sonin.mn

Н.Алтанхуяг сайдын “Ерөнхий сайд 30 минут” уулзалтын үеэр хэлсэн зарим нэг үг олон хү­ний “гижгийг” хүргэсэн бололтой. Нэг хүний гижиг нь хүрээд ч тэр үү гэнэт гараад ирэв үү.

Өчигдөр олон сэтгүүлч АТГ ийм даргатай бил үү хэмээн асуутал тэр мартагдах шахжээ. Хүмүүсийн цээрлэн хэлдгээр гурван үсэгтэй газар буюу АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй биш нөхөр.

Харин Ерөнхий сайд “Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдээлэл хийс­ний дараа “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.  Тэрбээр  дээрх үгийг “Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш. Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож байна” хэмээсэн нь олны анхаарлыг татаж байгаа бололтой. Би ч биш бид гэж ярьсан нь бүр сонирхолтой. Сэт­гүүлчид бид хэзээний л ийм зантай улс.

Аль нэг анхаарал татсан эрхмийн санаатай, са­намсаргүй үг, түүнийг өлгөж авсан, эсвэл өөрийнхөөрөө тайл­барлаж бай­гаа хүмүүсийн далд санаа нь юу болох, энэ үгээ­рээ юу хэлэх гэснийг нь ухаж төнхөж байдаг зантай улс. Дээрх ярилцлагын эхний бо­лон төгсгөлийн хэсэгт АТГ-ын ажлын үр дүн, хууль эрхзүйн та­лаархи асуудлыг хөндсөн бай­сан ч дунд хэсэгт байгаа Ерөн­хий сайдын хэлсэн үг, мөн Д.Сугарын хэрэгтэй холбоотой хэсэг анхаарал татаж байгаа юм.

Ерөнхий сайд “АТГ ажил хийлгэхгүй байна” гэсэн үгийг амнаасаа зүгээр ч нэг унагаагүй болов уу. Сүүлийн үед АТГ-тай холбоотой таатай гэхээс илүү таагүй мэдээллүүд их хөв­рөх болсон нь ажиглагддаг. Хэв­лэлүүдээр энэ байгууллагын үйл ажиллагаа аль нэг эрхмийн өөрийгөө шалгуулах гэж өгсөн өр­гөдлийг шалгахаас хэтрэхгүй бай­гаа гэж шүүмжилдэг. Цааш­лаад бизнесмэнүүдийг шал­гадаг, тэднийг хорьдог, цагддаг гэх мэдээлэл ч өдөр өнжихгүй л хэвлэлээр гарах боллоо.

Саяхан гэхэд “Өдрийн сонин”-д “Тэгри сан”-г үүсгэн байгуулагч Х.Анх­баярын эхнэр ярилцлага өгч, ямар ч баримтгүй, нотолгоогүй атлаа нөхрийг нь баривчилж, хэд хэдэн шорон дамжуулан хорьж, ялыг нь хүлээлгэхийн тулд хэрхэн хүнд байдалд оруулж байгаа тухай ярилцлага өг­сөн нь нэгийг хэлээд байгаа юм. Хүний эрхийн үндэсний ко­мисс ч энэ мэдээллийг ба­тат­гаж, илт­гэлдээ хүчний бай­гууллагууд энгийн ир­гэдийг хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэдэг, мөн хилс хэрэг хүлээлгэх гэж янз бүрээр оролддог хэмээн бичсэн юм билээ.

“Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлж­­­сон хувилбар нь АТГ-ын­хан болжээ” гэдэг нь хэтийд­сэн дүгнэлт байж болох ч биз­несмэнүүдийг ангуучилдаг, мөн улс төрд хуруугаа дүрдэг, улс төрийн хэргийг шийдэхдээ удааширдаг, Засгийн газар, УИХ-ын ажилд шууд биш юм гэхэд шургалаад байгаа гэдгийг нь эдгээр санаатай, санаандгүй хэлсэн үгүүд сануулаад байх шиг.

Өчигдөр өглөө гэхэд л Нийслэлийн удирдлагын шуур­хай зөвлөгөөний хурал дээр Хо­тын захирагч Э.Бат-Үүл АТГ-тай холбоотой хэдэн үг чулуудсан ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүний хэлсэн үгнээс харахаар АТГ чинь амьтан хүнийг айлгаж ичээдэг “нэг тийм” газар бол­чихоо юу даа гэж бодоход хүр­гэснийг нуух юун. Хотын дарга амьхандаа ажилчдаа шударга ажиллахыг сануулсан ч үүндээ АТГ-ыг нэр цохон дурьдаж ярьсан нь улс төрийн амьдралд хуруугаа дүрдэг гэдгийг батлаад өгчихөв үү гэж бодогдов.

Э.Бат-Үүл дарга “Та бүхэн өнөөдөр идэж ууж байж болно. Тэр чинь өнөөдөр ил гарахгүй ч гэсэн хожмоо улс төрийн сонгуульт үйл явдалтай зэрэгцээд өндийж ирнэ. Тэр үед АТГ-ынхан ан­гууч­лаад ирэхээр амаа барих вий. Тэр үед би та нарыг хам­гаалахгүй, өмгөөлөхгүй. Өөрс­дөө л шалгуулаад, идэж уусан бол эдэлдэг ялаа эдэлнэ биз” гэх утга бүхий үг хэлсэн юм би­лээ. Идэж уусныг нь АТГ-ынхан шалгаж болох ч эрх мэдэлтэй, албан тушаалтай, дар­га цэрэг, төрийн албан хаагч гэхгүйгээр мөрддөг, шал­гадаг хачин замбараагүй ажил­ладаг юм уу гэж бодоход хү­рэв.

Тэгээд бас улс төрийн сон­гуульт ажил дөхөхөөр нэг нэгнийгээ шантаажилдаг байд­лыг АТГ-тай холбож ярьдаг нь бас юу вэ гэж бодлоо. Уг нь АТГ-ын дарга Н.Ганболдын хэлснээр АТГ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, ха­раат бус бие даасан. Хууль са­хиулах, хэрэгжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хараат бус, хэн нэгэн албан тушаалтанд аж­лаа тайлагнадаггүй байгуул­лага. Энэ үүргээ л биелүүлээд ажил­лачихдаг бол бүх зүйл “ок” болно.

Хэн дуртай нөхөр хэв­лэлээр элдэв юм яриад явахгүй шүү дээ. Улстөрчдийн хэргийг илрүүлээд шийдсэн шиг шийдчихдэг болохсон гэж хүн бүхэн хүсч байгаа. Бас нэг зүйл хэлэхэд АТГ байгуулагдсанаар бас ч гэж авлига буурсан байх магадлалтай. Хэн хүнгүй айж байна гэдэг нэг талаар муу зүйл биш байх. Харин гэмгүй хүмүүсийг айлгадаг газар  бит­гий болчихоосой гэж ярьдаг нь учиртай.

Ерөнхий сайд, Н.Ган­болд дарга хоёрын хэвлэлийн “тулаан”-д бас нэг учиг нуугдаж байгаа гэж ажиглагчид яриад байна. Үнэн худал нь бүү мэд. Цаг хугацаа харуулах биз. Н.Ган­болд дарга МАН-ын дарга М.Энхболдтой ураг төрөл, са­дан төрлийн сүлбээтэй учраас Н.Алтанхуяг сайдаар оролдоод байна гэсэн бор шувуу ч чихний хажуугаар өнгөрсөнгүй.. МАНАН байгуу­лах санаархлын нэг хэсэг гэж ха­рах нь ээ, бас. Улс төр өө гэж.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn