sonin.mn

Нийслэлийн Замын цагдаагийн газраас өчигдөр мэдээлэл хийж дөрөвдүгээр сарын 10-ныг "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр" болгон зарласан тухайгаа дуулгалаа. Үүнтэй холбогдуулан нийслэл болон хөдөө орон нутагт гарч байгаа авто ослын талаар нийслэлийн ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбаттай ярилцлаа.

-Он гарснаас хойш нийслэл болон хөдөө орон нутагт зам тээврийн осолд нийт хэдэн хүүхэд өртсөн бэ?

-Нийслэлийн замын цагдаагийн газарт энэ оны эхний гурван сарын байдлаар хөдөө орон нутагт 35, нийслэл хотод 216 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд болон хөнгөн гэмтэл авсан гэж бүртгэгдсэн. Мөн он гарснаас хойш нийслэл хотод гарцгүй газраар зам хөндлөн гарснаас болж нэг хүүхэд амь насаа алдсан. Харин өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 1300 хүүхэд бэртэж гэмтсэн.

Хүүхдүүд ямар их эрсдэлтэй орчинд амьдарч байгааг энэ тоо харуулж байна. Өнгөрсөн жилийн байдалтай харьцуулахад энэ жилийн хувьд амь насаа алдсан хүүхдийн тоо 14 хувиар, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 24.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Үүний 30 нь хөдөө орон нутагт гарсан осол юм.

-Хүүхэд зам тээврийн осолд орж байгаа нь хэний буруутай үйлдлээс болж байна вэ. Үүнд хэн хяналт тавих ёстой юм бол?

-Эцэг, эхийн хариуцлагагүй байдал, жолооч нарын буруутай үйлдэл, хүүхдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж хэн хэнд нь байдаг. Хамгийн түрүүнд эцэг, эх голлох үүргийг гүйцэтгэх ёстой. Хүүхдүүдийн 80-90 хувь нь гэр, сургууль хоёрын хооронд явах замдаа осолд өртсөн байдаг.

Судалгаанаас үзэхэд дунд анги буюу III-VII ангийн хүүхдүүд ихэвчлэн мягмар гаригт зам тээврийн осолд өртөж байна. Өөрөөр хэлбэл, энэ насны хүүхдүүд хараа хяналтгүй сургуульдаа явдаг. Мөн хөдөлгөөнд зөв оролцох мэдлэг, мэдээлэл дутмагтай холбоотой. Тиймээс эцэг, эх хүүхдээ замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тал дээр нь анхаарал хандуулж, ногоон гэрэл, цагаан шугамаар гарах ёстой гэсэн зөв дадал зуршилд сургах хэрэгтэй.

Цаашлаад эцэг, эх хүүхдийг автомашиндаа буруу тээвэрлэснээс болж гарсан осол 20 хувийг эзэлдэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг машинд суухад нь хамгаалалтын бүс зүүлгэж, зориулалтын суудалд суулгах хэрэгтэй. Нийслэл хотод зам тээврийн осолд орж, амиа алдсан долоон хүүхдийн зургаа нь гарцгүй газраар зам хөндлөн гарснаас болсон.

-Эцэг эх хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэхээс гадна жолооч нар дунд сургуулийн ойр орчим хурд хэтрүүлснээс үүдэж осол гарах тохиолдол нэлээд байдаг?

-Хүүхдүүд зам тээврийн осолд өртөхөд нөлөөлж байгаа гурван зүйл байна. Тухайлбал, эцэг эх, жолооч болон хүүхэд өөрөө юм. Жолооч нар сургуулийн ойр орчим хурд хэтрүүлснээс болж нэлээд хэдэн осол аваар гарсан тохиолдол бүртгэгдсэн.

Тиймээс манай байгууллагын зүгээс сургуультай ойр замд хурд сааруулагч хийж, явган хүн зам хөндлөн гарах цагаан шугамыг тодруулсан. Гарцгүй газраар зам гарахаас сэргийлж зарим зам дээр хашлага барьсан. Мөн тодорхой хэсгийн зам дээр замын цагдаа нар зохицуулалт хийж хяналт тавьж ажиллаж байна. Харин жолооч нар дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох ёстой.

Согтууруулах ундаа хэрэглэсэн болон ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.

-"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх" энэ өдөр дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан ямар ажил зохион байгуулах вэ?


-Эрх чөлөөний талбайд нийслэлийн зургаан дүүргийн дунд сургуулийн сурагчдын төлөөлөл жагсаал хийнэ. Энэ жагсаалаар хүүхдүүд хөдөлгөөнд оролцоход ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар жолооч нарт дуу хоолойгоо хүргэх юм.

Олны танил буюу жүжигчин дуучин тамирчдаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв аюулгүй оролцох талаар сургалт явуулна. Мөн өнгөрсөн жил зам тээврийн ослоор амь насаа алдсан 37 хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөх ёслол болно.

С.Юмсүрэн

Эх сурвалж: