Сайхан байж ээ, хуучин нийгмийн үед... Хүмүүс тавгүйтэж гэмтэж бэртэж, таагүй явдал тохиолдоход аврагчтай, үгүй дээ л аварна гэсэн итгэлтэй аж төрдөг байж. Тиймдээ ч миний цагдаа намайг хамгаална гэж итгэл дүүрэн хэлдэг байж. Харин өдгөө бол үгүй. Хүүхдүүдийн хэлдгээр хамгааллаа юу?...
 
2008 оны долоодугаар сарын нэгэнд төрийн өмнө өргөсөн тангарагтай үнэнчээ батлан цагдаа хүүхдүүдийг буруутгахгүй байж болох ч согтуугаар хүн дайрчихаад бултчихсан цагдаа нарыг өмөөрч өмгөөлөх ганц ч уг санаанд яагаад ч орохгүй нь.
 
Эргэн сануулахад энэ сарын 18-ны 01,00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн Ганцхудагийн автобусны буудлын орчим Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч Ж.Түмэн-Өлгий, Д.Батдэлгэр нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон.
 
Мөн иргэн Н-ийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 215.3,216.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх.
 
Осол гарах үед цагдаа нар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд чам тээврийн осол гаргасан газрыг орхин зугтаасныг Замын цагдаагийн бүрэлдэхүүн тухайн шуурхай ажиллан илрүүлсэн гэдэг.
 
Дахин сануулахад, өдийгөөс таван жилийн тэртээ Улсын начин П.Ганбаярын амь насыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дөрвөн ажилтан хөнөөсөн. Уг хэрэгт Эрүүлжүүлэх байрны цагдаа С.Бат-Очирыг гол буруутан гэж үзээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар зүйчлэн 10-15 жилийн хорих ял , мөн хэрэгт холбогдоод байгаа У.Золзаяа, С.Ганзориг, Б.Цогбадрах нарт эрх мэдлээ хэтрүүлэн, бүлэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр хүртэлх жилээр хорих ял оноосон санагдаж байна.
 
Бас нэгэнтээ Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Төгсбаяр танилаа хөдөлмөрийн чадваргүй болтол нь зодсон ч Өршөөлийн хуульд хамрагдсан удаатай. Тэр тэнэг "Чи надад таалагддаггүй" хэмээн эртний танил залуугаа зодчихсон.
 
Тэрбээр хохирогчтой хамт байсан гэрчүүдийг “Та нарыг эрүүлжүүлэхэд хатаана шүү" хэмээн айлган сүрдүүлж, өөрт ашигтай мэдүүлэг өгүүлсэн гэж дуулдсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, мэдээж цагдаа гуайтай холбоотой шүү дээ.
 
Цагдаагийн офицер зэвсэглэж, дээрэм хийхийг завдсан хэрэг олны анхаарлыг татаад хэд хонож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг 33 настай Э гэгч есдүгээр сарын 18-ны орой буюу хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн IV хороонд байрладаг "Толла" дэлгүүрээс 20.30 цагийн орчимд орлогыг нь дээрэмдэхийг завдсан юм;
 
Дэлгүүрийн ажилтнууд түүнийг цагдаагийн байгууллагад мэдээлж, баривчлуулсан бөгөөд хэрэг үйлдэхдээ хийн буутай байсныг нотолсон. Өдгөө сэжигтэн Э-г Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт буруутган хорьж, шалгаж байгаа. Ингээд бодохоор ямар байна даа?
 
Хамгаалахаар байна уу, таны, миний, Монголын цагдаа. Харин ч цагдаа нартай шөргөөцөлдвөл хохирсон дээр хохироод танил талаараа аргалуулаад эсрэгээрээ та өөрөө гэмтэн болчихож магад. Худлаа гэвэл цагдаатай холбоотой асуудалд орооцолдсон танилаасаа лавлаадхаарай.
 
Дашрамд дуулгахад миний нэг танил төрийн бус байгууллагын хүүхэн толгой сэгсрэн надад ийн ярьж байсан удаатай. Мань хүн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилладаг юм л даа. Хүчирхийлэлд автсан олон ч хүн ханддаг байж таарна. Гэтэл дадлагын оюутан их сонин судалгаа хийж.
 
Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхнүүдийн 10 хувь нь цагдаа нөхөртэй байсан гэж байгаа. Бас биеэ үнэлэгчдийн 70 шахам хувь нь ачигдахгүйн тулд цагдаатай унтсан гэх тооцоо ч байдаг юм билээ. Харамсмаар халагламаар харанхуй орчинд Монголын цагдаа нар ажиллаж амьдарч байна гэж халаглахаас ч дур гутам.
 
Мэдээж харанхуй шөнө, бороотой үдшийг үл харгалзан чин сэтгэлээсээ тангараг өргөсөн төрийн албаа амжуулж яваа нь олон. Дээр цухас дурдсан нөхөд бол цөөн маш бага хувь нь байж магад.
 
Гэхдээ л гудамжинд шүлсээ хаян хашгирч, хавьтсан ойртсноо дарамталж буй архичныг тоодоггүй атлаа хэдэн халтар хүүхдэдээ талхны мөнгө олох гэж гар дээрээс чихэр, бохь ширхэглэж суугаа эмэгтэйг хоргоох илүү дуртай байдгийг нь Монголын ард түмэн мэднэ.
 
Ингэхэд байна аа, цагдаа нарын ахуй хангамжийг сайжруулахаасаа өмнө хэнэггүй ёсгүй ажлаа хийдүүлэгч нарыг эгнээнээс нь цэвэрлэх их аян өрнүүлбэл яасан юм бэ. Би, Монголын цагдаа согтуу явж байгаад намайг мөргөнө, тэгээд зугтчихна. Мэдээж анхны тусламж оройтсон учраас нөгөө ертөнц рүү очино.
 
Тэндхийн цагдаа нар тун сайн ажилладаг. Согтуудаа машин барьдаггүй. Мөргөөд зугтдаггүй гэж мөрөөдмөөргүй байна. Цагдаа бол төр. Төр нь иргэнээ хамгаалах үүрэгтэй.
 
Бас цагдаа нарыг төрийн чимэг гэж магтан дуулсан дуу ч байдаг. Ийм муу цагдаа нараар чимэглэдэг төр ямар байж таарах вэ. Аймаар биш гэж үү? Яаж ч бодсон бищ ээ. Өнөөгийн нөхцөлд миний цагдаа хамгааллаа юу??? Ёстой инээд хүрчихлээ...
 
Н.Батнягт
 
Чингэлтэй дүүргийн иргэн
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин