sonin.mn

Энэ сарын 14-ны оройн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн энд явж байна гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Энэхүү мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсиин хэв журмын хоёр цагдаа, тухайн этгээдийг саатуулж, бичиг баримтыг нь шалгах шаардлага тавьсан байна.

Гэвч хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тухайн этгээд цагдаагийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг хэрэглэж, биед нь буу тулгаж, зугтаажээ. Уг зугтаасан этгээдийг цагдаагийн алба хаагчид араас нь дагаж явж, хүний амь биенд их хэмжээнии хохирол учруулахаас нь өмнө баривчилсан байна. Уг этгээдийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Цагдаагийн алба хаагчийг барьцаалсан зүйл болоогүй



Энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Цагдааг барьцаалсан этгээдийг саатуулсан. Энэ талаар?

-Гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд явж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай очиж саатуулж, бичиг баримтыг шалгах шаардлага тавьсан. Гэвч тухайн этгээд хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, галт зэвсэг хэрэглэж, цагдаагийн алба хаагч руу галт зэвсэг тулгаж зугтаасан.

Уг зугтаасан этгээдийг бусдын амь биед хохирол учруулахаас урьдчилан сэргийлж дайчлан баривчлах ажиллагааг хийсэн байгаа. Харин цагдаагийн алба хаагчийг барьцаалсан зүйл болоогүй.

-Баривчлах ажиллагаанд хоёр дүүргийн цагдаа нарыг дайчилсан гэсэн. Аль дүүргийн цагдааг дайчилсан бэ?

-Баривчлах ажиллагаанд Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчдыг дайчилсан. Үүнийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа.

-Уг этгээд өмнө нь гэмт хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байсан гэсэн. Үнэн үү?

-Үнэн. Тухайн этгээд шүүхээр эрэн сурвалжлагдаж байсан. Энэхүү этгээд нь Баянгол дүүргийн иргэн 1986 онд төрсөн Б гэгч байсан бөгөөд эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг хийсний улмаас эрэн сурвалжлагдаж байгаа.

-Тухайн этгээдийг баривчлах ажиллагааны үеэр цагдаа нар ямар нэг зэвсэг хэрэглэж болоогүй юм уу?

- Одоогоор цагдаа нар ганцхан гав хэрэглэж байгаа. Цахилгаан бороохой хэрэглэвэл цагдаа өөрөө эрүүгийн хариуцлага хүлээдэг. Мөн гавыг ч гэсэн хамаагүй хэрэглэвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Оны өмнө Сонгинохайрхан дүүргийн хоёр цагдаа алба хаагч иргэнийг эсэргүүцэл үзүүлэхэд баривчилж, тусгай хэрэгсэл хэрэглэснийхээ төлөө ял шийтгэл авч байсан.

-Хэзээ цагдаагийн алба хаагч өөрсдийгөө хамгаалах хэрэгсэлтэй болох вэ?

-Цагдаагийн алба хаагчийн хуулинд дээр байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтнийг дайчлах баривчлах үед галт зэвсэг, тусгай хэрэгсэл мэх хэрэглэж болно гээд заахчихсан байгаа. Одоо Эрхзүйн байдлын тухай хуулиар нарийн зохицуулагдах байх, гэсэн юм.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: