ний өдөр 102 дугаар тогтоолоороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгож статусыг нь өөрчилсөн юм.
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар сунгасан байдаг.
 
Үндсэндээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш онцгой дэглэм хэмээх хаалттай байгууллага болсон гэсэн үг.
2019 оны сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ байгаагүй онцгой ашиг орлоготой ажиллаж, амжилт бүтээл гаргасан тухай мэдээлэл цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бялууртал цацагдлаа.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн энэ амжилтын бодит үнэн хийгээд онцгой дэглэмийн ард болж буй зарим явдлыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл тодруулах шаардлагатай гэж үзлээ.
 
Онцгой анхаармаар хэд хэдэн асуудал байна.
Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дараах асуудлуудыг хөндөж, та бүхний сонорт хүргэж байна.
 
Нэг. Бүтэц, статусыг өөрчлөхийн учир...
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд дэлхий даяар тарсан COVID19 тахлын улмаас хотод “хоригдчихсон” байна. Ингээд үйлдвэрийн үйл ажиллагааг Улаанбаатараас удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ ихээхэн ажил өрнүүлээд хөөцөлдөж яваа мэдээллийг манай Нэгдэл өмнө нь мэдээлсэн.
Дарга нар нь “Эрдэнэт үйлдвэр”-т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, тус ТӨҮГ-ыг ААТҮГ /Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ болгох гээд ЗГХЭГ хавиар тун чиг завгүй ажиллаж яваа юм байна.
Аливаа байгууллагын статусыг өөрчилнө гэдэг бол байж болно. Өөрчилж л байдаг. Харин “Эрдэнэт үйлдвэр” дээр өөр юм. Энэ үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас хойш онцгой дэглэм тогтоосон тухай дээр өгүүлсэн.
Онцгой дэглэм гэдэг бол энгийнээр хаалттай болчихож байгаа юм. Хаалттай үйлдвэрт хэн юу хийснийг эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудаас өөр хэн ч мэдэхгүй. Энэ бол маш ойлгомжтой зүйл юм. Ингэж хардахаар мэдээллүүд ч бий.
 
 
 
Хамгийн гол нь онцгой дэглэмийн үед хууль зөрчсөн үйлдлүүд гарсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн статус өөрчлөгдсөнөөр бүдгэрч алга болно. Маш товчоор хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үед гарсан булхай “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ болсноор алга болчихно. Хариуцлага хүлээх албан тушаалтан үгүй болно. Ийм л учиртай юм.
 
 
 
Дээрээс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг өөрчлөх зайлшгүй шаардлага, шалтгаан одоогийн удирдлагууд, бусад албан тушаалтнуудад байгаа нь харагдаад байна.
Тэр нь юу юм гэхээр “Эрдэнэт үйлдвэр” нь 2016 онд 5096, 2017 онд 6045, 2018 онд 6110 ажиллагсадтай байв. Харин онцгой дэглэм тогтсон 2019 онд ажиллагсдын тоо огцом өсч 6648 хүрчээ. Эрх баригчдын илгээсэн 500 хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бүхнийг дээр хэлсэнчлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар засч, 500 хүнийхээ ажлын байрыг баталгаажуулах гэж байгаа хэрэг юм. Цаашилбал ингэж “тооно”-оор орж ирсэн ажиллагсад тушаал дэвшиж,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн үндсэн ажиллагсад шахагдах, халагдах үүд нээгдэнэ. Ийм л юм болно.
 
Хоёр. Үйлдвэрлэл, үнэ хоёр буугаад байхад орлого, ашиг нь нэмэгдсэн хэмээх ойлгомжгүй мэдээлэл
 
 
 
“Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 1.258 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 126.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2017 онд 1.962 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 320.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2018 онд 2.084 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 439.9 тэрбум төгрөгийн ашигтай ажил­лажээ. Мөн 2019 онд 2.015 тэрбум төгрөгийн борлуу­лалтын орлоготой, 517 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байх юм.
 
 
 
Улсын төсөв 2016 онд 183.7 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 654.9 тэрбум, 2019 онд 961.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Эдгээр мэдээллийг харах нээ, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болсон 2016 оноос хойш борлуулалтын орлого хийгээд улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ тогтмол өсчээ. Алдагдал нь ашиг болж хувирсан байна.
Нөгөөтэйгүүр, асуудлын гол нь дээрх тоонууд бидний нүд, чихэнд гоё сонсголонтой хүрэх авч бодит байдлаас баахан зөрсөн байх магадлал өндөр байгаа юм.
Учир юу гэвээс 2017, 2018 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханш 2019 оныхоос өндөр байсан. Бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх жилүүдийн түвшинд байхаар барахгүй борлуулалтын орлого 2018 оныхоос буурсан байгаа юм. Гэтэл 2019 онд улс, орон нутгийн төсөв төлсөн татвар үнэмлэхүй хэмжээгээр өсч, 961.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 517 тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн мэдээлэл тарааж байх юм. Хаанаас, хэн ийм тоо гаргаж ирсэн нь хачирхалтай. Зүй нь үйлдвэрлэл хийгээд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш буугаад байхад борлуулалтын орлого, ашиг хоёр нь нэмэгдээд байгаа нь ойлгомжгүй юм.
Энэ нь “Стандарт” банкны өрийг төлөх зорилгоор 2016-2018 оны ашгаас байгуулсан сан 2019 онд төлөгдсөнөөс бусад хэсэг нь буцаж төрийн өмчид ирсэн нь ингэж сайн ажилласан мэт харагдуулсан ч байж мэднэ.
Юутай ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд энэ хугацааны тайлангаа үнэн зөв мэдээлэх шаардлагатай юм.
 
Гурав. Эрсдэлтэй, эргэлзээтэй хөрөнгө оруулалт
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2019 оны тайланд “2017-2019 онд нийт 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 448 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2019 онд хийсэн” тухай дурджээ. Харин энэ 2020 онд тус үйлдвэрт 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүний 80 гаруй хувь нь дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийх замаар технологийн цувааны техник, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжуудын найдварт ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд зориулах юм байна.
 
 
 
Хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг сайн. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТӨБЗГ-аар батлуулсан 2020 оны Санхүү, эдийн засгийн төлөвлөгөөнд дээрх 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 170 сая ам.доллар буюу 470.8 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэхээр тусгажээ.
 
 
 
Ер нь бол хөрөнгө оруулалт нь анхны хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж, үйлдвэрийг эрсдэлд оруулахгүй, үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-т 2020 онд хийгдэх 870 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь энэ үндсэн шаардлагыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй, эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэсэн үг.
Тодруулбал, дээрх хөрөнгө оруулалт хийгдсэний дара 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн баланс гарахад тус үйлдвэр 170 сая ам.доллар буюу 470.8 тэрбум төгрөгийн өртэй, 4 сая ам.доллар буюу 11 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй байхаар ТӨБЗГ-аар батлуулсан төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэ нь 2021 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулж, эргэлтийн хөрөнгөгүй болгохоор харагдаж байна.
Түүнчлэн дэлхийг хамарсан COVID19 цар тахлын улмаас нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондонгийн металлын биржид 4 684.8 ам.доллар буюу төлөвлөсөн үнээс доогуур байгаа. Мөн Монгол Улс “саарал жагсаалт”-д хамаатуулснаар гадаадын банкуудаас авч болох зээлийн мөнгөн хөрөнгийн хүү нэмэгдсэн. Ийм нөхцөлд зээлээр хөрөнгө оруулалт хийх нь тэр чигээрээ эрсдэл юм.
Эдгээр мэдээллийг эрх баригчид мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Учир юу гэвэл “Эрдэнэт үйлдэр”-т онцгой дэглэмтэй, хаалттай байх үед гарсан буруу шийдвэрийн үр дагавар тодорхой хугацааны дараа заавал ил болно. Тэр цагт энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг бас яригдаж таарна.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин