sonin.mn

Аудитын дүгнэлт, зөвлөмж хэрэгжихгүй, хариуцлага тооцохгүй байна

Төрийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ цаг хугацаандаа, үр ашигтай байх нь төсвийн хяналтын үр дүн билээ. Уг арга хэмжээг хуулийн хугацаанд цахимаар ил тод болгон, иргэдэд нээлттэй хүргэх нь Төсвийн Ерөнхийлөн захирагчид (ТЕЗ)-ын үүрэг хариуцлага юм. Төрийн байгууллагууд шилэн дансны хуулийн 6.1.5-д зааснаар ТЕЗ-ын төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор тогтмол мэдээлнэ гэсэн заалтын дагуу мэдээллээ байршуулах ёстой ч шилэн дансны цахим хуудсанд 2020.07.15-ны байдлаар нэг ч мэдээ тавигдаагүй байсан бөгөөд 2020.08.30-ны байдлаар 54 ТЕЗ-аас 30 нь мэдээллээ байршуулаагүй байгаа нь нийт ТЕЗ-ын 55% болж байна.
 
2019 онд Төрийн Аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цаг тухайд нь шилэн дансны цахим хуудсанд ил тод болгоогүй 12 тохиолдол байсан бол 2020 онд 30 болон өсчээ. 
 
Ховд аймаг ЗТХС, ГХС, ЗГХЭГД 2017, 2018, 2019 онуудад 3 жил дараалан, УИХ-ын дарга, Сангийн Сайд, Нийслэл, Дархан, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймгууд 2018, 2019 онуудад 2 жил дараалан мэдээллээ оруулаагүй байна. Мэдээллээ оруулахгүй байна гэдэг нь хяналт тавих боломжийг хааж.байна гэсэн үг. Хавсралт:
Мэдээллээ цаг хугацаандаа оруулахаас гадна аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ил тод болгох нь чухал ач холбогдолтой. 2019 оны байдлаар Монгол банк, АТГ аудитын мэдээгээ оруулсан ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ оруулаагүй байна.
Төрийн аудитаар илэрсэн алдаа дутагдлууд жил бүр давтагдан гарч буй нь хэрэгжилт муу байгаатай шууд холбоотой гэж мониторигийн баг үзэж байна. 2019 онд 19 ТЕЗ-ийн урд онуудад гаргасан алдаа зөрчил нь давтан гарсан бол 2020 онд 10 ТЕЗ алдаа дутагдлаа давтан гаргажээ. Хавсралт:
 
Монгол Улсын төсвийн төсөл, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн хэрэгжилт ч хангалтгүй байна. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар өгсөн 8 зөвлөмжийн 3 нь дутуу хэрэгжсэн, 3 нь хэрэгжих шатандаа, 2 нь хэрэгжээгүй байна. Улсын Их Хурлын анхааралд толилуулсан Төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байгаа талаарх удаа дараа давтагдаж буй зөрчлийг 2019 оны нэгдсэн төсвийг батлахдаа бүрэн залруулж, зөвлөмжийг цаашид жил бүрийн төсөвт баримталж, мөрдөж хэвших шаардлагатай байна гэсэн ч 2020 онд давтагдсан, 2021 онд давтагдах магадлалтай байна.
 
Мөн 2019 оны төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын ихэнх төсөл, хөтөлбөрүүд нь Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэгдээгүй, улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалтын бус төсөл арга хэмжээг төлөвлөх, эх үүсвэрийг давхардуулах эрсдэл байгаа тул хөрөнгө оруулалтын нэгдсэн программ хангамж яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна гэсэн ч эдгээр зөрчлүүд давтагдсаар байна. Эндээс дүгнэхэд төсвийн төсөл, гүйцэтгэлд жил бүр зөрчлүүд давтагдаж байгаа нь арга хэмжээ авдаггүйтэй нь холбоотой юм.
ШДТХ-н 6.1.3 дагуу Аймаг нийслэлийн ТШЗ, ТЕЗ ирэх буюу оны төсвийн төслийг 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ШДЦХ-д байршуулан мэдээлэх үүрэгтэй. Төсвийн тухай хуулийн 8.4.4 дагуу СЯ дараа оны буюу 2021 оны төсвийн саналыг ЗГ-т 9 дүгээр сарын 15-нд өргөн мэдүүлнэ. Иймд ЗГ УИХ-д өргөн барихаас өмнө ард нийтээрээ хэлэлцдэг байх саналыг судлаачид гаргаж байна. Өөрөөр хэлбэл төсөв батлагдахаас өмнө хэлэлцдэг байх нь чухал юм. Төсөвт хэмнэж болох хамгийн том урсгал зардал нь төрийн өндөр албан тушаалтны гар утас, унаа, хоолны хөнгөлөлт мөн. Сонгуулийн амлалт, АТГ өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг аль алинаас нь ч харсан энэ бол тэвчиж болох илүү зардал гэж мониторингийн баг үзэж байна.
 
Шинэ цэцэрлэг сургуулиас бусад Төсвийн байгууллагуудын тоног төхөөрөмж, засвар гэх мэт тэвчиж болох зардлуудаас алдагдалтай төсөвтэй, хяналтгүй зарцуулалттай энэ цаг үед татгалзах саналыг мөн гаргаж байна.
 
Үндсэн хуулийн цэц 54 ажилтантай ч 2021 онд 5.6 тэрбум төгрөгийн барилга, 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж төсөвлөжээ. 2020 онд мөн барилга барих санал оруулж байсан ч дэмжигдээгүй, тоног төхөөрөмжийн 600 саяас тодотголоор 585 сая төгрөг батлагдаад буй. 2021 онд дахин 500 саяар тоног төхөөрөмж худалдаж авахаар болж буй нь нэг ажилтанд 114 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байгаа гэсэн үг юм. Энэ их хэмжээний мөнгөөр ганц байгууллага санхүүжүүлэх хэрэгцээ байгаа эсэхийг эргэж харахыг мөн сануулж байна.
Иймд мониторингийн багийн зүгээс багцалсан хөрөнгийн зардал, тодорхой хаяг, байршилгүй, үр нөлөөгүй хөрөнгө оруулалтаас татгалзахыг уриалж байна. Ерөнхий сайдын төсвийн багцын байгууллагуудын 2021 оны төсвийн төсөлд хангамж, бараа материал 1 тэрбум төгрөг, эд хогшил, урсгал засварын зардал 9 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардал 99 тэрбум төгрөг байгааг задалж, ил болгох шаардлага байна.
Иргэд,олон нийтийн төсөвт тавих хяналт сайжирч буй ч хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага буйг мониторингийн багийнхан онцолж байна.
Аудитын талаар ойлголт авах, зөвлөмж дүгнэлтийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/SainAudit/ болон http://info@sainaudit.mn цахим хуудасаар зочлоорой. Мөн Аудитын тухай ярилцъя твитер ширгээ хуудсанд хандах боломжтой.
 
Үнэн Хатамж ТББ