sonin.mn
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг мяралзаж долгилсон төгрөг нууртай болжээ. Галав юүлж, газар шилгээж, хавцал ангал үүсээгүй атал говийн хөрснөөс гэнэт юун нуур ус гарч ирээд цэлэлзэв гэж гайхаж байна уу. Тосон бумбыг ухаж, торгон хөрсийг нь сүйтгэгчид олзны ихэд шунахдаа гүний цэнгэг усны судлыг ханаж, газрын өнгөн дээр томоохон нуур мэлтэлзүүлжээ. Тосон бумбыг сүйтгэгчдийн ухсан уурхайн аманд энэхүү их хэмжээний цүнхээл ус тогтоод байгаа нь энэ
Гүний ус 10 мянгаас 40 сая жилийн хугацаанд сая эргэж сэргэдэг гэх бөгөөд судлаачдын тэмдэглэснээр нэг жилд ганцхан мм-ээр түвшин дээшилдгээс үзэхэд хэдэн үеэрээ хүлээгээд ч нөхөгдөхийг нь үзэхгүй гамшиг тарьж, говийн амийг таслах их нүглийг хариуцлагагүй уул уурхайн эзэд үйлдэж байна. Ухаж ашигласан уурхайн үлдсэн шархыг нөхөн сэргээгээгүйн балгаар өндөр мөргөцгөөр хашигдсан 10-аад метрийн гүн нуур тогтож, хаврын хуурай, халуун салхитай энэ өдрүүдэд ууршин агаарт дэгдэн одож байна. Нэг үгээр хэлбэл, Тосон бумбын нулимс хатсангүй, харин ч ихээр асгарч байгаа хэрэг.
 
 
 
Газрын гүний усаар говийн булаг, шанд, тойром бүрдүүд тэтгэгдэж, судал цэгүүдэд нь малчид худаг гаргаж, хүн мал ундаалдаг нь жилээс жилд хумигдаж байгааг өнгөрсөн жилийн намар Өмнийн говийн бүх сумдад болсон “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр иргэд хэлж байсан билээ. Уг хэлэлцүүлгийг санаачлагч нь “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр байсан бөгөөд өнөөдөр ч тэрбээр Тосон бумбаа хамгаалах жишиг тэмцлийнхээ дараагийн шатыг эхлүүлэхээ мэдэгдээд байна.
 
 
 
Хэдхэн жилийн өмнө 500 хонь услахад амсар дүүрэн үлддэг байсан худаг өнөөдөр 100 хонь усалж дийлэхгүй шавхарч байгаа нь хариуцлагагүй олон уул уурхай энэ мэтээр гүний цэнгэг рашаан усыг ховх соруулж, асгаж цутгаж байгаагийн үр дагавар болохыг нутгийн олон ярьж байсан. Хөрсөн дороос нь тэтгэж тэжээдэг гүний ус нь шавхарч буйгаас говийн эмзэг эко систем үндсэндээ сүйрэх зам руу орж байна. Бас нэг эмзэг асуудлыг хэдэн жилийн өмнөөс олон улсын усны салбарын эрдэмтэд сөхөж, анхааруулж буй. Өмнийн говийн газрын гүний ус дахин 10-12 жил орчимд уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг өлхөн хангаж чадах боловч хэдэн сая жилээр хөрсөн дор хуримтлагдсан амин тэжээл болох чандмань эрдэнэ түүнээс цааш хэр удаан ашиглагдах нөөцтэйг хараахан тооцоолж чадаагүй байгаа ажээ.
 
 
 
Говь нутгийн иргэд ашиглуулсан баялгийн ард сүйдэж хоцорсон байгалиа нөхөн сэргээлгэхийг хангалттай хүлээж тэвчсэн. Гэвч уулгүй, усгүй болж говийн амь тасрахад хэзээ мөдгүй хүрэх шахсан энэ цаг дор Тосон бумбын тэмцлийн дараагийн үе шатыг эхлүүлэхээр санаа шийдэцгээжээ.
 
 
 
Байгаль дэлхийг бүрэлгэж буй үйлдлийг яаралтай зогсоож нөхөн сэргээлт хийхийг иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд шаардаж, ил гарсан их усыг далдалж, сүйтгэсэн газраа сэргээхийг нэхсэн дараагийн тэмцлээ эхлүүлж байна. Хэрэв одоо л амжиж энэ бүхнийг хийхгүй бол удахгүй Монголын үзэсгэлэнт говь Сахарын цөл, үхлийн хөндийн араас орж үлэг гүрвэлийн өлгий, үнэт өнгөт эрдэнэсийн орд, баян бүрд, хайлаас тооройн нутаг байсан гэх үлгэр домог л хоцрох биз ээ.
 
 
Д.ОЮУН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин