sonin.mn

 

Үхэл гэдэг хүний хүсэх зүйл биш. Тэгсэн атлаа яагаад гуч дөнгөж гарсан залуу эр үхэлд тэгтлээ яарна вэ. Атга арвай цацахад зүүний үзүүр дээр ердөө ганц, нь л тогтож үлддэгийн адилаар хүн гэдэг амьтан энэ дэлхий дээр ирнэ гэдэг ямархан их хувь тохиол болохыг хэлсээр атал тэрбээр юуны учир аминаасаа уйдан энэ хорвоогоос явахыг хүснэ гэж...
 
 
2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар явсан 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн гээд 20 хүнээс ердөө найм нь эсэн мэнд ижий аав, эхнэр хүүхэд ар гэртээ эргэн ирсэн.
 
 
Харин ид хийж бүтээх насандаа явсан 15 залуу амиа алдсан аймшигт түүхийг монголчууд мартаагүй, мартах ч учиргүй биз Тэд эх орон, ард түмнийхээ төлөө амь хайрлахгүй хэмээн тангараг өргөсөн ч гэлээ тэдэнд амьд үлдэх боломж байсан гэдгийг олон хүн бас тухайн үед хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс үгүйсгэдэггүй.
 
 
Харин гашуун түүхийн энэ алдааг давтахгүйн тулд ихэс дээдэс цаашид ажил үүргээ цалгардуулалгүй хийгээсэй билээ хэмээн найдаад сууя гэтэл харин амьд үлдсэн найман гал сөнөөгчийг бүхэл бүтэн улс харж хандаж чадахгүй байна гэдэг даанч харамсмаар.
 
 
МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн найман хүний нэг нь Онцгой байддын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч, шүхэрчин П.Цогжаргал. Ослоос амьд үлдснийхээ дараахан нэгэн ярилцлагадаа "Хэний төлөө тангараг өргөж, хэний тушаалаар улаан галын өөдөөс явсан нь энэ төрд хамаагүй болжээ.
 
 
Хүн эцэст нь үхэлтэй эвлэрдэг юм билээ, үхэх тухай бодоход хамгийн түрүүн хоёр охиноо санасан. Тэр үед тэднийгээ үнсэхийг хэчнээн их хүссэн гээч" хэмээн сэтгэл шимшрүүлэн ярьсан байсан. Ослын үеэр онгоцны бэхэлгээний сэгэнд баруун гараа даруулсны улмаас гараа тайруулахаас өөр аргагүйд хүрч тайруулсан.
 
 
Тухайн үед түүнийг амьд үлдсэнд нь баярлах хүн олон байснаас бус баруун гараа тайруулаад дараа нь яана даа гэж санаа зовох сэтгэлтэн нэг ч байгаагүй. Байх ч үгүй байсан биз. Осолд орсных нь дараахан групп тогтоолгон, гэртээ ажилгүй суух болжээ.
 
 
Дөрвөн хананы дунд тааз ширтэн хэвтэх нь түүний хүсэл, мөрөөдөл хэзээ ч байгаагүй. Гэтэл өнөөдөр бидний азтайд тооцох энэ залуу аминаасаа уйдан энэ хорвоогоос үүрд явахыг хүсч эцэстээ хүний амь бүрэлгэсэн хэрэгтэн, гэмтэн болчихлоо.
 
 
Тавдугаар сарын есний өдөр 16.15 цагийн орчим, Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны есөн давхарын цонхоор аврагч, түрүүч П.Цогжаргал амиа хорлох гэж үсэрсэн ч "азаар" амьд үлдэж, харин түүнийг үсрэх үед доор нь явж таарсан 49 настай, иргэн Ч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
 
 
Цэрэг хүний чанга хатуу дэг сургуулиар явж, эр зоригийн спорт гэгддэг шүхэрийн спортоор хар багаасаа хичээллэж шүхэрчний мэргэжил эзэмшсэн тэр тийм ч амархан амьдралд сөхрөх нэгэн биш ч амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл болсон ажил, алба нь түүнийг хөсөр хаясан нь энэ хорвоогоос үүрд явахаас өөр сонголтыг түүнд үлдээгүй гэлтэй.
 
 
Түүнийг ийн амиа хорлохоос аргагүйд хүргэсэн гэмтэн нь тэгэхээр төрийг төлөөлсөн төлөөлөл буюу Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, салбар хариуцсан Шадар сайдтан та гээд шуудхан хэлчихэд хатуудахгүй биз. Өөрийнх нь мөрөөдөл болсон ажлыг нь биш юм аа гэхэд түүнд тохирсон ажил хийлгэх л ёстой байсан юм.
 
 
Тэр өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байсан бол хүний амь бүрэлгэсэн хэрэгтэн бус харин хоёр хүүхдийнхээ сайн аав, сайн эр нөхөр, өрхийн сайн тэргүүн, энэ төрд хийсэн зүйлтэй хэлэх үгтэй байх байлаа. Харин одоо тэр зүгээр л нэг хүний амь бүрэлгэсэн гэмтэн болон адлагдчихлаа, энэ нийгмээс.
 
 
Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн 94.1 дүгээр зүйл ангиар буруутган шалгаж байгаа юм билээ. Тэгэхээр дээрх зүйл ангид "Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулна" гэжээ. Тэгэхээр түүнийг хөсөр хаясан энэ төрөөс буруу бүхэнийг нэхэх хэрэгтэй биш гэж үү.
 
 
Б.Болорчимэг
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"