sonin.mn

Аливаа баяр ёслол дөхөөд ирэхээр элдэв төрлийн хулгайн гэмт хэрэг ихэсдэг үзэгдэл Монголд бараг "хуульших" нь. Хамгийн харамсалтай нь хулгайчдын энэхүү "ан"-д баян, ядуу гэлтгуй бүгд өртдөг. Цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ өдрүүд бол хулгайчдын хувьд алтан боломж. Тэд аль хэзээ ганц нэгээрээ эсвэл "сүргийн" зохион байгуулалттайгаар "ав"-д мордсон. Бэлэгдлээ бодож жилд ганц тохиодог энэ сайхан баярыг дорвитойхон тэмдэглэхийг боддоггүй хүн гэж үгүй.

 

Монголд цалингийн зээл аван байж тэмдэглэдэг хүмүүс маш олон бий. Гэтэл тэр хэдэн төгрөг нь нэг л өдөр буруу гартны идэш болохгүй гэх баталгаа байхгүй гээд бодохоор хэлэх үг алга. Хулгай ихсэх тусам эздийнх нь өнгө зүс сайжирч, гадаад хэлбэр нь хувьсч хөгжөөд, арга ажиллагаа нь нарийсаад байхаас биш хохирогчдод нааштай олигтойхон өөрчлөлт үнэхээр алга.

 

Дунд сургуульд нэг ангид байсан найзад маань тохиолдсон явдал ер санаанаас гардаггүй юм. Одоогоос 10 жилийн өмнө болсон явдал. Айлын ганц охины хувьд найз маань өндөр настай эцэг, эхээ хотод татаж, дэргэдээ аваад байсан үе л дээ. Өөрөө дунд сургуульд багшилна. Цалингаараа л амьдрахаас аргагүй нэгэн. Цагаан cap дөхлөө. Аав ээжийг нь хүндлээд ирэх амьтан ах дүү олон.

 

Эцэг эхээ бодсондоо багш найз маань цагаан сараа нэр төртэйхэн тэмдэглэхээр шийдэж 500 мянган төгрөг бөөгнүүлжээ. Ихэнх нь мэдээж зээлээр боссон. Дээр нь цалингаа хандивлаад зах руу гарч өглөө. Ердөө 20, 30-хан минут захаар явсан байгаа юм. Гэхдээ цүнхэндээ лавхан хийсэн хамаг мөнгө төгрөг нь солгой сэтгэлтний олз болох юм гэж төсөөлсөнгүй. Нэг харахад л ширэн цүнхийг нь хэд хэд зүсчихсэн байжээ.

 

Шинийн нэгэн болоход ердөө зургаахан хоног үлдсэн байлаа. Ажил ихтэйгээсээ болоод бэлтгэлдээ оройтож гарсан нь байдлыг улам хүндрүүлэв. ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж найз сэтгэлээр асар их унаж билээ. Хамгийн гол нь эцэг, эхийг нь гээд зориод ирэх хол ойрын ах дүү амраг садангуудынх нь дэргэд хоёр буурлаа сэтгэл тэнүүн байлгах гэж хичээсэн сэтгэл нь ингэж нэг л өдөр муу хүний балгаар орвонгоороо эргэсэн юм.

 

Цөөхөн хоногийн дотор мөнгө олох гэж, дараа нь ар араасаа цуварсан өрөө төлөх гэж тэр маань маш их зовж билээ. Ойрын хамаатны маань залуу бас л хулгайчийн буруугаас хохирол амссан хүн. Баянхошууны шинэ эцсээс дээшээ 1 км гаруй зайтай оршдог 84 айлын намхан цагаан нийтийн байшинд амьдардаг байлаа. Харин 2002 оны өвөл дүү нартайгаа нийлээд 1 дүгээр хороололд орон сууцны байр хөлсөлж суусан юм.

 

Хажуудаа айлтай гэж найдсандаа ч тэр үү нийтийн байшиндаа хамаг эд хогшлоо орхиод түгжээд л явж. Хаалга үүднийхээ цоож түлхүүрэнд ч их анхаарч. Гэхдээ гэр орноо эргээд ирэх болгонд нь хаалгынх нь цоожийг эвдэх ч байдаг юм уу, ямар нэгэн байдлаар оролдсон байдаг байлаа. Тэр дор нь засч янзлаад явна. Нэмэр байсангүй. Хулгайч шунасаар... Нэг л өдөр хамаг байдгийг нь ачиж аваад арилсан байж билээ.

 

Хамгийн харамсалтай нь аавынх нь дээл, насаараа хэрэглэсэн модон аягийг нь хүртэл хулгайлсан байгаа юм. Яг цагаан сарын өдрөөр хүн амьтан бужигнаж байх үеийг хулгайч ашигласан нь тэр. Ёстой чоно борооноор гэж үүнийг л хэлэх байх. Түүнээс нэлээд хэдэн сарын хохирогчийг микронд суутал 15 орчим настай кондуктор банди хулгайд алдсан савхин хүрмийг нь өмсөөд явж байсан гэдэг.

 

Эдэлж хэрэглэж байсан хувцсаа эзэн нь танилгүй яахав дээ. Харамсалтай нь нөгөө "микрочин" "Би захаас авсан. Тэр хүнийг одоо харвал танихгүй" гэж тас мэлзсэн учир хэргийн эзнийг тогтоож чадаагүй юм. 2010 оны цагаан сараар Ханын материалд амьдардаг найз маань хулгайчаас болж олигтой баярлаж чадаагүй юм. Ах дүү, найз нөхөд нь айлчлан ирж, орж гараад л байж.

 

Нэг хартал үл таних 20 гаруй насны залуу сууж байв гэнэ. Зочидтой юм яриад л, сүрхий дотно шинжтэй. Хамаатантайгаа хамт яваа юм байна гэж бодоод өнгөрч. Харин зочдыг явсны дараа их гарын мөнгө аяга нь алга болсныг мэджээ. Үл таних залууг ирсэн зочдынх нь хэн нь ч таньдаггүй байснаа хэлжээ. Баяр ёслолоор хүний хөл ихтэй айлаар "зочилж" "ажлаа" хийж явдаг хулгайч байсан нь тэр.

 

Энэ мэт маш утга учиртай дандаа сайн сайхныг бэлэгдэж байх ёстой Цагаан сарын баярыг хүйтэн сэтгэлтэй хулгайчид хэдий болтол бузарлах юм бэ? Ах дүүстэйгээ золгохоор яваа хүмүүс хөөрөг, түрийвч, өөр бусад эд зүйлсээ хулгайд алддаг үзэгдлийг яавал бууруулах вэ? Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад сануулжээ.

 

Нийтийн тээврийн зорчигчид халаасны хулгайчид эд зүйлсээ алдах нь ихэссэн учир халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлыг камержуулах, шаардлагатай хүн хүчийг төвлөрүүлэн ажиллахыг даалгажээ. Үр дүн нь харин яаж гарах бол? Ер нь хулгайн гэмт хэргийг зөвхөн хууль, цагдаагийн байгууллагад үүрүүлээд орхихоосоо илүү энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ард иргэдийн оролцоо, идэвхтэй хүчин чармайлт ч ихээхэн чухал боллоо.



Д.Дорж

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"