sonin.mn

 

Хүмүүс ярьж байна, цаана чинь... Өвөл тэгээд зун. Зун тэгээд өвөл. Дэлхийн дулаарлаас болж дөрвөн улирал ээлжлэхээ больж шууд хоёр улиралтай болчихож байгаа юм байна л даа гэж... Заримд нь цаг уурын энэхүү өөрчлөлт хачин таалагдаж байх шиг байна лээ.
 
 
Яг үүн шиг хүүхэд насыг алгасаад шууд том хүн болдог болохгүй бол амбан явахгүй нь. Тавхан настай балчрыг заазуураар хэрччихдэг. Зургаахан настай ах нь, аав дүүг аймаар том заазуураар хэрччихсэн гэж ярихыг сонсмооргүй байна.
 
 
Төрсөн ахынхаа хүүг зэрлэг амьтан шиг малын пүнзэнд дөрвөн жил түгжчихдэг. Өнөөх нь өлсөхийн эрхэнд айлын гэр рүү мярайж атга боорцог хулгайлсныг хөршийн эзэгтэй ам бардам ярьж алдартай хулгайч барьчихсан аятай пээдийхийг хармааргүй байна.
 
 
Аймаар юмаа, арай ч дээ, бид чинь монголчууд шүү дээ гэх бодолдоо түүртэж амжаагүй шахам байхад согтуу эцэг, ээжийгээ өмөөрсөн хүүгийнхээ гар хурууг туршлага судалсан мэт хутгаар зүсэж бахаа хангасан гэх юм.
 
 
Сурагчийн цүнхээ дааж ядан хичээлдээ одсон найман настай охиныг гаж донтон хүчиндэж ёс бус хүслээ хангачихаад хөнөөж, мөчилж жиргэн гар цүнхэнд хийн хар захын хашаанд орхисон гэнэ. Өчигдөр өглөө, таван сартай охиныхоо толгой руу модоор цохижээ.
 
 
Харамсалтай нь тэр мод нь хадаастай байж. Хадаас нь толгойд рь зоогдсон бөгөөд охины бие тун тааруу байна гэх мэдээллийг олж сонслоо. Төрсөн үрээ гудамжинд хаядаг, төрснийх нь дараа халуун нурманд булж амьдаар нь тамлан хөнөөсөн ээж...
 
 
Нэг л биш ээ. Нийгэмд бүр тодруулбал, өнөөгийн цаг үед балчирхан үрс маань хүн болохын тулд балар эртний үеийн хүн төрхтөн, ширэнгэд байгалийн хатуу хуулийг даван туулж, яагаав өнөө батаар мэтийн амьтдаас бултаж зугтаж байж өсч үржсэн тухай түүхийн хичээл дээр үздгээс ч хатуу бэрхийг туулж байж хүн болох янзтай.
 
 
Ойд хаягдсан жаалыг чоно олж тэжээгээд Мауглиг бий болгосон тухай сэтгэл догдлон үздэг байсан хүн төрөлхтөн, тэр тусмаа монголчууд ийн авирлах болсон гэдэгт итгэж чадамгүй.
 
 
Хэрвээ хэн нэгнээс, хаа холоос сонссон бол манай Монгол биш ээ гэж маргамаар тийм л аймшигтай явдлууд миний хөршийнд магадгүй маргааш миний найзад тохиолдох юм шиг санагдаад байх боллоо. Бид ардчилсан Монголын иргэд.
 
 
Азид бүү хэл дэлхийд гайхуулсан амгалан нөхцөлд ардчиллыг нутагшуулсан морьтон монголчууд. Жаахан байхаас л ийм нэг бардамнал ч гэх үү омогшил ч гэх үү нэг сэтгэгдэл байнга байх болсон юм, миний ой тойнд.
 
 
Тэгээд ухаан орж, он цаг урсахын хэрээр мэдээж мэргэжлийн ажлаа хийж эхэлсэн мөчөөс ингэхэд энэ ардчилал гээд байгаа зүйл маань яг юу юм бэ гэх бодол эргэлдэх болсон, мөрөн дээрх бондгорт минь.
 
 
Харин сүүлд цаазын ялгүй улсуудын тоонд багтлаа Монгол гэдгийг сонсоод ашгүй дээ гэж олзуурхаж байсан юмдаг. Энд нэг зүйлийг дурсах ёстой байх. Оюутан байхдаа цэргийн сонинд дадлага хийсэн юм. Тэгээд нэгэнтээ цэрэгт байхдаа даргаа хөнөөн цаазын ял авсан "цэрэг, ялтан"-тай уулзсан юм, Авдрантад очиж...
 
 
Үеийн маань хүү байж билээ, өөдгүй алуурчин гэж үзэн ядах мэдрэмж огт төрөөгүй, түүнтэй уулзаад салахдаа...Дарга нь цэргээ гурав хоног хоосон, мэдээж нойргүй хонуулсны хариуд арваа төгсөөд эр цэргийн албанд морьдсон хөвгүүн нүд хариулж борц хулгайлж идэж байгаад баригдсандаа "бантаад" шууд ч л бууныхаа гохыг дарж орхисон нь аминд нь хүрсэн байсан юмдаг.
 
 
Хохирогчийн аав нь тус ангийн штабын дарга. Хамгийн гунигтай нь насаараа цэргийн алба хашсан өвгөн дарга хоёр хүүтэй байсны ахмад нь мөн л цэргийн хүн байсан бөгөөд эл явдлаас яг нэг жилийн өмнө мөн л цэрэгтээ алуулчихсан гэж байсныг тод санаж байна.
 
 
Аав шиг минь хүн аргаа баран үг ч хэлж чадахгүй мэгшин уйлж байхыг хараад өрөвдсөн ч цаазын ял авсан "цэрэг, ялтан"-тай уулзаад гарахдаа түүнийг хачин их, бүр ихээр өрөвдсөн. Ээжид минь хүргээд өгчихөөрэй гэж хэлээд захиа өгөхөд нь өөрийн мэдэлгүй дагаад уйлчихсан.
 
 
Тэр ч бас уйлсан. Тэсье гээд ч тэвчиж чадалгүй мэлмэрсээр байгаад гарсны дараа хэсэгтээ л сэтгэл эзэнгүйрч хүн алчихсан шүү дээ гэж бодогдовч, цэргийн дүрэмд цэргээ хоолгүй, нойргүй гурав хонуулах дүрэм журам байдаг бил үү гэх бодол эргэлдээд салаагүй юмдаг.
 
 
Залуу давж заалдаад 25 жилийн ял авсан. Түүнээс хойш их л удсан санагдах юм. Монгол цаазын ялгүй улс боллоо гэх мэдээллийг сонсоод тэр "цэрэг, ялтан" санаанд орж, ямар ч байсан амьд байх хэрэгтэй, үлдэх эрхтэй хүмүүс байдаг юм гэдэгт бүр ч ихээр итгэж билээ. Харин одоо эргэлзэж байна.
 
 
Яг өнөөдөр ардчилсан Монгол Улсад, дээхэн үед барууны улсуудад хэрэгждэг байсан шиг Линчийн шүүх байдаг ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
 
 
Төрсөн үрийг нь хойд эцэг нь гэх архинд шүлэнгэтсэн гажиг донтон алахаас наагуур тамлаж байхад хэнэггүй хараад сууж байсан эх, ээжээ би таньдаа хайртай, хэзээ наддаа ирэх юм бэ хэмээн нүдэндээ нулимстай өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүдээ удахгүй очино гэж худал хэлчихээд таг болсон ээжийг шүүмээр байна.
 
 
Ангир уургаа хөхүүлж өсгөсөн алаг үрээ хувь тавилан нь мэдэг гээд орхисон ээж нэртэй хүний оронцгийн сургийг гаргаж, хариуцлага хүлээлгэмээр байна. Монгол хүн малаа гаргахдаа ч, цээрлэн гаргана, төхөөрнө гэж ярьдгийг умартсан хүн сүгнүүдтэй хатуу яримаар байна.
 
 
Хөгшид идшээ төхөөрөхдөө эвдэж хугалбал эвгүйцэн зандардаг уламжлалын үргэлжлэл болох монгол түмэн бид мөн үү гэх эргэлзээ төрөөд байх боллоо. Жаахан хальчихад Египетийн Шаркия мужийн Нил мөрний эрэг дээрх Аль-Гуиндия тосгоны оршин суугчид нэг хулгайчийг хөөж барьж аваад хэдэн 10-уулаа нийлж модонд хүлж байгаад тал талаас нь зодож аминд нь хүрсэн тухай мэдээлэл санаанд орлоо.
 
 
Тус оронд өрнөсөн хувьсгалаас хойш ийм байдлаар шүүх явдал газар авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэх болсныг дэлхий нийт андахгүй. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Саманод хотод зорчигчийн моторт дугуй хулгайлсан хоёр хулгайчийг барьж авсан хүмүүс мөн л зодож, авто вокзалд хөлөөс нь дүүжилж амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь ойролцоох цагдаагийн хэсгийн дэргэд хаясан хэрэг гарсан.
 
 
Хамгийн хачирхалтай нь уг хэрэгт олон мянган хүн оролцсон гэж дуулдсан. Хожим нь ард иргэд ийнхүү, "сайн дурын эргүүл" гарган, "шүүх хороо" байгуулах явдал түгээмэл болж хууль бусаар ажиллаж, цагдаагийн байгууллагын ажлыг өмнөөс нь хийж байгааг эсэргүүцэн Египетийн цагдаа нар хэдэн өдрийн ажил хаяж билээ.
 
 
Гэхдээ манайд байгаа гажигуудыг шүүчихэд хамгаалж далдагнах хүн олдохгүй байх гэдэгт итгээд байгаа юм. Дахиад л мэдээ үзэв. Нас тогтсон "эр" бага насны охидод зөв амьдрах ухааны талаар лекц уншдаг байж гэнэ.
 
 
Хорвоо ертөнцийн хамгийн хөөрхөн охин гэдэгт итгүүлдэг тэр хүн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг байсан юм билээ. Ихэвчлэн бага насны охидод "буян үйлдэж", өөртөө итгэлтэй, өгөөмөр мэдээж чадвартай, цаашилбал ирээдүй нь гэрэлтсэн иргэн болгон төлөвшүүлэхэд нь тусалдаг гэх тэрбээр бяцхан шавь нараа "өвөртөлж" унтахаа урьтал болгодог нь илэрлээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгэмд олшроод буй гажигуудын нэг байсан юм билээ.
 
 
Бас болоогүй ээ, 17 настай хүүгээ хамсаатан болгочихсон байсан гэх. Сонирхуулахад, Сатаны библи гэж байх. Антон Шайдор Ла Вейгийн зохиол л доо. Тэнд "Гариг дээр мөрдөгдөх эрлэгийн 11 дүрэм гэж байдаг юм. Яг тэр дүрмийн дагуу амьдрах хэрэгтэй юм байна гэж бодогдох боллоо.
 
 
Тус дүрмийн тавд, хэрэв дохио хүлээн аваагүй бол хурьцлын ажилд бүү оролц гэж заасан байдаг бол. Дөрөвт, жижиг хүүхдийг бүү гомдоо гэж бичсэн байдаг юм. Харин энэ цаг дор хурьцлын ажилд жаахан охид золиослогдож, нарт хорвоог нулимстай, айдастай нүдээр насан туршдаа ширтэх хатуу тавиланг үүрэх ялтай төрсөн мэт байх болж.
 
 
Буруу санаагүй бол миний эрх чөлөө миний хөршийн эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдэг дээ. Гэтэл надад эрх чөлөө үлдээсэнгүй. Балчирхан үрст тоглож наадах цаг зав олгосонгүй. Ямар аав, ямар ээж, ямар ах дүүс гэх юм бэ. Элэг нэгт ахан дүүс гэдэг чинь энэ цагт ном зохиол дээр л үлдсэн юм биш үү.
 
 
Бусдын эрхийг хөлөндөө гишгэж, нийгмийн амгаланг нулимс бас айдаст автуулагчтай юун ардчилал, ямар амьд эрх ярих юм бэ. Нийгэмд гарч буй гэмт хэргийн золиос нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Сүүлдээ биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулж, наадах наадгай шигээ санасан мэт авирлах хэрцгийлэл хэрээс хэтэрлээ.
 
 
Надад үг хэлэх бас амьд явах эрх бий. Би бусдын амьд явах болон үг хэлэх эрхэнд халдах нь бүү хэл тэгж болно ч гэж төсөөлж үзээгүй. Харин зарим нэг гажигууд миний амьд явах, аз жаргалтай аж төрөх эрхийг татаад хаясан тамхины иш шиг санаж дарамт үзүүлж байна.
 
 
Би, өглөө болгон өөдөсхөн үрс үгээр хэлэхийн аргагүй тамлалыг туулжээ... Гэмтэнг эрж байна, хайж байна... Оллоо, одоо хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ манай Монгол ардчилсан улс учраас алахгүй 25 жил хорино гэх мэдээллийг хармааргүй байна.
 
 
Хуруугаа зүсчихээд цус гарахаар нь боож өгөх гэхээр нүдээ анин толгойгоо гилжийлгэдэг дүү маань, өө хөөрхий үхдэггүй л юм байна гэж телевизийн мэдээ үзээд тайвшрахыг хармааргүй байна.
 
 
Цус гарвал л үхнэ гэж эмзэглэдэг тэр маань жаахан хүүхэд нуруугаа заазуурдуулчихаад яагаа ч үгүй байна гэж бодохыг, бодсноо хэлэхийг сонсмооргүй байна. Ингээд зогсохгүй ээ. Энэ цагийн энхрий үрсийг "устгах", "дарлах", "тамлах" ёрын үйл...
 
 
Атга арвайг асгаад зүүний үзүүр дээр тогсон нь хүн болдог гэх сургаалийг жинхэнэ утгаар нь хийдүүлж байна, манай улсад. Статистик мэдээллээс харвал зөвхөн өнгөрсөн хоёр жилд гэхэд л албан ёсны бүртгэлтэй аборт 30 гаруй мянгыг хийжээ.
 
 
Дээр нь бүртгэлгүй, гэрээр зулбуулагсад тодруулбал, Нарантуул зах орчмоос хууль бусаар хил давуулсан хятад эм авч уун нүгэл үйлдэгсдийг нэмбэл, эл тоо лавтайяа нэг дахин өсч, 60 мянга хол давах биз. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэхээр хүүхэд "устгал"-д орсон гэсэн үг.
 
 
Түүгээр зогсохгүй үр хөндөлтийн 40 гаруй хувь нь анхны жирэмслэлт байдаг болохыг статистик харуулж байна. Шуудхан хэлчихэд Монголын үрсийг хороох багасгах бодлого хэрэгжээд эхэлчихэж. Тиймдээ ч хүүхэд нас руу хүргэж өгдөг галт тэргэнд суух хүн олдох болов уу гэх адайр бодол эргэлдээд байна.
 
 
Бодоод үз дээ, таван сартай хүүхдийнхээ толгой руу хадаастай модоор цохидог аавыг аав гэх үү. Жорлонд биш горшонконд бие засдаг жаахан охиныг эмэлсэн хүнийг эр хүн гэх үү. Max цусаа таслан төрүүлсэн үрээ архичин эртэй хамт амьдрах хүслэндээ хөтлөгдөн орхиод явсан эмийг ээж гэх үү.
 
 
Хүн бус үйлдэл хийгсэдтэй хүн бусаар ярих ёстой. Яадаг юм бэ. Таван сартай охины толгойд хадаас зоосон харгис эрийн толгой руу хадаастай модоор тоншоод үзье. Тавхан настай жаалыг заазуураар зүсэж суусан эрийн тарган хэвлийгээс нь цус гаргаад, өвдөлт, айдас ямар байдгийг өөрийнх нь биеэр мэдрүүлье.
 
 
Надад ийм л бодол бас хүсэл байна. Тэглээ гээд ардчиллаас урвасан анархист гэж шүүмжилбэл шүүмжил, нийгмийн сэтгэлзүйг эвгүйтүүлэхийг санаархсан мэргэжлийн ёсзүйгүй амьтан гэж гоочилбол гоочил. Би хүсч буйгаа л бичлээ. Надад ч гэсэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий гэдэгт би итгэдэг...
 
 
Хэрвээ энэ эрх чөлөөг минь хасаад оронд нь энэрэлгүй авиртнуудыг хатуу "шүүнэ" гэвэл болж байна. Гэхдээ ардчилсан хуулиар бус Линчийн шүүхээр шүүгээсэй гэж хүсч байна. Аль эсвэл насаар нь хорьж хүн хийж боломгүй, чадамгүй хүнд нөхцөлд ажиллуулж хөлсөөр нь хүн бус тамлалын золиос болсон үлдэгсдийг нь тэтгэе.
 
 
Улс тэднийг 25 жил тэжээх өргүй. Тэдэнд тэжээлгэх эрх ч байхгүй. Харин хатуу, хүнд хортой нөхцөлд ажиллахаас өөр аргагүй үйлдвэр байгуулчихаад ажиллуулж хүч хөдөлмөрийг нь ашиглая. Улсын төсөвт нэмэртэй. Тийм биш гэж үү...
 
 
З.Урансүх
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”