sonin.mn

 

Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот минь хөгжсөөр сая гаран иргэнтэй болж улсынхаа нийслэлд амьдарч байгаа нийслэлчүүд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлахын тулд хөдөлмөрлөн зүтгэсээр л...
 
 
Нийслэл хотод маань орчин үеийн өндөр барилга сүндэрлэхийн зэрэгцээ залуус сүүлийн үеийн загвартай хувцас өмсөж, ганган чамин утас хэрэглэх болсон нь нууц биш.
 
 
Басхүү хээнцэр дэгжин хувцасласан цэвэрхэн охид, залуус хотын төвөөр хөлхөж өндөр үнэтэй машин хаа сайгүй давхилдан дэлхийн брэндүүд салбараа нээж, саятнууд хөл тавьж байна, манай хотод. Үүнээс үзэхэд Улаанбаатар орчин үеийн хот болсон мэт.
 
 
Гэтэл дэлхийн хөгжлөөс 100 жилээр хоцорч яваа хог шороондоо дарагдсан эмх цэгцгүй чимээгүй хот нийслэлтэй минь өнөө хэр нь хаяа нийлэн оршсоор. Ерөөс чимээгүй хоттой зэрэгцэн бууриа зассан эсгий гэрүүд, гудамжны нохой, гэр хорооллын хогон овоо нийслэлийн төвд байрлан байгааг хэн бүхэн мэдэж буй.
 
 
Энэ л өнөөдрийн асуудлын гол сэдэв байгаа юм. Монголчууд бид, бидний өвөг дээдэс оршуулгын ёсыг чанд баримтлахын зэрэгцээ соёлын томоохон зан үйл болгон хорвоогоос одсон нэгийгээ хүндэтгэлтэйгээр үдэж хожим үр хүүхэддээ өвгөдийнхөө нэрийг сэвтүүлэлгүй зөв сайхан амьдрахыг чухалчлан сахиж, тэднийгээ байнга дурсан санаж идээ ундааныхаа дээжийг өргөн нутаглуулсан газар усыг нь дээдлэн ирсэн ард түмэн.
 
 
Харин монгол хүмүүний амьдрах хэв маяг өөрчлөгдөхийн зэрэгцээ оршуулгын хэлбэр ч өөрчлөгдөх шаардлага гарч талийгаачдаа газарт булж оршуулах болсон. Тухайн үедээ хамгийн оновчтой шийдвэр байсан энэхүү оршуулгын зан үйл харин эдүгээ XXI зуунд хэр нийцэж байгаа юм бол...
 
 
Үүнийг хөндөх болсны учир нь сүүлийн 70 гаруй жил талийгаачдаа газарт булж оршуулж ирсэн нь эдүгээ нийслэл хотыг тойрсон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 орчим оршуулгын газруудыг бий болгож гэдгийг сануулах гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл нийслэл хотын 2000 орчим га газрыг нөгөө ертөнцөд одогсдод зарж байна.
 
 
Оршуулгын газаргүй дүүрэг ч байхгүй болж шүү дээ. Харамсалтай нь тэдгээрийг даган өргөлийн чихэр боов түүж иддэг, шарил ухаж тонон хайрцагны модыг нь түлж хоног өдрөө залгуулан амьдардаг нийгмийн хэсэг бүлэг хүртэл бий болсон нь оршуулгын газрыг хогийн цэг, эвдэрч тоногдсон хуучин балгас болгоход хүргэжээ.
 
 
Өвөг дээдсийнхээ шарилыг хогийнхоо цэгтэй нийлүүлэн оршуулгын хашаагаар нь гэрээ тойруулан хашаа хийж, булш бунхныг нь ухан амьдралаа залгуулах нь бидний уламжлал, хорвоог орхисон буурлууддаа үзүүлж байгаа хүндлэл гэж үү.
 
 
Монгол Улсын хэмжээнд жилд дундажаар 15000-17000, Улаанбаатар хотын хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нийслэлийн нас барагсадын 40 хувь чандарлах зан үйлээр, 60 гаруй хувь нь талийгаачдаа газарт булж оршуулдаг гэсэн тооцоо бий.
 
 
Харин хөдөө орон нутагт чандарлаж оршуулах оршуулгын газар байхгүй учраас иргэд талийгаачдаа оршуулахдаа наран ээвэр газар буюу нутаг усныхаа хамгийн сайхан газрыг сонгон оршуулдаг. Гэвч тэрхүү тодорхой зааж өгсөн оршуулгын газарт нь тэдгээрийг хянан зохицуулах тогтолцоо бүрдээгүй нь харамсалтай.
 
 
Энэхүү тоон мэдээллийг нэг талийгаачийг оршуулахад зарцуулагдаж байгаа өнөөгийн бодит байдалд тулгуурлан /15-20 метр квадрат газар/ тооцоолж үзвэл Улаанбаатар хотод жилдээ 3900-4500 талийгаачийг оршуулахад 7090 га газар, хөдөө орон нутгуудад 130-190 га газрыг яг ийм зориулалтаар хэрэглэн Монгол улсын хэмжээнд ганцхан жилд 200-280 орчим га газрыг оршуулганд зарцуулан дахин ашиглах бололцоогүй болгож байна.
 
 
Монгол Улсын нийт хүн ам, түүнд эзлэх нас баралт жилээс жилд өсч байгааг энэхүү тоотой харьцуулан бодохоор өдрөөс өдөрт хаяа тэлж байгаа оршуулгын газрууд түүнийг даган бий болж буй хур хогийн цэгүүдийн асуудал эх орны минь байгаль экологи, газар эдэлбэрт сөрөг нөлөө үзүүлж, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрэлдэж байна гэсэн үг.
 
 
Нарийндаа бол иргэдийн эрүүл мэндэд бодит аюул заналхийлж байгаа хэрэг. Үе үеийн төр засгийн тэргүүнүүд энэхүү оршуулгаас үүдэн гарах хор уршгаас сэргийлэх зорилгоор тухайн нийгмийн шаардлагатайгаа уялдуулан тогтоол шийдвэрүүдийг гарган олон нийтэд таниулах, хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж тэдгээрийг ягштал дагж мөрддөг байсны тод жишээ нь /2004 онд орчин үеийн чандарлах газрууд байгуулагдахаас өмнө/ бүх талийгаачдаа газар шороо, чулуунд харшлах байсан ч бурханы номд заасан заслын хүчинд даатган бүгдийг булж бунхлан оршуулж ирсэн.
 
 
Гэвч ардчилсан нийгэмд шилжсэнээр шашин сэргэж, оршуулгын ажилд хандах олон нийтийн хандлага задгайран зөвшөөрөлгүй оршуулгын газрууд олноор бий болоод зогсохгүй талийгаачдаа ил тавьж оршуулах гаж гэмээр заншил эргэн сөхөгдөх боллоо.
 
 
“Улаанбаатар хотыг ингэтлээ тэлж, иргэдийнх нь тоо дэлхийн том хотуудын хэмжээнд хүрнэ гэж тухайн үеийн хотын удирдлагууд бодоогүй байх л даа. 1970, 80-д оны үед Даландавхар гэдэг оршуулгын газарт хүүхэд бид хэзээ ч очиж чадахгүй, болох ч үгүй их л хол, аймаар газар байдаг хэмээн бодож явсан тэр газар маань одоо нийслэл хотын яг төвд бас хичнээн том талбайг эзлэн байгаа билээ.
 
 
Оршуулгын ажлыг өөр аргаар гүйцэтгэх ямар ч сонголтгүй байсан тухайн үедээ л гаргасан хамгийн оновчтой шийдвэр бол тодорхой цэгт заавал булж оршуулахыг хэвшүүлсэн явдал. Эдгээр түүхийн бодит жишээнүүдээс харахад оршуулгын асуудлыг хэн хэзээ ч орхигдуулж боломгүй нь тодорхой байгаа юм.
 
 
Тиймээс хүмүүний энэ зан үйлтэй холбогдон гарах үр дагаврыг хэдэн арван жилээр биш зуу зуун жилээр харж төлөвлөн зохион байгуулах шаардлагатай гэдгийг төр засгийн удирдлага төдийгүй иргэд ч ухаарах хэрэгтэй болжээ.
 
 
Харамсалтай нь бидний мухар сүсэгт автан гаргасан ухамсаргүй, алсын хараагүй үйлдэл ирээдүйд засч засварлаж дийлэхгүй ачаа болох нь одоогийн Даландавхар, Цагаандаваа, Нарангийн-Энгэр гээд олон оршуулгын газруудаас харагдаж байна.
 
 
Тиймээс эх орны минь газар, талбай хэмжээтэй, хязгаартай гэдгийг санаж ирээдүйд түм бум болон өсөх хойч үеийнхэндээ хүндэтгэлтэй хандаж басхүү тэдний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан нөгөө ертөндөд одогсдынхоо асуудалд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон санагдана. 
 
 
Э.Анударь
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”