Аялал хийж явсан оюутан төөрсөн тухай мэдээлэл энэ сарын 14-ний 20.45 цагийн орчимд онцгой байдлынханд иржээ. 
 
Тодруулбал, “Хангай” дээд сургуулийн 270 гаруй оюутан Төв аймгийн Зуунмод сумын Манзуширын амнаас Цэцээ гүний оргил гарахаар явж байхад 15 настай Г.Мөнхгэрэл гэх оюутан алга болсон байна. 
 
Үүний дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж хоёр хэсэг болон хайж эхэлсэн. Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ч алга болсон оюутныг хайхаар нэмэлт хүч гаргасан аж.
 
Эрлийн багийнхан шөнөжин ажиллаж маргааш нь буюу энэ сарын 15-ны 06.00 цагийн үед ар гэрийнхэнтэй нь холбоо тогтооход алга болсон гэх Г.Мөнхгэрэл гэртээ ирсэн байжээ. 
 
Өөрөөр хэлбэл, оюутан алга болсон өдрийнхөө 22.00 цагийн орчимд гэртээ ирсэн байна. Түүнийг хайж байгааг гэр бүлийнхэн, хамт олон нь мэдэж байсан атлаа гэртээ ирснийг нь албаныханд мэдээлэх боломжтой байж. 
 
Гэтэл хэл дуулгаагүйн улмаас онцгой байдлын албаныхан шөнөжин эрэл хийж, бензин тосоо гарзадсан байна. Энэ мэтчилэн Онцгой байдлын албанд сураггүй алга болсон гэх иргэдийн дуудлага тодорхой хувийг эзэлдэг. 
 
Гэвч өнөөх сураггүй гэх иргэд нь энд тэнд архи ууж тасарсан, аль нэг газарт очсон зэргээс нь болж ар гэрийнхэн нь эрэл сурал хийж албаныхныг чирэгдүүлдэг. Тиймээс ард иргэд онцгой байдлын албанд өгөх дуудлагадаа хариуцлагатай хандаж, худал, ташаа мэдээлэл өгөхгүй байх нь чухал юм. 
 
Анхааруулж хэлэхэд, гэр орноосоо гарч, амралт зугаалга, ажил хэргээр гадагш явахдаа ар гэрийнхэндээ өөрийн мэдээлэл, холбогдох гар утсаа заавал мэдэгдэж байх.
 
Гэр орноосоо төөрөх тохиолдолд хамт яваа хүмүүст холбоо барьж мэдэгдэх, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, хэлтэстэй яаралтай холбогдох хэрэгтэй. Харин ар гэртээ очсон тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
 
 
А.Лхагва
 
Эх сурвалж: