sonin.mn
Хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол сүүлийн үед их гарах боллоо. Энэ талаар олон нийт хэдэн өдөр халаглан, харамсдаг ч тодорхой цаг хугацааны дараа мартдаг. Түүгээр ч барахгүй хэрэг хэрхэн шийдэгдсэн тухай асууж сурагладаггүй. Түүнээс гадна ийм хэрэг дахин гаргахгүйн тулд холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллав.  Энэ  талаар ч  мэдээ мэдээлэл дутмаг байдаг.
Одоогоос жил хагасын өмнө сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглохоор гараад энэ орчлонгоос буцсан хүүгийн тухай мэдээлэл гарч л байв. Тодруулбал, 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож явсан 11 настай хүү төмөрт даруулан амиа алдсан. Энэ хэрэг юу болов. Хэн хариуцлага хүлээв. Тэгсгээд л мартагдсан.
 
Түүний дараа Дархан-Уул аймгийн Дархан суманд 1-5 насны нэг айлын гурван хүүхэд гэртээ цахилгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн л бид хэдэн өдөр шуугиад асуудлыг мартсан. Дээрх олон жишээнээс манай улсад хүүхэд хамгааллын асуудал ямар доогуур төвшинд байгааг харж болно.
Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт орших “Хан талст” компанийн эзэмшил бүхий газрын  усан санд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан. Энэ хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр гарсан юм.  Тэгвэл өнөөдөр бид сонгуулийн дуулианаар мөн л хүүхэд амиа алдсан асуудлыг мартаж эхлээд байна.  Бид эргэн сануулах үүднээс өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж, сурвалжилсан юм. Хэрэг гарсан тогтоол нуур хэвээрээ байна.  Тойруулан туузаар тусгаарлаж, “орох хориотой, орохыг хориглоно” гэсэн самбар хадсанаас өөр арга хэмжээ аваагүй байлаа. Нуурын хажууд нэмэлтээр харуулын пост гаргажээ. Нуурын хэмжээ харьцангуй жижиг боловч усны гүн 150 см орчим хэвээр байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан Д.Тогтуунаас хэрэг гарснаас хойш нуурыг болон хүрээлэнгийн хамгаалалт, аюулгүй байдал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулахад “Хүрээлэнг үндсэн болон гэрээт харуулууд мөн “Хан талст” компанийн харуулууд 24 цагийн турш гурван ээлжээр хамгаалж байгаа” гэлээ. Мөн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл тус хүүхэд багачууд нуурыг зорьсоор байгаа юм байна.
 
 
 
Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсч байв. Нэг үрэгдвэл эмгэнэл, нэжгээд үрэгдвэл статистик үзүүлэлт болоод өнгөрдөг бус иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төр, засаг ч мөн ийм алдаа гаргахгүй байхын төлөө хичээх ёстой. Мөн одоог хүртэл нуурыг хашаалж, хүн нэвтрэх боломжгүй болгож чадаагүй байгаа нь аюул дагуулсаар...
 
 
 
Тус газрын 3.3 га талбайд  бүтээн байгуулалтын ажлыг 2014 оноос хойш хийжээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах  ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт хийсэн дүнгээ тавдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцуулсан байдаг. Тухайн хурлаар  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрны газарт зөрчил их байсан учир “Хан талст”  компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.
НЗДТГ, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлсэн. Гэсэн ч зөрчлөө арилгахгүй байсаар “Хан талст”  ХХК-ийн эзэмшил бүхий газрын тогтоол ус дөрвөн хүүхдийн амь авч одлоо.  Хэрэг гарснаас хойш үйл ажиллагааны дүрэм журмыг баримталж ажиллаагүй шалтгаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Энэ хэрэг одоогоор бүрэн шийдэгдээгүй мөрдөн шалгах шатандаа явж байгаа хэдий ч ганцхан удирдах албан тушаалтныг халлаа гээд энэ асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш юм.
 
 
Пүрэвгочоо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин