Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа. 
 
-“Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн.   Гэсэн ч СЕХ-ноос түүнийг нэр дэвшүүлэхгүй гэжээ.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
 
-Эрх баригчид Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх заалт оруулж, баталсан.  Үндсэн хуулийн цэц энэ заалтыг  хянаад Үндсэн хууль болоод өөрийн байгууллагын өмнө гаргасан дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан. Ер нь сонгуулийн хуулийн зарим заалт нэр дэвшигчид тавигдах шаардлагын зарим хэсэг нь Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Үндсэн хуулийн 16.9-д  “Монгол Улсын иргэн нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ, Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно”  гэж заасан. Гэтэл Үндсэн хуулийн энэхүү заалттай харшлахаар хэд хэдэн шалгуур тавьж, иргэн хүн дээрх сонгуулиудад сонгогдох эрхийг хязгаарласан байх жишээтэй.
Зээл, татвар, батлан даалтын өр төлбөр, ял шийтгэлтэй эсэх, төрийн албан хаагч бол заавал ажлаасаа чөлөөлөгдсөн байх, аж ахуйн нэгж, хамаарал бүхий хүмүүсийн талаарх мэдээлэл гэх мэтийг дурдаж болно. Энэ хуулийг батлагдах үеэс л  Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн эрх баригчдын башир арга цухалзаж эхэлсэн.  Тэр оролдлого нь өнөөдөр үнэн болж таарлаа. 
 
 
 
СЕХ-ноос Н.Энхбаяр даргыг нэр дэвшигчээр батламжилсангүй. Ингэхдээ дээд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж анхан шатны шүүхээс гаргасан мэдээлэлд тулгуурлаж, шударга бус шийдвэр гаргаж байна.  Учир нь Н.Энхбаяр даргад шүүхээс хэлмэгдүүлж оноосон хэрэгт авлига албан тушаалын гэсэн заалт байсангүй.  Учир нь 2012 оны  Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
 
 
 
-Тэгэхээр СЕХ Дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон заалтыг үндэслэсэн гэсэн үг үү?
 
-Тийм ээ.  Дээд шүүхийн тогтоолын хоёрдугаар хэсэгт “ТВ-9” телевизтэй холбоотой маргаан, МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэх асуудал,  “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх албан тушаалын хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байдаг.  Энэ шийдвэрээ анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулсан. Тэгэхээр ямар нэгэн албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр шийтгэгдээгүй. Түүний нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг.
 
 
-Гэтэл эрх баригчид яагаад нэр дэвшүүлэхгүй гээд улайраад байна  вэ?
 
-Нэр дэвшүүлэх асуудал ийм тодорхой.  Гэтэл энэ удаа нэр дэвшигчийн  материалыг бүрдүүлэх явцад ЦЕГ-аас лавлагаа гаргахдаа түүнийг албан тушаалын хэргээр шийтгүүлсэн мэтээр бичиж, ирүүлжээ.   Монгол Улс анхан, давж заалдах, дээд шүүх гэсэн гурван шатны шүүхээр аливаа хэргийг шийдвэрлэдэг.  Ингэхдээ Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан.   Гэтэл ЦЕГ-аас Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон лавлагаа ирүүлсэн нь  Үндсэн хууль болоод Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.  Нөгөө талаар 12 жил өнгөрсөн ч  МАНАН бүлэглэл   энэ хүнийг сонгуулийн өрсөлдөөнд оруулахаас, олонхийн санал авч, ялалт байгуулчих вий гэдгээс үхтлээ айж байгааг харуулж байна. Мөн ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа О.Зоригт гэдэг хүн иргэний эрх зүйн байдлыг дордуулсан худал ташаа мэдээлэл ирүүллээ. Дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон заалтыг хүчээр үндэслэл болсон.
 
 
 
Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх заалт нь Н.Энхбаяр даргад ямар ч хамааралгүй гэдгийг дахин хэлмээр байна.   Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн асуудал нь өмчийн эсрэг гэсэн ангилалд багтдаг. Тэгэхээр СЕХ-ны шийдвэртэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна.
 
 
 
-Та тухайн үед өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан.  Сайн мэдэх учиртай?
 
-Тийм ээ. Анх 2012 онд Н.Энхбаяр дарга дээр прокуророос нийтдээ таван зүйл дээр яллах дүгнэлт ирүүлсэн. МИАТ,”Эрдэнэт” үйлдвэр, “ТВ-9”, “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой  асуудал багтдаг.  Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс МИАТ-тай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэнийг  нь УДШ хэрэгсэхгүй болгосон.  Ийм байхад ЦЕГ лавлагаа гаргахдаа Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн.   Бид Дээд шүүх, УЕП-ын архивт хандсан.  Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн тогтоол эцсийнх байна.  Хүчин төгөлдөр болсон тогтоолыг төрийн байгууллага, бусад этгээд заавал дагаж мөрдөнө.   Хэрэв УДШ-ийн шийдвэр хууль зөрчсөн бол дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэсэн заалт бий.  Гэтэл Үндсэн хуулийн энэ заалт,  УДШ-ийн тогтоолыг давсан тодорхойлолтыг ЦЕГ ирүүлсэн.  Энэ нь төрийн албан тушаалтан хуульд заасан өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл болсон.  Нөгөө талаар санаатай үйлдэл гэж хардаж байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин