sonin.mn

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 04 сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон.

Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ.

Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр дараахь долоон аж ахуйн нэгжийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх  саналыг тус яамд хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар тус ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1. "Нэмүт" ХХК - БЗД-22-р хороо Зүүн алтан өлгий АТП-2183 дэд станцын зүүн талд

-Гэрээнд заасан  үүргээ биелүүлээгүй, ажлаа хаяж явсанаар гэрээ цуцлагдсан. Алданги тооцож 3.990.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Үлдэгдэл хөрөнгө 11  сая төгрөгөөр ажлыг УБЦТС ХК-ний Зүүн түгээх сүлжээ төв  гүйцээж дуусгасан байна.

2. "Мот металл "ХХК -БЗД-ийн 27-р Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн байрны барилга байгууламжийн угсралтын ажил.

-2011 онд "Мот металл" ХХК -тай 307.5  сая төгрөгөөр ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Захиалагч байгууллагаас хянан баталгаажуулж ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэж тус компанид 180.0  сая төгрөгийн санхүүжилтийг олгосон . Гэтэл геологийн дүгнэлт , зураг төсөв алдаатай байснаас шалтгаалан хөрсний ус их хэмжээгээр гарч , ажил гүйцэтгэхэд хүндрэл үүссэн байна. Тус шалтгаанаар "Мот металл" ХХК ажлаа хийлгүй орхисноос гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд захиалагчийн зүгээс гэрээг цуцлан "Боршоон ундраа" ХХК-иар үлдэгдэл ажлыг 303.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Ажил дууссан боловч хөрсний ус зоорь луу нэвчиж байгаа тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.Өнөөдрийн байдлаар барилгыг ашиглалтанд авах боломжгүй болоод байна.

3. "Асати Монгол" ХХК -ЧД, Агаарын тулгуур баганат технологиор мөсөн гулгуурын талбай бүхий спорт цогцолбор байгуулах барилга угсралтын ажил.

Зөрчил:

-Сангийн сайдын 135-р тушаалын дагуу урьдчилгаа төлбөрийн банкны баталгааг үндэслэн санхүүжилт 270.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.ЧД-ээс тус ажлын гэрээг цуцалж 2012 онд шүүхэд хандсан.2014 онд мөн дахин нэхэмжилсэн байна. Иймд батлагдсан хөрөнгийн үлдэгдэл болох 630.0 сая төгрөгийг төсөвт буцаан татсан

4. "Номгон Хайрхан "ХХК - Эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн тэргүүний дэвшилтэт цахилгаан зуух, цахилгаан болон хийн халаагуурыг гэр хороолллын айл өрхөд нэвтрүүлэх /цахилгаан зуух/.

Зөрчил:

-Сангийн сайдын 135-р тушаалын дагуу захиалагч байгууллагаас ирүүлсэн албан бичиг,  урьдчилгаа төлбөрийн банкны баталгааг үндэслэн санхүүжилтийг олгосон. Тус компани гэрээг хэрэгжүүлээгүйн улмаас цуцалж, Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013.06.25- ний 1/351 тоот нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-т "Хариуцагч нь Хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг , эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд хандана " гэж заасан бөгөөд хариуцагч  компани нь Баянхонгор аймаг, Номгон 1-р баг байдаг бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн харъяалал зөрчсөн байх тул татгалзсан байна.  Захиалагч байгууллагын зүгээс одоог хүртэл тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн байна.

5.  "Монгол асфальт" ХХК - Улаанбаатар хотын авто зам барилга, засварын ажилд хэрэглэгдэх асфальтбетон нийлүүлэх гэрээ.

Зөрчил:

-2012 онд Нийслэлийн Автозамын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд хэрэглэгдэх асфальтбетон хольц нийлүүлээгүй байна. Үлдэгдэл асфальтбетон хольцыг нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг "Монгол асфальт" ХХК-д удаа дараа шаардсан. Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулж байгаа.

6. "Товуу засаг " ХХК - Багануур дүүргийн 26-27 дугаар байрны дундах тохижилтын ажил.

Зөрчил:

-Ажлын гүйцэтгэл 70  хувьтай дутуу орхин сураггүй алга болсон. Хаяган дээрээ байхгүй.

7. "Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг" ХХК болон туслан гүйцэтгэгч "Бэрх зараа" ХХК - 22-ын Товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт  

Зөрчил:

-Гэрээт хугацаандаа ажлаа дуусаагүй, ажил чанаргүй хийгдсэн.