sonin.mn

 

Улсын начин аймгийн зааны нүдийг сохолж танхайрсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатад Чингэлтэй дүүргийн нутагт орших "Чингис" Pub бааранд танхайрч, хамт явсан найзынхаа эрүүл мэндэд халдсан хэргээр тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.
 
 
С.Эрдэнэбат нь самбо бөхийн тамирчин. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин, Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер нэгэн гэдгээр нь монголчууд андахгүй мэдэх билээ.
 
 
Архины халуун аатай бөхийн гарын шүүс болсон нөхрийг аймгийн заан “нугас” хочтой Болдбаатар гэдэг аж. Баянзүрх дүүргийн Спортын хорооны дарга асан Болдбаатарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 буюу Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр татсан байна.
 
 
Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан,
 
 
хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
 
 
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 201301050737 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа энэ хэргийг тус дүүргийн прокурор Соёлтхүү шалгаж байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлсэн.
 
 
Ямартай ч өөрийгөө буруугүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаар нэр хүндэд халдаж байна хэмээн мэдэгдэж байсан С.Эрдэнэбатыг одоогийн байдлаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт оролцогчоор татан, сэжигтнээр шалгаж байгаа нь ийнхүү үнэн болж таарлаа.
 
 
Дашрамд дурдахад, хохирогчийн бие одоо гайгүй болсон. Эмчилгээ нэлээд хийлгэж байгаа боловч нэг нүд нь хараа орох боломжгүй гэдгийг эмч нар хэлсэн гэнэ. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн нүд рүү хүнд мохоо зүйлээр цохиж гэмтээсний улмаас хараагүй болсон гэдэг дүгнэлтийг гаргасан талаар ойрын эх сурвалж өгүүлснийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.
 
 
Мөн түүний нүдийг халбагдаж биш өшиглөж гэмтээсэн талаар тухайн үед тус бааранд хамт байсан гэх нөхдүүд гэрчилж байгаа тухай ч мэдээлэл бидэнд ирсэн юм.
 
 
Н.Чинзориг
 
Эх сурвалж: new.mn