sonin.mn
Наадмын дараа намар гэдэг. Намрын ажил ид өрнөх цаг хаяанд ирчихсэн байхад нийслэлчүүд назгайрч эхэллээ. Арга ч үгүй биз. Амралт, зугаалгын улирал эхэлчихсэн болохоор албан тушаалтнаас нь авахуулаад ард түмэн нь ээлжийн амралтад эзэмдүүлж.
 
Гэхдээ ажил бол ажил л байх ёстой. Тэр дундаа авлигын гэх тодотголтой хэргүүд "амралт"-аа авах учиргүй. Өдөр алгасахгүй шалгагдаж, өндөр албан тушаалтнуудыг сандаргаж байсан авлигын хэргүүд нам дарагдав.
 
Саяхан даа, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэр О.Эрдэнэсолонго нарыг их хэмжээний мөнгөний асуудалд нэр холбогдуулан шалгаж эхэлсэн. Тухайн үед Хууль зүйн сайдтай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр цахим ертөнцөөр цэцэрхэж, ам хэлээ билүүдэж байсныг санаж байна.
 
Адаг сүүлд нь Улсын мөрдөн байцаах газраас О.Эрдэнэсолонгын данснаас их хэмжээний мөнгө олдсоныг гэрчилж, эр нөхрийг нь хам хэрэгт татах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр Авлигатай тэмцэх газраас тэдний хэргийг нэгтгэж шалгахаар болсныг дуулгаж улмаар Ё.Отгонбаярын гэр бүлд хавтаст хэрэг нэмсэн. 
 
Сүр дуулиантай эхэлсэн энэ хэрэг ийм амархан намжих байсныг хэн мэдлээ Хэтрүүлж хэлэхэд, хэргийг шалгасан, шалгуулсан нэр зүүгээд хав дарах хакер төлөвлөгөө явагдаад байгаа ч юм билүү бүү мэд. Ямартай ч энэ хэргийг шалгах явц зогсонги байдалд оржээ.
 
Хэрэг хэзээ ч хуучирдаггүй
 
Төрийн хайр ивээлд багтсан түмний элч нар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад зогсохгүй, тэрбум, тэрбумаар нь тэвэрч хэвтдэг тийм л жудаггүй хүмүүс. Төрийн албан хаагчийн цалин бага, хаанаа ч хүрдэггүй, ханзархай гутал, халцарсан хувцастай явдаг халаас нимгэнтэнгүүд гэж өөрсдийгөө цоллодог ч үнэн хэрэгтээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баячууд л байдаг шүү дээ.
 
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр. Түүнтэй холбоотой элдэв асуудал яригддаг ч төдийлөн шалгаж төвөг удаж байсангүй. Улс төрийн хүрээллийнхэн нь түүнийг мөнгө зуучлах, завшихдаа гаргууд гэдгийг нь ярьдаг юм билээ.
 
Гэхдээ эзнийхээ чихэнд хүрээгүй энэ үг худлаа эсэхийг хэн мэдэх вэ. Яадаг ч байсан тэр авлигын хэрэгт орооцолдож, аврал нэхэж яваа сүйхээтэй эр. Зүүний сүвэгчээр ч болов сугараад үлдэх хоншоортой түүнийг хүчнийхэн зүгээр тавиад явуулчихгүй байлгүй.
 
Олон юм нуршилгүй Ё.Отгонбаяр ямар хэрэгт нэр холбогдсоныг өгүүлье. Тэрбээр "Авлига авсан гэх. Анх удаа дуулж байна. Шалгуулахаас айх юм алга" хэмээн чаталж байсан удаатай. Түүний ингэж бухимдах нь аргагүй. Авгайг нь цагдан хорьсноор авлигын хэрэг нь сөхөгдөж амь нэхсэн нь энэ.
 
Эрхэм гишүүний эхнэр нэг биш нэлээд олон данс эзэмшигч байсан нь сэжигтэй. Бүр сэжүүрийг нь атгаж сэжигтнүүдийг тогтоож эхэлсэн нь сайхан мэдээ. О.Эрдэнэсолонго нь "Төрийн банк (Зоос)", "Анод", "Улаанбаатар", "Голомт" зэрэг банкинд 26 данстай. 
 
"Төрийн банк"-ны 240509.... дансанд 80-420 сая төгрөг ойр ойрхон шилжигдэж байсан нь бүүр ч хардлага төрүүлнэ. Энэ тоо бол зөвхөн нэг дансны нааш цааш эргэлдүүлсэн мөнгөний хэмжээ.
 
Тэгэхээр үлдсэн 20 гаруй дансны орлого. зарлагыг шалгахад хэр хэмжээний мөнгө шилжигдсэн нь тодорхой болно. Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг түүнд арай л ахадсан мөнгө төвлөрсөн байгаа биз. 
 
Тэгэхээр Ё.Отгонбаярын эхнэр авлига авсан уу, эсвэл мөнгө угааж байсан уу. Аль нь ч бай, албаныхан шалгаж үзээд эхнэрийнх нь нэр дээрх данс эрхэм гишүүнийх болохыг тогтоосон юм. Ингээд бодохоор эхнэр нь биш Ё.Отгонбаяр өөрөө гэмтэн болов.
 
Албан мэдээллээр Ё.Отгонбаяр иргэн Ч-гээс авлига өгөхийг шаардсан гэдэг. Чухам энэ хүнээс ямар шалтгаанаар мөнгө нэхсэн байж таарах вэ. Ч гэгч хэн бэ. Эл хүнийг Чогной гэх. Харин эрхэмлэн дууддаг нэр нь Х.Цогнойжамц. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг матсан ангууч юм. 
 
Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байх үед Налайх дүүрэгт Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийг өөрийн хөрөнгөөр барьсан хүн бол өнөөх Чогной. Улмаар сургуулиа бариад хүлээлгэж өгөх явцад Ё.Отгонбаяр, Чогной хоёрын дунд асуудал үүсчээ. 
 
Асуудал тун энгийн. Сургуулийг хүлээлгэж өгөх ажилд Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн "хориг" тавьсан гэлцдэг. Энэ мөнгө хаанаас эхтэй вэ. Мэдээж хөрөнгө менгөөрөө хүнийг айлгаж сүрдүүлдэг эрхэм гишүүнтэй холбоотой. Тодруулбал, хориг саадыг давж чадаагүй Чогной юутай ч арга мухардахдаа сургуулиа улсад хүлээлгэж өгсөн байдаг. 
 
Ингээд өөрийн гаргасан зардлаа улсаас гаргуулж хохиролгүй болж. Гэтэл Ё.Отгонбаяр өөрийн найз А.Чинбатаар дамжуулан Чогнойгоос мөнгө нэхжээ. Ийм л болчимгүй үйлдэл эрхэм гишүүнийг эрүүгийн элемент рүү чирсэн юм. 
 
Өөрөөр хэлбэл, хүнээ зөв олж нөхөрлөөгүй эрхэм гишүүн "хулхи" хочоороо алдаршсан Чогнойд хууртагдаж, хань ижил, найз нөхдийн хамт хам хэрэгт татагдсан түүх ердөө л энэ. Тэгэхээр эрхэм гишүүний эхнэрийнх нь дансанд байсан мөнгөний учиг тайлагдав. 
 
Хэдийгээр хэргийн сэжүүр олдсон ч эрхэм гишүүний бүрэн эрх тушаа болж хэрэг сунжрах шатандаа оржээ. Ямар нэгэн хэргийг шалгахад хуулийн хугацаа гэж бий. Хугацаа нь сунжирч, хурган дарга нарын дарамтаас үүдсэн хэрэг нам дарагдах гэмтэй ч хэдэн саяар тоологдох их мөнгөний үзүүрээс атгасан цагдаа нар тийм ч амархан тавиад явуулчихгүй байлгүй. 
 
Ямартай ч мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд хэргээ хүлээгээд эхэлчихсэн болохоор хэззэ нэгэн цагт шийдэгдэж л таараа
 
 
Б.Чанцал
 
Эх сурвалж: