sonin.mn
Завхан аймгийн Тэлмэн суманд ДЦС барих тухай яриа гараад яг 10 дахь жил рүүгээ орж байна. “Шинэ Ази групп” ХХК концессийн гэрээ байгуулж, ердөө 18 сарын дотор барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон энэ ажлын хүрээнд хэд хэдэн удаагийн нээлт, тууз хайчлалтыг эс тооцвол юу ч хийгдэлгүй ийм хугацаа өнгөрч байна.
Анх тус компани ДЦС-ыг БНХАУ-ын “Жун Жи” компанийн хөрөнгө оруулалтаар, мөн тус улсын СМЕС корпорацийн гүйцэтгэлээр барина гэж төлөвлөж байсныг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн иргэд сайн санаж байгаа. Бодит хэрэглээнээсээ хоёр дахин их буюу 60 мВт-ын станцад нийт 110 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн нь хэт өртөгтэй, концессийн хугацаа буюу Хятадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байх хугацааг 30, 40 жилээр төлөвлөсөн нь урт байна хэмээн УИХ-ын гишүүд шүүмж өрнүүлж байсныг ч бас санаж байгаа.
 
Олон түвшний яриа хэлэлцээний дараа станцыг хүчин чадлыг 100 мВт болгож, хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 180 сая ам.доллар байхаар тогтож байлаа. Гэвч төр засгийн байгууллагуудаар тогтоол шийдвэр гаргуулах, сурталчилгаа пропоганда явуулахаас өөр юу ч хийдэггүй “Шинэ Азиа групп" ХХК-ийнхан 2018 оны дөрөвдүгээр сард Хэнань мужийн “Шэньюань Электрик” компанитай гүйцэтгэлийн гэрээ байгуулсан гээд сурталчлав. СМЕС корпорациа яачихаад ийнхүү шинэ гүйцэтгэгч сонгосон юм, бүү мэд.
 
Энэ үеэр Тэлмэний ДЦС-ын төсөлд санхүүгийн зуучлагчаар БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банк (IСВС) ажиллаж, Хятадын экспорт, зээлийн даатгалын "Sinosure" корпораци баталгаа гаргаж байгаа тухай дурдагдаж байв. Харамсалтай нь үүнээс хойш мөн л хоёр он даруй улирч, гурав дахь жилтэйгээ золгоод явж байна.
Үйлтэй энэхүү Тэлмэний ДЦС анх Могойн голын ДЦС байсныг уншигчид санаж байгаа байх. УИХ-аас 2007 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр батлахдаа Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барихаар тусгасныг олж харсан сүйхээтэй эрс “Шинэ Азиа групп” ХХК-ийг байгуулж овжин хөдөлсөн бололтой байдаг. Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын удирдлагууд Баян-Өлгийн гишүүн А.Тлейханыг “лоббидон" Булнайн нурууны ар бэлд аваачиж, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, сурвалжлагчдыг аппарат тоноглолтой нь дуудан сүр дуулиантай шав тавьж байсан нь 2010 оны зургадугаар сар.
 
Уг шавын ёслолд “лоббидуулан” очсон тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, эдүгээ Эрчим хүчний зохицуулах хорооны даргын алба хашиж байгаа А.Тлейхан Могойн голд түшиглэсэн цахилгаан станцыг “технологийн хувьд тулгуур цахилгаан станц”, “Алтай- Улиастайн эрчим хүчний системийн эх үүсвэрийг бий болгох хамгийн ашигтай хувилбар”, “Завхан болон Говь-Алтай аймгийн 42 сумыг 18 сарын дараа гэрэлтэй болгоно”, “Станцаас гарах технологийн усаар арьс шир, ноос боловсруулна” гэхчлэн магтаж байсан нь хэвлэлийн хуудаснаа тод үлдсэн байна.  
 
“2011 оны 11 дүгээр сарын 11-нд 11 цагаас 11 мегаваттын хүчин чадлаар станцын яндангийн эхний дуугаар илч гэрэл түгнэ" хэмээн цогтой сэтгүүлч уянгалан хальснаас хойш ердөө хагас жил ч бололгүй монголчуудын чихэн дээр цэцэг шиг дэлгэрсэн “мөрөөдлийн" төсөл байрлалаа сольж Завханы Тэлмэн рүү нүүсэн байдаг.
 
Могойн голоос нүүснийхээ шалтгааныг “Шинэ Азиа групп” ХХК-ийнхан “Friendly Mart" гэдэг нэртэй албан ёсны сайтандаа “нутгийн ард иргэдийн эсэргүүцэл, цэвдэг хөрстэйгөөс” болсон гэж бичжээ. Үнэндээ бол тэс өөр шалтгаантай байсныг Засгийн газар тухайн үед хуралдаанаараа хэлэлцэж байсан юм. Энэ бол орон нутгийн эзэмшилд буй Могойн голын уурхайн 51 хувийг шилжүүлэн авах тухай асуудал байлаа.
 
Өөрөөр хэлбэл, “Шинэ Азиа групп” ХХК-ийн хөрөнгө оруулагч нар Могойн голын уурхайн ихэнхийг эзэмших далд санаатай байсан нь тэр үед л тодорхой болж байлаа. Тийм ч учраас Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнийг эрс эсэргүүцэж, нутгийн ард олныг ч хөдөлгөж чадсан юм. Улмаар Засгийн газар уг заалтыг гэрээний төслөөс хасаж, хөрөнгө оруулагчийн эзэмшилд байх хугацааг 20 жилээр тогтоох зарчмын шаардлагыг хятад эздэд тавьсан юм.
Гэхдээ Монгол Улсын Засгийн газар уужим хандаж, 400 хятад ажилчдыг нь төлбөр ялбараас чөлөөлж байв. Гэсэн хэдий ч хуруу хөдөлгөхийн чинээ ажил хийгээгүй хятадууд станцын байршлыг уурхайн дэргэдээс буюу түлэх түлшнийхээ дэргэдээс урагш 80 км холдуулж, Завхан аймгийн Тэлмэн суманд аваачсан нь яавч “хамгийн ашигтай” бус хувилбар болсон.
 
Дээрх бүхнээс нэг л зальжин маневр, хугацаа хожсон алсын явуургуй мэх харагдаад байдаг юм. Ёстой л шилний цаадах чихэр гээч чухам энэ л гэлтэй. Монголчууд амьдралгүй, явуургүй, бүтэхгүй худал хуумгай юмсыг “үлгэрийн юм” гэж ярьдаг. Тэлмэний ДЦС гэх илэрхий худал хуумгай үлгэрийг одоо дуусгамаар юм.