sonin.mn

Төрөөс ард иргэддээ зо­риулж өнгөрсөн жилээс орон сууцны ипотекийн зээл хэрэгжүүлж эхэлсэн. Одоо­­гийн байдлаар энэ­­хүү зээлд 34 мянга 567 иргэн хам­­­­раг­даж, цаана нь зээл авах сонирхолтой 200 мян­ган иргэн байгаа гэдгийг нийс­­­лэлээс мэ­дэгдсэн.

Уг нь иргэн бүр орон сууцтай бо­лохыг хүсч байгаа ч зарим нь аар саархан зүйлээс болж хөнгөлөлттэй зээлд хам­раг­даж чадахгүй байгаа юм. Тод­руулбал өмнө нь ямар нэг төрлийн зээл авчихаад эргүүлэн тө­лөхдөө хоног алд­­­санаас үү­дэн “Хугацаа хэ­­тэрсэн” зээл гэдэг заал­таар зээ­лийн мэдээллийн санд бүрт­гэгдсэн тул ирээ­­дүй нь ийн бүрхэг болж буй хэрэг.

Түүнчлэн энэхүү мэ­дээллийн сангаас тухайн иргэний зээлтэй эсэх, өмнө нь хэр зэргийн найдвартай зээлдэгч байсан гэх зэрэг мэдээллийг авдаг бөгөөд зээлээ төлөхгүй “зугтсан” тухай нь ч бүртгэсэн байдаг.

Энэхүү санд ямар нэгэн байдлаар “хар” мөр үлдээсэн л бол дахин зээл авах боломжгүй болдог. Хамгийн хачирхалтай нь зээлээ тө­лөхгүй гурав хо­ног өнжсөн хүн, гурван сар зуг­­таасан ир­­гэнтэй адилхан шийт­гэл хүлээж, дахин зээл авах боломж­гүй болоод байна.

Хэдийгээр хугацаа хэ­тэрсэн зээл гэж цоллогдож байгаа ч иргэн гурав хоног хэ­тэрсэн хуга­цааныхаа хүүг алдагдалтай нь төлдөг. Гэх­дээ бус үйлдлийн бурууг арилжааны банкууд, Төв­банкнаас хайх хэрэггүй. Яа­гаад гэвэл тэд хууль, жур­мын дагуу л үйл ажил­лагаагаа явуулж бай­гаа. Харин асууд­лын гол нь Зээлийн мэ­дээллийн сангийн тухай хуульд байгаа юм.

2012 оны нэгдүгээр са­рын 1-нээс хэрэгжиж эхэл­сэн уг хуульд сүүлчийн зургаан жи­лийн мэдээллийг ха­руулахаар хуульчлагдсан. Одоо Төвбанкинд байршиж буй Зээлийн мэ­дээл­лийн сан­гийн гол зорилго нь зээлийн мэдээллийг бүртгэх. Иргэн, компани, байгууллага хэдэн төгрөгийн зээл авсан, зээлээ хугацаанд нь төлсөн эсэх гэх мэт бүх мэдээлэл энэ санд бий.

Тэгэхээр хаана ийнхүү маргаан үүсээд байна вэ гэхээр Зээлийн мэдээллийн сан­гийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2-т “Зээл­­­дүүлэгч нь зээлийн эрс­дэлийг үнэлэх зорилгоор зээ­лийн мэдээллийг авч ашиг­­лах” гэсэн заалт бий.

Банк, банк бус санхүүгийн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл ол­гохдоо уг заалтыг барим­талж зээл олгох эсэхээ, олговол хэ­дэн хувийн хүүтэй олгох зэргээ шийддэг. Харин тухайн зээл хүсэгч нь Зээлийн мэдээллийн санд ямар нэгэн байдлаар таа­­руу­­хан үзүүлэлттэйгээр тэм­дэглэгдсэн байвал “баяр­­­тай” болно гэсэн үг.

Тиймээс иргэдийн дунд хар данстай нөхөр олон бай­­га­а­гаас орон сууцны зээлд хамрагдах нөхцөл нь дуус­гавар болоод байгаа юм. Мэ­дээж зээлийн нэг удаагийн төлөлтөө хоцроосноос болж зургаан жил банкны хар дансанд бүртгэлтэй байхыг хэн л хүсэв гэж.

Гэхдээ ганц удаагийн төлөлтөө хоц­роосон хүн, 3-4 сар, жил зээлээ төлөхгүй бултсан этгээдтэй адил хэмжээгээр “шийтгүүлж” байгаад иргэд бухимдаж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ иргэдийн ихэнх нь цалингийн болон ли­зин­гийн зээлтэй байдаг. Гэтэл байгууллага нь ца­линг нь ху­гацаанд нь олгоо­­гүйгээс дахин зээл авах боломжоо зургаан жи­лээр хасуулахад хүрдэг.

Энэхүү асуудлыг эргэн харж, тодорхой хэмжээгээр өөрч­лөлт оруулах нь үнэнд нийцэж биз­­­несийн зээл­­­­­дэг­чид ч гэ­сэн ал­­даа­гаа засах, зээлийн түү­­хээ өөрчлөх бо­лом­­­жийг нээж өгөхийш иргэд хүсч буй юм. Өөрөөр хэлбэл Зээ­­­­лийн мэдээллийн санд бүрт­гэгд­­сэн ал­даанаас нь шалт­гаалж, “шийт­гэ­лийн” ху­­гацааг нь тооцох хэрэгтэй.

Зээлийн түү­­­­­хээ засахыг хүссэн иргэн, аж ахуйн нэг­жүүд ийм шаард­­лага биелүүлсэн байх ёстой гэх мэ­тээр нарийн зүйл­сийг хуульд тусгаж өгөө­гүйгээс бан­кууд ямар ч хугацаа, бодит байд­лыг харж үзэл­гүйгээр хөнгө­лөлттэй зээл, бизнесийн зээл олгохоосоо татгалзаж байна.

Энэ байдлаараа удаан ху­га­цаанд үргэлжилвэл эдийн за­сагт гялтайж буй банкны салба­раа татаад унагачихаж мэднэ. Өөрөөр хэлбэл ир­гэдийн хадгаламж дахь мөнгийг өндөр хүүтэйгээр зээл олгож ашиг олдог энэ салбарыг банкнаас зээл авч буй иргэд, аж ахуйн нэг­жүүд үндсэндээ тэт­гэдэг.

Хэрвээ найдваргүй зээл­дэгч гэсэн шалт­гаанаар хүн бүрийг цааш нь түл­хээд байвал төд удалгүй энэ салбар элгээрээ хэвтэж мэдэх нь.

2013 оны жилийн эцсийн статистикаар хугацаа хэ­тэрсэн зээ­лийн өрийн үл­­дэгдэл өмнөх оны­хоос 7.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч байсан. Харин банкны системийн хэм­­жээгээр чанаргүй зээл өнгөрсөн онд 566 тэрбум төгрөг болсон нь 2012 онтой харьцуулахад 270.9 тэрбум төгрөг буюу 91.8 хувиар өс­сөн байна.

Мэдээж энэ хэмжээг цаа­шид нэмэгдүүлэхгүйн тулд найдваргүй зээлдэгчдэд хэм­­жээ хязгаар тог­тоох нь зүй­тэй. Гэвч нөгөө та­лаараа ир­гэд хувийн өмчтэй бо­лох, өрхийн үйлдвэрлэл эрхлэх, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн банкнаас бүх төрлийн зээл авдаг.

Зарим нэг эрсдэлийг тооцоогүйгээс алдаа гаргаж, Зээлийн мэдээллийн сан дахь түүхээ харлуулах нь өнөөгийн нийгэмд хэвийн үзэгдэл болсон. Тэр тусмаа эдийн засгийн нөхцөл байд­лыг хууль санаачилж, батлагч улстөрч, эдийн за­саг­чид ч тодорхойлж чада­­хаар­гүй болсон. Тэр ч утгаараа зээ­­лийн эрсдэл улам бүр нэмэгддэг.

Тиймээс зээл­­дэгч­дийг нүх рүү түлхэж бай­гаа­гаас өөрцгүй гэмээр Зээлийн мэдээллийн санг эргэн нэг харах хэрэгтэй мэт санагдаж байна. Өөрөөр хэлбэл найдваргүй зээлдэгч гэх тодотгол иргэдэд ял болж байна.

Уг нь Эрүүгийн хуу­лиар хүнд хөнгөн гэмт хэрэгтэнд зааг ялгаатай ханд­даг шиг, зээ­лийн мэ­дээллийн сан дахь хөнгөн алдаануудыг засах боломжийг нээж өгмөөр байна. Эс тэгвээс үндэс­ний баялаг бүтээг­чдийн гар мухардаж, иргэдийн үл хөд­­­лөх хөрөнгөөр дам­жуу­лан ху­римтлалтай болох мө­рөөдөл үгүй болох нь ээ.

Д.Баяржаргал

Эх сурвалж: