Хашаат суманд өнгөрсөн жил 266.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар эрүүл мэндийн төв баригдаж, 45 жил амьдарч байсан хуучин байрнаасаа эмнэлгийнхэн баяр хөөртэйгээр гарч байсан үе саяхан.
 
 
Хүн ардын эрүүл мэндийн төлөө баригдсан, шинэхэн тоосгон барилгын гүйцэтгэгчээр аймгийн "ХАСУ МАНДАЛ" ХХК ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл баталгаат хугацаа нь дуусаагүй байж байтал шинэхэн тоосгон барилгын маань цонх, хаалганууд нь эвдэрч ангайн, хана туурга нь хагарсан, гадна талын хаяавчны цемент нь хагарч, уурын зуухны нь яндан байнга бөглөрч, галч нар хөөлөх гэж халширдаг, онгорхой цоорхойгоор нь бороо цасны ус , шороо бужигнаад болохоо байжээ.
 
 
Уурын халаалтын хоёр зуух нь ус гоождогоос нэгийг нь хаасан, ган ашиглаж байгаа зуухнаас ус дусч, үнс нь нойтон гарч галлахад ч хэцүүхэн болжээ. Дээрээс нь аваарын шатгүйгээс аюулгүй ажиллагааны журам дүрэм зөрчигддөг, гарын үсэг зуралцаагүй, ашиглалтанд орохдоо галчийн жорлон, угаалтуур ажиллахгүйгээр барахгүй дотроо халаалтын пааргүй, эрхлэгч их эмч, төрөх тасаг, хүлээн авах өрөөнүүдэд нь үнэр танар орсон түмэн асуудлууд гарч иржээ.
 
 
Сандарч балмагдсан эмнэлгийнхэн улс, аймгаас ирсэн удирдлага, барилгын зураг төслийн газар, мэргэжлийн хяналтын газарт танилцуулж, газар зохион байгуулагчийг нь хүртэл авчирч үзүүлэн хурал цуглаан дээр ярьж хэлсэн ч одоо болтол арга хэмжээ аваагүй л байна.
 
 
Ер нь хэлээгүй газар, хүрээгүй хэл яриа байхгүй гэж эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтэн ажиллагсад нь гайхшрал тасран гомдоллож, бид ч яахав хэвтэн эмчлүүлэгсэд л хэцүү байна даа хэмээн ярив.
 
 
Эрүүл мэндийн төв гэдэг утгаараа ч тэр, зориулалтын барилга гэдгээрээ ч тэр тус барилгад цэвэр цэмцгэр, нягт нямбай, дулаан бүлээн байж иргэдэд үйлчлэх хамгийн наад захын шалгууртай. Тохилог баталгаатай, шаардлага хангасан нөхцөлд санаа сэтгэл өөдрөг сайхан ажиллахыг хэн хүнгүй л бодно.
 
 
Зовлон бэрхшээл тоочихоосоо зовж зүдэрсэн, өвчилж шаналсан, яарч тэвдсэн хүмүүсийг аль болохоор нь хүлээн авч үзэж, харж, эмчилж, үйлчлэхийг хичээцгээж байгаа нь харагдсан.
 
 
Энэ сумын эрүүл мэндийн төв 80 жилийн түүхтэй байгууллага бөгөөд 2013 онд ойгоо тэмдэглэнэ гэхэд барилга байгууламж нь өнгө үзэмж муутай, хоёр жил ч болоогүй байхад хуучин байрнаасаа өөрцгүй байр саванд зовлонгоо тоочсон байдлаар тэмдэглэхээр болж байна.
 
 
Эмнэлгийн байраар орж танилцахад ашиглагчийн буруу биш хариуцаж бариулсан газар, барьсан хүмүүсийн буруутай хариуцлагагүй ажиллагаа байгаа болов уу гэмээр. Бас нэг жишээ дурьдахад бохирын цооног нь битүүрч засч янзалсан ч яриа хэлээгүй өнгөрөөж байсан байна.
 
 
Үүнд аль нэг байгууллага, гүйцэтгэгчийг буруутгах бус хийсэн, хүлээлгэж өгсөн бүтээн байгуулалтын ашиглалт шаардлагыг хэрхэн хангаж буйгаа эргэн харж шалгаж байхыг сануулсан хэрэг. Гэнэт хүйтрэх юм уу, хүчтэй салхи шуурга, бороо мөндөр зэрэг болзошгүй хүчин зүйлд өртвөл яана даа гэмээр болсон байна шүү. Аймгийн гүйцэтгэгчээр ажилласан компани болон холбогдох газрууд эрх биш анхаарна буй заа.
 
 
А.Лхагвасүрэн
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин