sonin.mn

Япон улсын иргэд, аж ахуйн нэгжүүд манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол ихтэй байсан. Гэвч сүүлийн үед чимээгүй болсон нь Монголын ком­панид хувьцаа эзэмшиж байгаад молигдуулсан япон иргэдтэй холбоотой гэдгийг зарим судлаач хэлж байна.

Тодруулбал монголчууд хувь нийлүүлэн байгуулсан “Зоос банк” хувьцаат ком­панид гадаадын 125 иргэн хувьцаа эзэмшиж байсны 86 нь Япон улсынх байжээ. Тэгвэл Монгол ком­панийн хувьцаа ху­далдаж авсныхаа төлөө “шатчихаад” байгаа иргэд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой япон­чуудыг үргээчихлээ гэсэн таамаг зөв ч байж мэдэх юм.

Өөрөөр хэлбэл Монголд хө­рөнгө оруулах ямар бай­даг, хууль эрх зүй нь хэрхэн үйлчилдэг, албан тушаалтнуудын далд явуул­­га, хээл хахууль хэр­хэн цэ­­цэглэдгийг “Зоос банк”-ны асуу­дал Япон гэлт­гүй бусад орны хувьцаа эзэм­шигчдэд харуулсан.

“Зоос банк”-ыг дампуу­ралд хүргэсэн гол шалтгаан нь “Монгол газар”, “Жаст” ХХК-ийн хамтран хэрэг­жүүлэхээр ажиллаж байсан Олон овоотын алтны үйлд­вэрийн төсөл. Энэхүү төсөлд зориулан “Зоос банк”-наас 59.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Хэрвээ зээлийг хуга­цаанд нь төлж чадаагүй то­хиолдолд “Зоос банк”-ны барьцааг зах зээлд ил тодоор борлуулж, орлогоор зээлийг хаах нөхцөлтэй байв.

Гэтэл тухайн үед Ашигт малт­­малын газар “Монгол Га­зар” ХХК-ийн мэдэлд байсан Олон овоотын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг учир битүүлгээр “Олон овоот гоулд” ХХК-д шилжүүлсэн нь “Зоос банк”-ыг барьцаа ч үгүй, мөнгө ч үгүй болгосон түүхтэй.

Энэхүү хууль бус үйлдлийг хуулийнхан шалгаж эхэлсэн ч гэмт буруутан нь хэн болохыг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулах ёстой. Энэ ч үүднээс УИХ-аас ажлын хэсэг гарган, 2011 оны 10 дугаар сарын 6-нд “Барьцааг борлуулж “Зоос банк”-ны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэм­шигчийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” тухай дүгнэлт гаргаж байсан ч өнөөдөр хувьцаа эзэмшигч 635 иргэн нөхөн төлбөр гэж ганц ч төгрөг олж аваагүй.


“Зоос банк”-ны эрхийг хүлээн авагч Н.Ариунбат 265 сая төгрөгийн цалин авчээ

Мөн Монголбанкны ерөн­хийлөгч асан Л.Пүрэвдорж 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зоос банк” ХК-нд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэ­мээгээд 650 тоот тушаал үйлдэн, тус банкны эрх хүлээн авагчаар Н.Ариунбатыг томилсон байдаг. Н.Ариунбат нь өнөөдрийг хүртэл сарын таван сая төгрөгийн ца­лин авч, 17 хүний бүрэл­дэ­хүүн­тэйгээр таван жил ажил­лаж байгаа.

Гэтэл үнэн хэрэгтээ ямар ч үр дүнд хүрээгүй гэдгийг “Зоос банк”-ны хохирогчид хэлж байна. Жижиг зээлдэгчид зээлийн үл­дэгдлээ төлж барагдуулсан бол “Олон овоот” төслийн өр огт төлөгдөөгүй.
Энэ нь “Зоос банк”-ны бүтцийг өөрчлөн байгуулахтай хол­богдон гаргасан Засгийн газрын гаргасан 100 тэрбум төгрөгийн бонд төсөвт бүрэн гүйцэд ороогүй гэсэн үг.

Ийнхүү “Зоос банк” хувьцаат компанийн хо­хи­рогчдын гомдлыг бараг­дуулахын төлөө зөвхөн эрх хүлээн авагч Н.Ариунбатад 2009 оноос хойш 265 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс цалин хэлбэрээр олгосон байна. Бусад ажилтны цалин хөлсийг нэмбэл энэ тоо хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой.

Тиймээс энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэж, “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулж, нөгөө талдаа төсвийн мөнгөө ч хэмнэх алхам хиймээр байна.

Уг нь дээрх 635 хувьцаа эзэмшигчийн дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Лүндээ­жан­цан гэх мэт нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр дурайна.

Тэд хувьцаа эзэмшигч­дийн зовлон жаргал, төсвийн хүнд­рэлийг хамгаас сайн мэдэх учраас энэ асуу­далд цэг тавих ажлыг санаа­чилмаар юм. Учир нь “Зоос банк” ХК-ийн өмчид байсан Эрдэнэт хот дахь барилгыг Монголбанк нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан, Сэлэнгэ аймаг дахь барилгыг “Номадас” сүл­жээ зоогийн газар авсан гэдэг. Харин Дархан-Уул ай­маг дахь барилгад нь тө­рийн байгууллага үйл ажил­лагаагаа явуулж байгаа. Ингээд тус банк өөрийн гэсэн өмчгүй болсон.

Түүнчлэн хувьцаа эзэм­шигчид ямар ч ногдол ашиг хүртэх хөрөн­гөгүй, хувьцаагаа борлуулах эрх­гүй болчихоод байгаа аж. Уг нь тухайн үеийн “Зоос банк” ХК-ийн нэгж хувьцааны ханш 1000 төгрөг байсан.

Энэ ханшаар хувьцаа эзэм­­­шигчдийн хохирлыг бараг­дуулбал ойролцоогоор нэг тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний хөрөнгө “Зоос банк” ХК-ийн эрх хү­лээн авагчдад байгаа гэд­гийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.



Д.Баяржаргал

Эх сурвалж: "Өглөөний сонин"