sonin.mn

Монгол улсад ганцхан байдаг Түлэнхийн төвийн газрыг ГССҮТ-ийн өмнөх дарга нар дээрэмджээ. Өөрөөр хэлбэл Түлэнхийн төв тус эмнэлгийн харьяанд байдаг учраас дарга нарт нь зөөлөн бас амттай хоол байсан бололтой.

Түлэнхийн төвийн газ­раас хамгийн анх дээрэмд­сэн хүн нь тус эмнэлгийн эмч Р.Шагдарсүрэн. Уг нь дээрх хоёр эмнэлгийн газар төрийн мэдлийн өмч. Гэтэл төр өөрийнхөө хөрөнгөд эзэн байж чадахгүй байгаагаас шунахай этгээдүүд тухайн газрыг хэдэн талаас нь ху­ваан, хувьдаа завшсан гэж хэлж болно.

Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 м2 талбайн зөвшөөрөлтэй байжээ. Гэ­тэл одоо дөнгөж 7339 м2 талбайтай үлдсэн байна. Өөрөөр хэлбэл шунахай сэтгэлтнүүд 9000 м2 газрыг өөрсдийн хувийн эмнэлгээ барьж, бизнесээ цэцэглүүлэх зорилгоор авчээ. Хамгийн гол нь 9000 м2 газрын зөв­шөөрлийг Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байх үедээ 0234763 тоот гэрчилгээгээр олгосон байна.

Үүнээс харахад хотын төвд байрлах А зэрэглэлийн их хэмжээний газрыг хэн нэгэнд олгох болон нөгөө нь өөрийн өмчлөлд авахын тулд багагүй хэмжээний авлигын асуудал үүсгэсэн байх гэдэг харыг төрүүлж, олны сонирхолыг татаж байна. Тэд үүнтэй холбоотой нууцыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жилийн хугацаатай түр олгосон хэмээн төрд молиго үмхүүлсэн байгаа юм.

Тодруулбал Ц.Сандуй “Саммид медикал” ХХК-д 930 м2 газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өд­рийн А/262 тоот захи­рам­жаар зориулалтыг нь өөр­чилж барилга барих газар болгон олгожээ.

Тодруулбал “Саммид медикал” ХХК-ийн захирал Түвшинжаргалын нөхөр Батзориг тухайн үед ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байжээ. Тиймдээ түлэнхийн төвийн газраас 930м2-ийг авч, өөрсдийн хувийн эмнэлгээ барьсан түүхтэй. Мөн “Алтайн тулга” ХХК нь 2011 онд 4024м2 талбайг эмнэлэг барих зориулалтаар авч байсан боловч өдгөөг хүртэл юу ч хийгээгүй байна.

Тиймээс эмнэлгийн удирдлагууд эл газрыг бу­цаан өөрсдийн мэдэлдээ авахын тулд 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын байнгын хороодод газар авах тухай гомдлоо хүртэл өгч байсан байна.

Хамгийн гол нь дээрх газруудыг ГССҮТ-д өмнө нь болон одоо ажиллаж байгаа эрхмүүд авсан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал дээр дурьдсан, анх хувьдаа газар авсан Р.Шагдарсүрэн нь тус эмнэлэгт насаараа шахам ажиллаж буй зөвлөх эмч. Тэрбээр 2004 оны аравдугаар сарын 6-нд 455 тоот захирамжаар 1200 м2 газрыг хууль бусаар авч орон сууц барьсан байна.

Мөн тэрбээр дээрх газрыг аваад зогсохгүй иргэн Б.Хандармаад 120м2 газрыг авч өгсөн нь өдгөө баримтаар тогтоогджээ. Тэд ийн эм­нэлгийн газраас хумсалж байх үед ГССҮТ-ийн захирал асан Лхагвасүрэн, өнөөдөр зөвлөх эмч болчихсон яваа С.Отгонгэрэл нар ажиллаж байсан аж.

Уг нь «Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн» гэж Газрын тухай хуулийн 5.1-д заасан байдаг. Өөрийн нэр дээрх газрыг иргэн хүн зарж, худалдаалж болохоос гадна, түүний дээр хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л үйл ажиллагааг явуулах эрхтэй.

Харин сүүлийн үед төрийн өмчийн тодотголтой гэгддэг эмнэлгийн газ­руудын эргэн тойронд хэ­дэн давхар өндөр барилга байгууламж боссоор байгаа нь харамсалтай. Энэ мэт хууль бус үйлдлээс болж Түлэнхийн төвийн газ­рыг наймаалцаж, ашиг олсон гэдгийг одоо байгаа барилга, байгууламжууд нотолж байна. Хамгийн гол эмнэлгийн ажилчид болон зарим эмч Түлэнхийн төвийн газар болон ГССҮТ-ийн газруудыг С.Отгонгэрэлийн гараар орж дууссан гэж хэлж байсан.

Тухайлбал С.Отгонгэрэл эмч ГССҮТ-ийн даргаар цөөнгүй жил ажиллахдаа ихээхэн хор найруулж, томилогдож ирсэн шинэхэн захирлуудыг өөрийн гарын хүмүүсээр турхируулдаг байсан байна. Тиймээс ч өдгөө хүртэл тус эмнэлгийн даргын суудал эзэнгүй байгаа нь энэ аж.

Түүний хийсэн ганц “гавьяа” нь эргэн тойрныхоо газрыг эзлүүлж, үүдийг нь таглуулаад эцэст нь өргөтгөл барих ч зай үлдээгүй. С.Отгонгэрэл нэр төр, албан тушаал алдар хүндэд дуртайн улмаас өнөөг хүртэл өөрийн хийсэн гэм нүглээ хүлээн зөвшөөрөлгүй ширээ сандалтайгаа зуу­ралдаж байдаг нь ч нууц биш. Түүний гар хөл болсон Р.Шагдарсүрэн эмч ямар ч зовлонгүйгээр Түлэнхийн төвийн газрыг авсан нь тэдний хэр дотно байсныг харуулж байгаа юм.

Хамгийн гол нь дээрх хүмүүс энэ мэт газрыг яаж, ямар замаар худалдаж авснаа холбогдох албаныханд мэдүүлдэггүй байсан аж. Өнгөрсөн оны сүүлээр ТӨХ-ноос тус эмнэлгийн газрын бичиг баримтыг шалгах гэтэл ямар ч албан бичиг баримт байгаагүй гэдгийг хурлын протокол дээрээ онцлон тэмдэглэж байжээ.

Эцэст нь хэлэхэд энэ мэт шуналтай хүмүүсээс болж өдгөө Түлэнхийн төв хуучин буурин дээрээ босох эсэх асуудал хурцаар яригдаж байгаа нь энэ. Тиймээс төр төмөр нүү­рээ харуулж, төрийн өмчийг тэднээс буцаан авах нь зохистой биш гэж үү. Бид дараагийн дугаартаа Г.Шагдарсүрэнг Гэмтлийн эмнэлэгт хэрхэн аашилдаг та­лаар баримттайгаар хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: