sonin.mn
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.АЗЖАРГАЛТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-“COVID-19” цар тахал тархаж, хөл хорио тогтоосон өдрүүдэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
 
-Манай агентлаг Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулсан. Аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн Хүүхэд хамгааллын мэргэжлийн бүлэг, харьяа байгууллагуудыг арга зүйгээр хангаж ажиллаж байна. Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, бүлгүүд 8-20 гишүүнтэй байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед манай агентлагийн “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн эрсдэлийн программд бүртгэлтэй 22 мянга гаруй хүүхдийн мэдээлэлд дахин дүн шинжилгээ хийсэн. Өндөр болон дунд эрсдэлтэй хүүхдийн нөхцөл байдалд хяналт тавих, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байгаа. Дунд болон бага эрсдэлтэй хүүхэд, гэр бүлийг анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан багт хариуцуулж, хяналт тавьдаг. Аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд, Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд хамгааллын баг”, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газрууд хамтран ажиллаж, эрсдэлтэй өрхийн хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийн ангийн багшаар дамжуулан хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа. “COVID-19” халдвар гарсан Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Архангай, Говьсүмбэр зэрэг аймагт үүссэн нөхцөл байдал, бэрхшээлийг салбарын чиг үүргийн хүрээнд онцгойлон анхаарч шийдвэрлэн ажиллалаа.
 
-108 дугаарын утсанд хандах хүүхдийн тоо багассан уу. Хөл хорио тогтоосноос хойш хэчнээн дуудлага мэдээлэл хүлээж авсан бэ?
 
-Өнгөрсөн онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд 120 мянга орчим дуудлага мэдээлэл хүлээн авсан байдаг. Өмнөх онуудтай харьцуулбал нийт дуудлагын тоо 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон өдрөөс өнгөрсөн сарын 21 хүртэл 13.5 мянга гаруй дуудлага хүлээж авсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхэд хамгааллын дуудлага 10.9, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 3.3, зөвлөгөө хүссэн дуудлагын тоо 0.6, зорилтот бус дуудлагын тоо 48.3 хувиар буурсан байна. Харин хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучилсан хяналтын дуудлагын тоо 58.2, мэдээлэл хүссэн дуудлага 14.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
 
-Хөл хорионы үед ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ханддаг уу. Өдөрт хэчнээн хүүхэд холбогддог вэ?
 
-Өдөрт 250-350 дуудлага ирдэг. Зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй хүүхэд, өсвөр үеийнхэн холбогдож байна. Нийт дуудлагын 55 хувь нь мэдээлэл, зөвлөгөө хүссэн дуудлага байдаг. Аливаа эрсдэлд өртөхөөс өмнө мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах, мэргэжлийн тусламж авах нь чухал. Хүүхдүүд үе тэнгийнхний харилцаа, зөрчил, хайр дурлал, үерхэл нөхөрлөл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, мэргэжил сонголт, гэр бүлийн зөрчил, харилцаа гэх мэт өргөн хүрээнд зөвлөгөө авдаг.
 
-Хөл хорио тогтоосноос хойш Түр хамгаалах байранд хүүхэд авч, үйлчилгээ үзүүлж байгаа юу. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байгаа вэ?
 
-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан зургаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд долоон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
 
 
 
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Түр хамгаалах байранд байрлуулж, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлдэг.
 
 
 
Өнгөрсөн онд түр хамгаалах гурван байрыг шинээр ашиглалтад оруулж, улсын хэмжээнд Түр хамгаалах 19 байр, нэг цэгийн 13 үйлчилгээний төв тогтмол ажиллаж байна. Манай агентлагийн зүгээс 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, Хүүхдийн асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг зарим төрийн бус байгууллагад 10 орчим удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Мөн бүх төрлийн нөөцийн судалгаа гаргаж, зарим Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж, арга зүйгээр ханган ажиллаж байна. “COVID-19” цар тахлын үед Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогч хүлээн авах, үйлчилгээ үзүүлэхэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн ажиллаж байна. Ажилтнуудыг PCR шинжилгээнд хамруулах, ар гэрт нь тулгамдсан асуудлыг судлан шийдвэрлэх, стандарт шаардлага хангасан нэг удаагийн хувцас хэрэгслээр хангаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, орон байр, автомашин, гадна дотно орчинд тогтмол ариутгал хийдэг. 
 
 
 
Халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хүлээн авахдаа PCR-ын шинжилгээнд хамруулж, шөнийн цагаар ирвэл тусгаарлах өрөөнд байрлуулан үйлчилгээ үзүүлж байна. Хоол хүнс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, аминдэм, бусад хэрэгцээт бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлсэн.
 
 
 
-Chatbox үйлчилгээг нэвтрүүлж олон хүүхэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч чаддаг болсон. Хүүхдийн эрхийн зөрчил, мэдээллийг зөвхөн утсаар өгөхөөс гадна чатаар харилцаж авдаг болсон нь интернэт, цахим орчин хөгжсөн үед бодит ажил болж чадсан. Өсвөр насныхан их ханддаг гэсэн. Хэчнээн хүүхэд зөвлөгөө мэдээлэл авав?
 
-Ялангуяа цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн далд хэлбэрийг илрүүлэх, мэдээлэл хүлээн авах шугамыг нэмэгдүүлэх, эргүүл хяналтын ажлыг сайжруулах, иргэд, хөршийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл, зөвлөмжөөр хангаж ажиллах нь чухал. Ийм учраас агентлагийн дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын шугамыг нэмж, чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, аймаг, дүүрэг дээр сэтгэл зүйн зөвлөгөөг утсаар болон ганцаарчилсан хэлбэрээр өгч байна. Тухайлбал, 2020 оны зургаадугаар сараас эхлэн чатбокс үйлчилгээг шинээр нэвтрүүлж, 24 цагаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл, зөвлөмж хүргэдэг. 1730 гаруй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Нийт үйлчлүүлэгчийн 81.2 хувийг хүүхэд, 19 орчим хувийг насанд хүрэгч эзэлж байна. Нийт хандалтын 73.7 хувь нь сэтгэл зүйн зөвлөгөө хүссэн, тэр дундаа гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн асуудал, сэтгэл зүйн хямрал, гутрал, өсвөр насанд тулгардаг сэтгэл зүйн өөрчлөлт, айдас түгшүүрийн зөвлөгөө зонхилж байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг тус үйлчилгээгээр илрүүлэн ХТУ-108 руу шилжүүлэн аймаг, дүүргийн хэлтсүүд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
 
-Танай хамт олон энэ онд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
 
-Манай байгууллага энд онд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллана. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийн судалгааг улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр гарган бүртгэлжүүлж, тэдэнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гэр бүлдээ эргэн нэгтгэгдсэн болон гэр бүлд нь очуулах боломжтой хүүхдийн эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, асралт гэр болох хүсэлтэй гэр бүлийг бэлтгэх, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг хөгжүүлэхээр ажиллаж байна. Бүх шатанд хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт, чанарыг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх ажиллагаанд ахиц гаргах, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гээд олон ажил төлөвлөсөн. Ялангуяа “COVID-19” цар тахлын хүүхдэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг судалж арилгах, нөхөн сэргээх урьдчилан сэргийлэх урт хугацааны төлөвлөлтийг гаргаж ажиллана.
 
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин