sonin.mn
Эмч нарын хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрснийг хэн хүнгүй л ярьдаг. Үүнийг нь салбар хариуцсан сайд нь улаан нүүрээрээ хамгаалж, урагшгүй албатуудаа өмөөрдөг.
 
Гэтэл эмч гэхээсээ илүү эрлэгийн элч гэмээр цагаан нөмрөгтнүүд нь хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, дөнгөж төрсөн нярайгаар зугаагаа гаргасан үйлдэл ил болж олныг цочирдууллаа.
 
Тодруулж хэлбэл, энэ сарын 4-нд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эх баригч нь эрүүл саруул төрөх байсан хүүг эгээтэй л хөнөөчихөөгүй аж. Дөнгөж төрж буй нярайг толгойноос нь зориулалтын багажаар татсан хэрнээ алдаа гаргасан байна. Үүнээс болж нярай тархиндаа гэмтэл авчээ.
 
Одоогийн байдлаар нярайн бие дээрдэж, хэвийн байдалдаа орж байгаа ч хариуцлага алдсан эмчийг ажлаас нь халсан гэхээс өөр зүйлгүй байгаа юм. Ажлын байрандаа архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед гэмтэл учруулсан түүнийг халаад өнгөрөх биш хатуухан арга хэмжээ авсан ч буруудахгүй.
 
Учир нь эх барихын эмч нар хариуцлага өндөртэй байх ёстой. Энэ ч утгаараа төрөх гэж буй эхчүүдтэй хүний ёсоор хандаж, тэднийг эсэн мэнд амаржуулах эрхэм үүрэгтэй. Гэтэл эхчүүдийг хэл амаар доромжилж, гутаах эрх тэдэнд байхгүй.
 
Эмчийн ёс зүй, эмнэлгийн үйл ажиллагаа мэргэжлийн бус байгааг энэ мэт үйлдлүүд гэрчилсээр байгааг салбар хариуцсан сайд нь санах ойдоо тунгаах биз ээ. Нийт эмч нараас болж эрүүл мэндийн салбар унаад байгаа юм биш.
 
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг, хэсэг бүлэг хариуцлагагүй эмч нараас болж ийм байдал үүсээд байгааг эрх ч биш эрүүл мэндийн сайд нь гадарлах байлгүй. Өнгөрсөн хугацаанд төрсөн эхийн сэтгэл зүйгээр тоглож, нярайн биед гэмтэл учруулсан олон тохиолдлууд гарсан.
 
Шил шилээ даран гарах эдгээр асуудалд шийд гаргаж, эмнэлгийн салбараа аврахгүй бол эрүүл мэндийн байгууллагууд чинь "элий, балай" эмч нараар дүүрэх вий дээ.
 
Эх сурвалж: