sonin.mn

Архангай аймгийн Статистикийн хэлтсээс  I улирлын нийгэм эдийн засгийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Мэдээллийг салбар бүрээр хураангуйлан хүргэвэл:

Эрүүл мэндийн салбарт он гараад эхний гурван сард нийт 69,7 мянган иргэд амбулаторийн үзлэгт хамрагдсан бөгөөд үүнээс 6,1 мянган иргэд хэвтэж эмчлүүлсэн байна.

  Нийт вакцинжуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 96,9% хамрагджээ.

I улиралд 584 эх мэндэлж 584 хүүхэд төрснөөс нярайн эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинэ төрсөн хүүхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,5%-р өссөн байна.

Харин нялхасын нас баралт 2,6 дахин багассан үзүүлэлттэй байна.

Нийт 159 халдварт авчний тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их буюу 37,5 % нь БЗХӨ-ний тохиолдол байгаа ажээ.

Гэхдээ халдварт өвчний гаралт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20,1 % буюу 40 тохиолдлоор багассан.

2014 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа 1013 хүн байгаа бөгөөд үүний 505 нь эмэгтэйчүүд аж.

Энэ улиралд 183 ажлын байр шинээр бий болсон хэмээн статистикийн газраас мэдээллээ.

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс буурсан бөгөөд архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг 23-37%-р буурсан байна.

Энэ нь аймгийн Засаг даргын архи согтууруулах ундааны талаар хэрэгжүүлж буй бодлоготой хамааралтай юм.

Мащин тээврийн хэрэгслийн гэмт хэргийн тоо багасчээ. Харин хулгайн гэмт хэргийн тоо 54,8 % - р өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаараа хулгайн хэргийн илрүүлэлт сайн байгаатай холбон тайлбарлаж байна.

Архангай аймагт өнгөрсөн оны I улиралтай харьцуулахад банкинд хадгаламж нээлгэсэн иргэдийн тоо 23,5 %, иргэдэд өгч буй зээлийн хэмжээ 28,3 % - иар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ 54,2% -р буурсан  хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээллээ.