sonin.mn

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар  УИХ-ын гишүүн Г.Уянгын УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Манай нөхөд Х.Тэмүжин сайдыг огцруулах үндэслэлүүдийг хангалттай ярилцлаа. Бүлэг ерөнхийдөө санал нэгдэе гэж байх шиг байна. Би арай өөр бодолтой байгаа учраас саналаа хэлье. Нөхдийн ярьж байгаа үндэслэлүүдийн дотор бодууштай зүйлүүд байнаа. Тухайлбал эмнэлгийн барилгыг ажлын байр болгох гэж байгааг анх энэ асуудлыг сөхөж тавьсан хүний хувьд ч, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд ч би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэв сайд Чингэлтэй дүүргийнхэнд үйлчилж байгаа ганц амбулатори дээр очиж үзвэл миний эсэргүүцлийг ойлгоно. Цагдаагийн хувцсыг Туркт оёулсныг өмгөөлөх үндэслэл байхгүй байна. Энэ хувцсыг Монголд оёулж болох л байсан.


ГЭХДЭЭ, би нэг зүйлд ихээхэн нухацтай хандаж байна. Тэмүүжин сайд хуульзүйн салбарын шинэчлэлийн бодлогыг гаргаж тавьсан. Энэ бол олон жил бугшсан салбарын үүрийг бужигнуулсан үйлдэл байсан. Олон дарга цагдаа үүнд маш дургүй байгаа, яагаад гэвэл тэдний амь амьдрал тасрахад ойртсон учраас. Энэ салбар ямар аймар болсон бэ гэдгийг тэдэнтэй байнга тэмцэлддэг байсан хүний хувьд гадарлаж байна. Сая тойргоороо явж байхад, 10 мянган хүн амтай хороонд ганцхан хэсгийн байцаагч байна. Ганц хүн юундаа ч хүрэхгүй, унаа унаш ч байхгүй. Тэгэхэд ланд 570 унаж мөрийтэй тоглосон, гүзээтэй дарга цагдаа нар дээд түвшиндээ овоорсон байгаа. Тэд хэзээ ч хорооны цагдаа хийхийг хүсэхгүй. Яг л уруугаа харсан пирамид.


Ингэхэд та нар бодож үз дээ. Яагаад цагдаа дипломат, цагдаа элчин сайд болдог юм бол?! Энэ юу гэсэн үг вэ?! Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэргийн үүр уурхай, өөрсдөө рэкетчин, шантаажчин. Ийм л үүрийг Тэмүжин сайд бужигнуулчих шиг болсон. Тэмүжингийн тухай ар араасаа цуварч байгаа энэ янз бүрийн яриа хэл дээрх үүр уурхайг ухаж төнхөж эхэлсний төлөөс биш биз?! Ямар ч үнээр хамаагүй өөрсдийгөө амьд авч үлдэх гэсэн улайрал шиг надад анзаарагдах боллоо.
Баасанхүү гишүүн гаргаж ирээд байгаа энэ баримтуудаа яаж олж авсан бэ? Хэн нэгний гар хөл болоогүй байгаа гэж бас бодогдож байна. Ийм учраас би асуудлыг одоо санал хурааж мухарлахын эсрэг байна. Ямар ч байсан Тэмүжин сайдыг сонсох ёстой гэж бодож байна. Түүний дараа ямар санал өгөхөө шийднэ.


Нөгөө талаар өнөөг хүртэл хууль зүйн салбарын шинэчлэлийн талаарх Тэмүүжин сайдын бодлогыг эсэргүүцсэн хүн олон байгаа ч өөрийн альтернатив хувилбараа сөргүүлэн тавьсан хүнийг би олж харсангүй.

 

УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга