sonin.mn
“Дээврээсээ ус алдаад борооны усанд живэх нь ээ” гэсэн мессэж хүлээн авч өчигдөр өглөөг угтав. Нойрмог байсан болоод ч тэр үү, нойтон шалан дээр гишгэж хувин барьж дусаал тосохын зовлонг мэдэхгүйдээ ч тэр үү тухайн мессэжийг нүдээрээ гүйлгэж уншаад тэгсгээд орхив.
 
Яаран сандчин байж хагас дутуухан өглөөний цайгаа уусан болоод ажлынхаа зүг яаравчлаад хувингаар цутгах мэт борооны усанд норчихгүйг хичээн байж такси барихаар хүлээв. Яагаад ч юм манайд бороо цастай өглөө такси зогсоно гэдэг өдрийн од шиг гэдгийг гадарлах тул арван минут хэртэй замын хажууд норж зогсов.
 
Зогсох дохио өгч хурдаа сааруулах эхний таксины жолоочийг хаашаа явах вэ гэж асууж ч амжаагүй байхад нь ороод суучихав. Арай гэж өөрийг анзаарахтайгаа болсон би нойрмог нүдээр уншссан өнөөх мессэжийг санав.
 
Яг л өнөөх манай барилгын компаниудын тэргүүн эгнээнд жагсдаг “Эко констракшн”-ий Нямдаваа үгүй бол өнөөх алдарт “Богда Холдинг”- ийн Богд-Ар хорооллыг бариулсан өвөрлөгч эр Идэнбаяр гэгч эрхмүүдэд уншуулж зүрх сэтгэлийг нь сэмлэмээр санагдав.
 
Ийн бодлоо дуусгаж ч амжаагүй “хүний зовлонгоор жаргаж чаддаг хүмүүст сэмрэх сэтгэл зүрх даанч байхгүй л дээ” хэмээн бодсоор ажилдаа ирлээ. Хэдэн өдөр үргэлжилж орсон усан бороо өглөөнөөс эхлэн утасыг минь завгүй дуудлагатай байхад ийнхүү нөлөөлөв.
 
Учир нь манай сонин өмнөх дугаартаа Экогийн байруудын хөгц мөөгөнцөр, зай талбайн дутуу, ил далд монтажных нь хулхи мууг цуврал сурвалжлагаар дэлгэж байсан. Богд-Ар ч ялгаагүй Экогийн тарьсан балагтай зуузай холбож барилгын салбарыг баалахад хүргэсэн гавьяатай.
 
Мэдээж ихэр юм шиг ийм компаниуд энэ салбарт чанаргүй хотхон хорооллуудаараа бусдыгаа чирсэн нь орон сууц мөрөөдөгсдөд олз болсон. Насан туршдаа амьдрах орон байраа нар сар гэрэлтсэн, ус хөгцөндөө идэгдсэн байхыг хэнбугай ч хүсэхгүй. Гэтэл бидний удаа дараа хөндсөн асуудал тийм л байсан.
 
Бүүр өнөөх арай өөр давхрагынханд хаягласан “Маршал таун”, “Голден парк”, “Тэмүүлэл”-ийнхэн ч бүгд л нэг ижил зовлон дунд амьдарч байсныг уншигч авхай санаж буй биз. Богд-Арыг бол анхнаасаа л ядууст зориулж чанаргүй барьсан гэдгээ Идэнбаяр гэгч нь СӨХ-ныхоо дарга Шүрхүүд нялуун шулуунгүй хэлчихсэн байсан.
 
Тэгвэл усан бороо хувингаар цутгах мэт орох бүрт утсанд минь дээрх компаниудын барьж шавсан байрны оршин суугчдаас ийм мессэж ирээд байвал намар оройтсон бороо, идэр есийн жавар тачигнасан өвлийг яаж барах билээ, би.
 
Тэгээд бодлоо...шүүрэн шанага шиг дээвэртэй дээрх хорооллынхон яажшуухан нэг юм усан бороонд мэнд гарах гэж тэвдэж байгаа бол хэмээн санаашрахын зовлонг их олон хүнд мэдрүүлмээр болов.
 
“Өчигдрийн бороонд түмпэн савны эрэлд гарч цурам ч хийсэнгүй, дээд давхрын айлууд руу дусаал гоожоод иргэд дэмий л СӨХ-дөө гомдоллож бороо намдахыг хүлээн үүр цайлгалаа” гэсэн “Богда Холдинг”-ийн гүйцэтгэсэн “Богд-Ар” хорооллын 7а байрны СӨХ-ны дарга Б.Шүрхүүгийн яриа байн байн чихнээ сонсогдоод болсонгүй.
 
Тус байрны дээд давхрынхан бол аргаа баржээ. Бороо зогсохыг хүлээж унтаагүй гэнэ. Ийм байдал ганц өчигдөр ч биш бороо цас элбэгтэй цагт байнга тохиолддог тул хувийн бэлтгэлээ ихэд хангацгаажээ. Дэмий л СӨХ-ныхоо дарга руу залгаж бухимдлаа илэрхийлдэг гэдгийг ч Шүрхүү гуай учирлана билээ.
 
Ханын цаас нь хууларч тааз нь нэлэнхүйдээ усанд автсан айлууд хивс, дэвсгэрээсээ эхлээд хүүхдийнхээ хувцасыг хүртэл хатаахын мөрөөсөл болж нар гарахыг хүлээх нь эмзэглэмээр юм. Өнөөх танил мөөгөнцөрийн эхүүн үнэр орон сууцны хаана ч толгой эргэм үнэртэх бөгөөд үүн дээр урд шөнийн орсон борооны чийг “Богд-Ар”-ыг бохирын өрөөнөөс ч дор байдалд оруулжээ. Хагас цаг л байхад толгой өвдөж дотор эвгүйрхэнэ.
 
Залуу хүн ч яахав болоод байдаг юм аа гэж бодоход хүүхэд, хөгшид яаж тэснэ вэ. Салхивч, хаалгаа онгойлоод өдөржин байсан ч нэмэргүй, энэ чийг, мөөгөнцөрийн эхүүн үнэр мөд арилдаггүй гэх юм.
 
Өвөлдөө уур, цан цохиж хана, тааз, шалнаасаа битүү мөсөн хучлагатай байдаг бол зундаа бороо битгий ороосой хэмээн залбирч нартай өдрийг тоолон баярладаг гэсэн эмгэнэлтэй ч юм шиг инээдэмтэй ч юм шиг зүйл ярина билээ. Арга ч үгүй биз. Орон гэрийнх нь хамгийн чухал хэсэг болох дээвэр, туурга ийн шүүрэн шанага шиг болчихсон байхад хэн гуай ч тайван суух билээ.
 
Бороо, чийгнээс болж нэг бус удаа байраараа галд автах аюулд унаж байжээ. Тодруулбал, тус байрны цахилгааны дэд станц буруу газар байрласнаас гадна тэжээлийн утас нь доод давхрын чийгэн дундуур татагдсанаас болж гал гарч байжээ.
 
Мөн 2012 оны сүүлчээр мөн л цас, усны нөлөөгөөр бараг хоёр өдөр цахилгааны сааталтай байсныг байрныхан хэлж байна. Ер нь уг барилгад цахилгаан, агааржуулалтын болон сантехникийн холболтыг мэргэжлийн үндслэлгүй, чанаргүй материалаар хийсэн харгайг бороо, цасны улиралд оршин суугчид л мэдэрдэг.
 
Энэ байрыг “Байнгын ашиглалтад хүлээж авч болно” хэмээн зөвшөөрсөн УМХЕГ-ын нэр бүхий байцаагчдад хариуцлагыг нь үүрүүлж энэ айлуудаас жилд гарч байгаа үргүй зардлын мөнгийг гаргуулъя.
 
2005 оноос хойш жил бүр багаар бодоход л сая төгрөгөөр засвар хийдэг гэж бодвол найман сая төгрөгийг нэг айл орон сууцны асуудалдаа зарцуулж байна. Үүнийг “Богд-Ар”-ын 300 гаруй айлаар тооцвол дахиад ч энэ хэмжээний хороолол барих мөнгө хангалттай гарч байна.
 
Богд-Арынхантай ялгаагүй байдалд Экогийнхон ч бас байгааг мессэжний эзэн хэлнэ билээ. Усан далайд живэх нь ээ гэсэн ганц өгүүлбэр тэндхийнхийг ямархан орчин нөхцөлд амьдарч байгааг илчилнэ биш үү.
 
Сонин юм шүү. Мэргэжлийн байтугай, тас хөндлөн нүдтэй хэнд ч болов “Тэмүүлэл” хотхон “Хүлээж авч болохгүй” гэсэн улаан шугамд багтахаар дүр зураг өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байтал хэн, яагаад “Ашиглалтад өгч болно” гэсэн дүгнэлт үйлдчихэв ээ.
 
Энэ мэт иргэдийг хохироосон, халаасыг нь сэгсэрсэн үйл хэргийн эзэн “Эко констракшн” мэтийн компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Бүтээн байгуулалтын нүүр царай болох хэмжээний ач холбогдолтой хотын А зэрэглэлийн бүсэд энэ мэт хэврэг хотхон, хорооллууд сүндэрлэсээр байх уу.
 
Уг нь энэ бүхнийг МХЕГ гэх сүржин нэртэй дархан эрхтэй байгууллага хариуцдаг л баймаарсан. Байцаагч нар нь Эко-гийн халаасанд багтчихав уу, бодлого үйл хэрэг нь жулдав уу, юутай ч эхлээд МХЕГ-ыг ажиллуулъя.
 
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж төр, олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх тангараг өргөсөн л бол энэ байгууллагынхан ч мөн ажлаа хийе. Байцаагчдаа барилгын салбар руу томилоно уу.
 
Төрийн болон түмний мөнгийг барилгын салбарт угааж байгаа Экод хатуухан гар хэрэгтэй байгааг мэргэжлийн түвшинд шалгаад, дэлгээд өгөөч. Бороо цас оронгуут л Нямдаваа, Идэнбаяр нарын утасны дугаарыг олон нийтэд зарлаж байя. Үгүй ядаж иргэд ганц хоёр өдөр ч болов гомдлоо тайлж асуудлаа илгээж байг.
 
М.Мөнхтунгалаг
 
Эх сурвалж: