sonin.mn

Би энд олон хүний нэр дурьдаж хавтгайруулахгүй, нэг хүн дээр асуудлыг цохож тэмдэглэж гаргана. Цаана нь хэнтэй холбогдох нь тодорхой болно. Энэ цохож хэлэх хүн бол Радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатар болно. Яагаад энэ хүнийг хайхандаа хэлээд байна гэвэл, цаанаа ажил хэргийн гүнзгий учиртай.

Нэлээд олон сарын өмнө энэ хүний талаар сайтуудаар төсвөөс төрсөн тэрбумтан гэдэг асуудал босгоод ирсэн. Тэрийг маш олон сонсч мэдээд энэ хүн нэрээ сэргээх гэж явахгүй байгаа нь цаана нь юм байна даа гэж шивэр авир хийхийг мянга сонсч, түм ажигласан.

Бас энэ хүн Монголын хамгийн том мэдээллийн төсвийн байгууллагын толгойд гарахдаа ажил хэрэгчдээ биш, авьяас эрдэмтэйдээ биш, амжилт туршлагатайдаа биш, хэл соёлтойдоо биш, арга зусар сүйхээ бялдуугаар гарч ирснийг Монгол даяараа мэдэхгүй гэхэд Радио, телевизийнхэн мэднэ байх. Үүнийг ялигүй тодруулъя.

Зүгээр нэг дунд гарын хөтлөгч маягийн байр сууринаас тухайн үеийн эрх мэдэлтэнд зусар хийж Орос руу явахад нь "Замд гаръя" гэдэг теле нэвтрүүлгийг явуулж, хар үгээр хэлэхэд арын хаалгаар эрх мэдэлд хүрсэн. Би тэр арын хаалгыг нээсэн хүнийг энэ удаад хэлэхгүй. Тэр эрдэмтэй, хэлтэй боловч хүн таньдаггүй л хүн. Одоо тэр хүн Шинэчлэлийн ажлыг унагаах гээд зайнаас үзээд байна уу даа.

"Замд гаръя" гэдэг теле нэвтрүүлэг Монгол телевизийн архивт байх л ёстой доо. Энэ Наранбаатар улаан коммунист зан гаргаж хэт хувьсгалч нүүрээ бүр эхнээсээ ямар нэг намын бууны нохой болж байсныг 2012 онд би "Ардчилал" сонинд бичсэн.

Аймаг, сум болгоноос адуу малаа хулгайд хөөлгөсөн малчид утасдаж шаардаад зарим албаны хүн ч сануулаад байхаар нь 1997 онд Хууль зүйн яамнаас хуулийн этгээдийн гэрчилгээгээ авсан 2012 он есдүгээр сарын 17-ны өдрийн "Ардчилал " сонины 184-рт "Баян Монгол" хувийн студи алдсан олдсон малын зар явуулж, "Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг" хөөцөлдөж хулгайлагдсан, алдуул гүйгүүл болсон арван сая малыг ядарсан зүдэрсэн эздэд нь олгож өгсөн буух эзэнтэй, буцах замтай тооцоог нэр бүхий хүмүүсийн хаяг, утастай нь нийтэлсэн байсан.

Энэ бүхнийг бодоод тэр Радиогийн хувийн чөлөөт студийг нээж өгнө үү гэж гэж нэг үгээр хэлбэл ард түмний төлөө ажил хэрэг ярьж ороход Наранбаатар хувийн тооцоо хийж худлаа үнэн булзаад, сурсан занг сураар боож болдоггүй зан араншингаа гаргаж байна. Тэгээд тэр ажил хэргийг хов жив рүү оруулж "Та Засгийн газрын 11 хавиар Даваабаяртай орж ингэсэн тэгсэн" гэж "танай нэг охинтой би үе тэнгийн настай" гэх маягаар харьж яваа зальжин нүүр царайгаа залуу болгох гэж үгийн будаг түрхэж, хов яриад эхлэв.

Энэ зальжин хуурамч, ивүүр хурамч этгээд дээр үеийн До яамны сайд дарга нар шиг намын хэн хаана юу ярив гэж туршуул тагнуул явуулдаг бололтой юмаа, янз нь. Би тэр Даваабаяр сэтгүүлчийг таних л төдийгөөс биш, үүгээр түүгээр түүнтэй орж гарсан явдал байхгүй. Чавганц хов, чавганц зан гэж ийм байдаг байх.

Би уг нь иймэрхүү юм ярих гэж орж ирээгүй болохоор нүд орой дээрээ гарна гээч нь болж түүний дүр эсгэгч хэт хувьсгалч, ялж давсан талд засдаг занг эртний мэдэх боловч дэлдэхээр сүүлд гэж бодоод эхлээд юм хэлсэнгүй, тэгтэл өнөөх чинь Үндсэн хуулийн тавын тавд "Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна" гэсэн сонгодог заалтыг хэрэгжүүлж, Монгол болон дэлхийн хоёр, гурван оронд ажил тэмцлээрээ үнэлэгдсэн нийгэмлэгийн ажил ярихаар орсныг минь өөрийнхөө шүлэг зохиолыг унших суваг гаргах гэж байна гэж андуурсан бололтой, өөрийнхөө дугуйнуудтай эндүүрсэн янзтай ярвалзаж байна.

Би энэ этгээдийг ерөнхий захирал болсноос хойш Үндэсний радио, телевизийн сэтгүүлчид шүлгээ унш гэхэд нь огт очоогүй. Энэ бол үзэг нэгт сэтгүүлч нөхдөө басан доромжилсон хэрэг биш, энэ этгээдийг жигшин зэвүүцсэн зан араншин. Ганц би биш Радио, телевизийн дарга нарын маргаан заргын үеэр "Өдрийн сонин"-д гаргасан нүүрийн дотор төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Сосорбарам "Би энэ телевизээр ярих гарах дургүй" гэх маягаар хэлсэн байсныг би уншсан.

Тэгээд хэсэгхэн хором ярихад хувийн чөлөөт студи болгоныг Радио телевизийн хэмжээнд устгаж байгаагаа нэртэй устай нь яригдаж байна. Хувийн чөлөөт сэтгэл санаа ажил амьдралыг хязгаарлана гэдэг бол жинхэнэ улаан коммунист, хэт хувьсгалчдын бууны нохдын хийж чаддаг ганц ажил. Би энэ коммунист болгоныг үгүйсгээгүй, намын гишүүн бүрийг хэт хувьсгалч гэсэнгүй шүү.

Тэдний дунд сайн хүмүүс байсан, байгааг ч яалаа гэж үгүйсгэхэв. Ер нь нам эвслээр нь хүмүүсийг дугаарлаж яаж болохов. Бүгд намаас биш эхээс төрсөн шүү. Монгол Улсын төрийн тавцанд олон түмний агаар мандалд 1990 оны цагаан морин жил хүйтэн коммунист урсгалын салхийг хагалж гарч ирсэн ардчилал, шинэчлэл малыг эзэнд нь олгож хувьд нь өгснөөр өнөөдөр манай мал сүрэг 45 саяд хүрээгүй гэж үү?

Орон сууцыг эзэмшин суугчдад нь олгосноор хот төв газрынханд хэрэг болоогүй гэжүү? Өмч хөрөнгө үзэл суртал сэтгүүл зүйг хэт улстөржүүлж хувийн чанарыг боож хаах басамжлан хязгаарлах явдал үеэ өнгөрөөчихөед байхад энэ нэг хэлмэгдэл бүхнийг Монголд гаргасан гавьяатай боловч гайтай намын бууны нохой хувийн чөлөөт бүхнийг хязгаарлаж байгаагаа ид бах болгон ярьж суух юм.

2013 оны арванхоёрдугаар сард болсон "Том төрөөс ухаалаг төр рүү" гэдэг үндэсний зөвлөлдөх уулзалтын эхэнд "Төр бизнес хийж ажил хэрэгч хүмүүстэй өрсөлдөхөө больё", "Хувийн өмчийг хамгаалах хууль боловсруулья", "Хэвлэл мэдээллийн салбарт өмчийн хэлбэрийг өөрчлөж, нэг эзний хараат байдлаас гаргая" гэж заагаа биз дээ.

"Хэвлэл мэдээллийг нэг эзний хараат байдлаас гаргая" гэдэг сэдвийг бага сага тодруулъя. Төсвөөс санхүүждэг төрийн харьяаны Үндэсний олон нийтийн Радио, телевизийг энэ нөхөр Наранбаатар удирдсан өдрөөсөө хувийн гэх хаягтай бүгдийг хязгаарласан нь сэтгүүлчдийн чөлөөт сэтгэлгээг хааж байгаа хэрэг гэдгийг уншигч олон тал талаас нь бодож үзэх хэрэгтэй.

"Том төрөөс ухаалаг төр рүү" хэмээх улс төрийн байлууллагаас хэвлэл мэдээллийн салбарт зарцуулж байгаа төсвийн ил тод байлгах тухай олон хүн хэлжээ. Иймд сайтуудаар Наранбаатарыг "төсвөөс төрсөн тэрбумтан" гэж дурьдагдсаныг сайтар шалгаж үнэн худлыг батлах хэрэгтэй биш үү.

Бас энэ байгууллагын олон жил ажилласан гавьяатай хүмүүс Наранбаатар ерөнхий ня-бо-гоос эхлэн гол гол ажилд хавсай хамаа тавьж наад зах нь гэхэд зөвлөлтийн хүч хөрөнгөөр баригдсан байшин байрны цонх шилийг вакумжуулна гэдэг нэрээр мөнгө угаагаад байна гэж яриад байна. Иймэрхүү яриа өрөө тасалгаа бүхэнд шивэр авир хийж Наранбаатар нь цаг цагийн удирдах зөвлөлийнхөө гол гол хүнийг ийш тийш нь гадаад орнуудад дагуулж түүнийхээ хүчинд тогтоод байна гэж хаа хамаагүй холын хүн хэлээд байна.

Үндэсний Радио, телевизийн дотор бугшсан буруу гажуу явдлыг соргогоор харж залруулах гэсэн туршлагатай хүн рүү ч бууны нохойнуудаа турхирч халж хөөчихөөд манай хамт олон 200 хүн асуудлыг босгосон, би зөвхөн гарын үсгээ зурсан гэж цөөвтөр бүтэлгүй хүний асуудлыг ажилсаг авьяаслаг хамт олонд нөмөргөөд сууж байна.

Радио, телевизийн хамт олон бол урьд ч, одоо ч түүхэн гавьяатай хүмүүс. Тэр агуу их хамт олны амжилтаар энэ этгээд нүүрээ тахлах гэж үү.  Урьд нь Мөнхтөр, Өвгөнхүү, Мятав, Чойжил, Пүрэвжав гээд сайн сайн дарга нар байсан.

"Том төрөөс ухаалаг төр рүү" гэдэг зөвөлгөөнд оролцогчдын зарим нь "Өнөөдрийн бидний ярилцах сэдвийг үзэхэд тунгалаг ухаалаг төрийг бий болгоход хэвлэл мэдээллийн үүрэг ямар байх ёстой вэ, олон нийтийн радио, телевиз...... хуульд заасан нийгмийгхөгжүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн үндсэнг зорилгод уялдуулан нэвтрүүлгээ хийх шаардлагатай байна.

Ийм шаардлага хүсэлт боломж нөхцөл техник, технологи интернетийн цаг эринд энэ Наранбаатар шиг оюун билиг хомс, хэл соёл мулт, эрдэм ухаан таг, нийтлэг биш дэндүү хавсай талын хүнийг гол хэвлэл мэдээллийнхээ толгой тэргүүнд тавьчихаад байх нь төр засагт ч, ард түмний оюун сэтгэлд ч хэр зохимжтой вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч төсөрхөн аймгуудын дарга нарт хандан чуулган дээр хувийн хэвшлийг хэр дэмжиж байна гэдгээр та нөхдийн ажпыг дүгнэнэ гэх шиг болсон.

Харин нэг уйчлал гуйхад "Баян Монгол" чөлөөт нэвтрүүлгийн программыг өргөн нэвтрүүлгээр явуул гэсэн малчдын хүсэлтийг Радиогийн захирал, сэтгүүлч, түүхч Цэрэн-Очирт хандахдаа бүх юмыг энэ нөхөр боогоод байна гэж андуураад хатуухан үг зориуд дөрөө чангалж байгаад хэлчихсэндээ уучлал гуйж байна.

Миний Засгийн газарт барьсан хүсэлт бол "Баян Монгол" студийг нээж явуулах мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг баримталж төр засгийн төсөвт Үндэсний телевизэд долоо хоногт нэг удаа "Хэл, хил, мал гурав" нэртэй теле нэвтрүүлэг явуулахад анхаарал тавина уу гэсэн өчүүхэн хүсэлт байсан.

Манай нийгэмлэг арван сая малыг олж өгсөн гэх судалгааг хэлээд эцэст нь төр засаг ард түмний дуу хоолой сэтгэл санаа, ажил хэргийн толь болсон мэдээллийн гол байгууллага хүйтэн коммунист араншингүй, нийтлэг олонлог үзэл бодолтой, ажил хэрэгч шударга шулуун, эрдэм боловсролтой, хэл соёлтой хэн нэг хүнээ дэвшүүлэн томилж өгнө үү гэдгийг хүсье.

Бас энэ Радио, телевизийн улсын хороонд авьяас билиг, эрдэм чадалтай амьдралыг гүн гүнзгий ойлгосон сайн сайхан гавьяатай зүтгэлтэй олон сайхан хүмүүсийг миний бие арван шигээ мэддэгийн хувьд хайр хүндэтгэл хүргэе.

Би Наранбаатар гэгчийн өрөөнөөс хаалгыг нь саваад гарахдаа "Муу новш минь, чамд хугацаа цаг бий шүү" гэж хашгиран хэлсэндээ хүрнэ. Энэ бол танхайрал биш, буруу гажуу явдалтанд хэлэх ёстой үг. Наранбаатар шиг иймэрхүү дарга нарыг шүүмжлэх улс оронд хэрэгтэй ажил шүү.

Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, Сүхбаатарын одонт яруу найрагч, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, ариусган эрүүлжүүлж, бэлчээр усыг тордон тэтгэх Монголын нийгэмлэгийн Ерөнхий тэргүүн Зундуйн ДОРЖ